Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын 25 жилийн ойд зориулсан цуврал тоглолт өнгөрсөн баасан, бямба, ням гаригт боллоо. Эхний өдөр бүжиг ангийнхан СУИС-д ардын бүжгийн лекц тоглолт хийж, дараа нь “Түмэн эх” чуулгын байранд хөгжимчид, ням гаригт Соёлын төв өргөөнд дуучид тоглолт хийсэн юм.Мэргэжлийн урлагийн байгууллагуудын олонх нь улсын төсвөөс санхүүжилт авч, шинэ уран бүтээл хийж, уран бүтээлчдээ цалинжуулдаг бол “Түмэн эх”-ийнхээ өөрсдийнхөө орлогоор уран бүтээлээ туурвиж, басхүү язгуур өв соёлоо түгээн дэлгэрүүлсээр яваа билээ. Энэ чуулгын үе үеийн бүжигчид авьяаслаг төдийгүй онцгой дэглэлт, донжтой бүжгээрээ алдаршсан билээ. Гавьяат жүжигчин Ц.Чимэдцэрэнгийн удирдлагад бэлтгэгдэн, багшийнхаа урлалыг үргэлжлүүлсээр яваа бүжигчдийн тоглолт алга ташилт, урмын үгээр бялхсан.Харин уржигдар Соёлын төв өргөөнд болсон дуучдын тоглолт үзэгчдээ Алтайн өндөр уулс, дорнын тал, говийн нутгаар аялуулсан. Энэ чуулга мэргэжлийн найман дуучинтай. Тэд нийлээд дуулбал найрал, нэг нэгээрээ дуулбал уртын болон ардын дуучин болчихдог. Гоцлоочид хамтдаа дуулах нь ховор хэдий энэ найман хоолой хоорондоо гойд нийцдэг ажээ. “Түмэндээ өргөх Түмэн эхийн түрлэг” тоглолтод гавьяат жүжигчин Ц.Үенч оролцож, үзэгчдийн алга ташилтын мялаан хэдэнтээ дахиж дуулсан. Мөн тус чуулгын уртын дуучин Б.Мөнхбаатар Хүрээ манераар “Лоолой” дуулж үзэгчдийг шуугиулсан.С.Нэргүй, Н.Нямгэрэл, Г.Бямбажаргал, Ц.Дашцэрэн, Б.Мөнхбаатар, Т.Нарангэрэл, Н.Бүжин нарын хамтран дуулсан морины тухай дууны цоморлиг болон “Баянмонгол” тун сайн найруулгатай сонсогдсон. Бага хүчээр ихийг амжуулж, язгуур урлагийнхаа яндашгүй арвин санг хадгалж, хамгаалан, түгээж яваа “Түмэн эх” чуулгынхан ойн баярынхаа нэгдсэн тоглолтыг энэ сарын 24-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт хийх юм билээ.