Хүүхэд залуусыг эх оронч сэтгэлгээтэй, түүх соёлоо мэддэг иргэн болгож хүмүүжүүлэх зорилготой “Эх түүхээрээ аялцгаая” аянг Монголын үндэсний музей эхлүүлэхээр болжээ. Арав, арваннэг, арванхоёрдугаар сард Монголын түүхэнд чухал нөлөө үзүүлсэн хэд хэдэн үйл явдал тохиосон байдаг. Тиймээс тус музейнхэн эдгээр түүхэн явдлын ач холбогдолыг танилцуулж, хүүхэд, залууст мэдээлэл өгөх зорилгоор хөнгөлөлттэй үнээр музейгээ үзүүлэхээр болжээ. Аян аравдугаар сарын 8-наас арванхоёрдугаар сарын 31 хүртэл үргэлжилнэ. Энэ үеэр Монголын үндэсний музейн ажилтнууд лекц, хэлэлцүүлэг зохион байгуулахаас гадна 12 хүртлэх насны хүүхдэд үнэгүй, 12-18 насныханд 600 төгрөгийн тасалбараар үйлчлэх юм. Түүнчлэн хосын тасалбар 4000, гэр бүлийн тасалбар 6000 төгрөг болж хямдрах аж.
Бүх нийтийн санал асуулга
1945 оны аравдугаар сарын 20-нд Монгол Улс бүх нийтийн санал асуулга явуулж, Дундад иргэн улсаас тусгаар тогтносон гэдгээ нотолсон юм. Санал асуулга тухайн өдрөө дуусч, 30-нд протокол үйлдэл, Засгийн газрын тогтоол гарган ЗХУ болон дундад иргэн улсын засгийн газар хүргүүлсэн байдаг. Улмаар 1946 оны нэгдүгээр сард Хятадын Гадаад явдлын яамнаас маршал Х.Чойбалсанд “Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байгаагаа баталсан ноот бичиг ирүүлжээ”.
Үндэсний бахархлын өдөр
Хоёр жилийн өмнө Чингис хааны мэндэлсний 850 жилийг ойг тохиолдуулан их хааны төрсөн өдрийг буюу арваннэгдүгээр сарын 23-ныг Үндэсний бахархлын өдөр болгон тэмдэглэхээр болсон. Энэ өдөр монгол хүн бүр эх орон, ард түмэн, эзэн хаан, түүх шастираараа бахархаж гэр бүлийнхэн болон хүүхдүүддээ үндэсний соёлын уламжлалаа танилцуулахыг уриалсан байдаг.
Анхдугаар үндсэн хууль баталсан өдөр
БНМАУ-ыг тунхаглан, улсын анхдугаар Үндсэн хуулийг баталсан энэ өдрийг бид Улс тунхагласны баярын болгон тэмдэглэж ирсэн. Анхдугаар үндсэн хууль батлагдсанаар Монголын түүхэнд анх удаа хаант ёсыг халж, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулснаараа онцгой юм. Ийнхүү Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхаглан зарласан билээ.
Ардчилалын анхны цуглаан
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ныг ардчилалын өдөр болгон тэмдэглэдэг билээ. Энэ өдөр ардчилсан хувьсгалын анхдагчийн Хүүхэд, залуучуудын соёлын төвийн өмнөх талбайд анхны цуглаанаа хийж МАХН-ын Төв хорооны YII бүгд хурал, БНМАУ-ын АИХ-ын YIII чуулганд хандаж 13 зүйл бүхий улс төрийн шаардлага өргөн барихаар болсноо олон нийтэд зарласан түүхтэй.
Үндэсний тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр
1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд монголчууд Манж гүрнээс салж, бие даан тусгаар тогтсоноо дэлхийн дахинд албан ёсоор зарлаж YIII Богд Жавзандамба хутагтыг Монголын эзэн хаанаар өргөмжилсөн.