Энэ цаг үеийн шилдэг уртын дуучдын нэг, “Түмэн эх” чуулгын дуучин Батсуурийн Мөнхбаатартай ярилцлаа.
-“Түмэн эх” чуулгад хэдэн жил ажиллаж байна вэ?
-Долоон жил болжээ.
-Уртын болон ардын дуу дуулаачдын уралдаан болоход Б.Мөнхбаатар заавал шагнал хүртэх юм. Хэдэн уралдаанд түрүүлчихэв ээ?
-Ж.Дорждагва гуайн нэрэмжит уралдаанд хоёр удаа түрүүлсэн. С.Дамчаа гуайн нэрэмжит уралдааны тусгай байрын шагналтай. Ардын хошин дуу дуулаачийн уралдаанд түрүүлсэн. Хамгийн сүүлд Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Л.Цогзолмаа гуайн нэрэмжит уралдааны хоёрдугаар байр эзэлсэн.
-Гэхдээ түрүүлэхээр сайн дуулсан шүү дээ.
-Уралдаан бол уралдаан шүү дээ. Дараа нь ийм зүйл ярих хэрэггүй л дээ.
-“Лоолой”-г үнэхээр сайхан дуулсан.
-Энэ бол Ж.Дорждагва гуайн манер л даа. Хүрээ манер гэсэн үг. Би МҮОНР-гийн фондыг их ухдаг л даа. Боржигон, баян бараат, төв халх уртын дууны аяыг олж, сурах эрмэлзлэлтэй. “Лоолой”-г ч гэсэн байдаг л хэлбэрээр нь дуулаад байвал тиймхэн шүү дээ. Фондоос М.Дугаржав гуайн нэлээд хэдэн дууг олж авсан. “Лоолой”-г Дорждагва гуайн дуулснаар нь хадгалж байна. “Сандуйтай мод”-ыг их олон янзаар дуулсан байдаг. Тэдгээрийг сонсож байна. Сүрэнхорлоо гуайн дуулсан хувилбар нь ч байна. Уртын дууг хөгжүүлнэ гэж ярих нь өрөөсгөл ойлголт шиг санагддаг юм. Уртын дуу бол хэдийнэ хөгжөөд төрхөө олчихсон. Гурван түрлэг уртын дуу дуулахад 40 минут болно шүү дээ. Норовбанзад, Дорждагва гуай уртын дууг концертын хэлбэрт оруулж богиносгож дуулаад, бид одоо тэр хэлбэрийг нь үргэлжлүүлж байна. Тиймээс хөгжүүлнэ гэхээс илүү түгээн дэлгэрүүлж, сурталчлах нь бидний үүрэг.
-Таныг судалгаа байнга хийдэг гэх юм билээ. Лоолой нь явсаар байгаад гахай биш хүн болж таарсан гэж дуулсан.
-Лоолой нь гахай биш юм билээ. Манж, хятад хүмүүсийг егөөдөж, шоолж хэлсэн нэршил юм байна.
Баруунхан тариан дээр очлоо доо
Паалантай ээмгээ гээчихлээ дээ хө
Бага залуу насандаа
Бардаж явдаг хорвоо юу даа хө гэж байгаа .
Баруун тарианы хаана ч юм хаясан ээмгийг авч өгдөг бололцоо байдаг юм уу гэж Лоолойдоо дуулж байгаа хэрэг. Тэр Лоолой нь аваад л өгдөг байх нь. Тэгтэл цаг эргээд хятадууд нутаг буцахад, ээмэг авахуулдаг хүүхнүүүд нь
Зүс муутай гахайнууд нь
Зүгээн буруулаад хайчлаа даа хө
Лоолой, Лоолой, Лоолой хө
Лоолойгоо дуудаад дуудаад алга аа гэж дуулж л дээ. Зүс муутай гээд л мөн нөгөө хэдийгээ егөөдөөд байгаа нь тэр. Монгол ардын богино дуунуудын ихэнх нь Манжийн дарлалын үед зохиогдсон байдаг. Янлин хуар, Дүүжи хуар, Юндэн гөөгөө гэж байна. Гөөгөө гэдэг нь ах, хуар гэдэг нь цэцэг гэсэн үг юм билээ. Тэр ч бүү хэл, “Амрагхан Лүүпүүгийн минь аваад өгсөн цалин цагаан мөнгө өө хө” гэсэн үг бий. Одоо иймэрхүү үгийг нь өөрчлөөд дуулдаг.
-Уртын болон ардын дууг нутаг усных нь нэрээр ярих нь бий. Бас ард түмний дундаас төрсөн гэдэг. Яг зохиогч нь тодорхой дуунууд хэр олон бэ?
