Монгол Улсын Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч, ардын жүжигчин Цэндийн Батчулуун гуай яаралтай элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэх шаардлагатай болсон тухай бид өмнө нь мэдээлсэн. БНСУ-д 250-300 сая төгрөгөөр хийлгэх энэ хагалгааны зардлыг олох зорилготойгоор “Эгшгэн өргөл” аяныг Монголын соёл, урлагийн салбарынхан эхлүүлээд буй. Энэ хүрээнд энэ сарын 20-22-нд Соёлын төв өргөөнд “Эгшгэн өргөл” тоглолт хийхээр болсон. Тэгвэл АНУ болон Японд ажиллаж, амьдардаг Ц.Батчулуун гуайн шавь нар санаачлан тус улсуудад хандивын тоглолт хийж багшдаа туслахаар болжээ. Монголд гурван өдрийн тоглолт хийж, бүх тасалбараа борлуулсан ч хагалгааны зардлаа бүрэн цуглуулах боломжгүй юм билээ.
АНУ-ын баруун эрэгт ажиллаж амьдарч буй түүний шавь на болон уран бүтээлийн андууд нь хамтран аравдугаар сарын 25-нд , Оакланд хотын Ажаа гэгээний төвийн байранд “Сэтгэлийн дэм” хандивын тоглолт хийхээр болжээ. Мөн Японд ажиллаж амьдардаг морин хуурч А.Бат-Эрдэнэ ирэх сарын 1-нд Токио хотноо тоглолт зохион байгуулж, орлогыг нь багшдаа хандивлахаар болсноо мэдээллээ.
Уншигч та бүхэн, монголын урлагийн салбарын хүндтэй төлөөлөгч, эрхэм зүтгэлтэнд дэм болж, хандив өргөхийг хүсвэл ХААН банк 5031089680(төгрөгийн), ХХБ 404187482(валютын) данс руу шилжүүлэг хийгээрэй.