-Байгаа. Жишээлбэл, “Ар хөвч”-ийг Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Балдан засгийн хошууны Хөхөө Намжил гэдэг хүн зохиосон гэдэг. Тэр хүн Тогос бор гэдэг морьтой байгаад харуулын албанд орж, нэгэн бүсгүйтэй ханилаад тэр дууг зохиосон гэх. “Дөрвөн настай халиун” бас домогтой. Барамсайн Сэрээтэр гэдэг хүн То вангийн Алим гэдэг хатантай сэм уулздаг болоод, ванд баригдаж баргын хошуу руу оргосон байгаа юм. Тэгээд л
...Тавилан муутай чивчин баргатай
Танилцсан миний заяа байж ...
...Буцаад харъя гэхээр
Буцмал Алимаагаас айгаад байна... гэж дуулсан гэдэг. Дуу болгон түүхтэй. “Түмэн эх” бол хурдан морины тухай домогтой. “Үлэмжийн чанар”, “Урьхан хонгор салхи”, “Жаргалтайн дэлгэр”-ийг Говийн ноён хутагт Данзанравжаа зохиосон хэмээн судлаачид бичсэн байгаа. Энэ бүхнийг мэдэж, ойлгохын тулд ном л их уншиж байна даа.
-Одоо бидний сонсож, дуулж байгаа уртын дуунаас хамгийн эртнийх нь аль юм бол?
-Эзэн Чингис хааны төрийн дуулал байсан “Эртний сайхан”-ыг нэрлэж болно. XIII зуунд уртын дууны хөгжил их өндөр түвшинд хүрсэн гэдэг. Төгөлдөр хуурч, уртын дуугаар докторын зэрэг хамгаалсан судлаач Дөрвөлжингийн Оюунцэцэг тэгж бичсэн бий. Хүннүгийн үеэс эхтэй уртын дуу ч бий.
Бид одоо ихэвчлэн төв халх аяар дуулж байгаад шүүмжлэлтэй ханддаг л даа. Болбол боржигон, баян бараат, хардал аялгуугаар нь гоё дуулмаар байна. Гэхдээ мэддэг хүн нь цөөрч, радиогийн фондод л гэхэд 1940-өөд оноос хойших бичлэг хадгалагдаж байна. Тэгэхээр одоо Боржигон дууг Өлзийбат, ҮДБЭЧ-ын Эрдэнэцэцэгээс сонсох жишээтэй. Баян бараатаар дуулдаг нэг дуучин Төв аймгийн бөхөг түргэний голын энэ хавиар байсан. Боржигон аяар бол Чингис хааны ордонд дуулдаг байсан гэдэг. Их гоё аялгуутай. Баян бараат нь Богдын ордны шавь аялгуу юм билээ. Тэгэхээр нэлээд хожуу үеийнх байх нь. Төв халх том аялгуутай. Цэцэн ханы аялгуу буюу зүүн аймгийнх их баялаг. Говь түшээ гүний хошуу буюу дундговь аймаг мундаг дуучидтай.
-Энэ цаг үед өөрийн ая, аялгуугаар ялгарч байгаа дуучинг нэрлээч гэвэл...
- Уртын дууны ноён оргил болсон Дорждагва гуай, Норовбанзад гуай, Сэсэржаагийн Дамчаа гуай нарыг бид сонсдог. Түүнээс өмнөх үеийнхэн гэвэл Майдарын Дашринчен, Шүхэрийн хазгар Дамба, Батын Дамдин гээд нэрлэнэ. Энэ үеийн дуучдаас ардын жүжигчин Чимэдцэеэ, СУИС-ийн багш Чулуунцэцэг гавьяат ялгардаг. Бас Дундговийн Дадьсүрэн гэж өвгөн бий. Сайхан залуу дуучид бол олон байна даа. СУИС-ийн багш Батболд, эмэгтэй дуучдаас Болормаа, ҮДБЭЧ-ын дуучин Энхбаатар байна.
-Г.Энхбаатарын хоолой их өвөрмөц тийм ээ?
-Бас сонин хоолой шүү. Хүнд байх л ёстой. Би нэг хэсэг их нарийн дуулсан. Багш нар дургүй, загнаад байдаг юм. Нас ахихын хэрээр хоолой нарийн дуугардаг гэнэ л дээ. Байшингийн суурь сайн бол бат бөх байдагтай ижил суурь өнгө сайн байх ёстой гэж багш нар үздэг. Дээр дуулах өөрт их амар байдаг л даа.
-Та хэний шавь билээ?
-Би Цэрэнгийн Чулуунцэцэг, Өөдөсийн Базарбат гэж алдартай хүмүүсийн шавь. Хөдөө мал маллаж байгаад цэрэгт яваад, буцаад нутагтаа амьдарч байлаа. Сумандаа барилдаж, түрүүлсэн сумын заан цолтой. Гэхдээ шальтай ч барилдаж чадаагүй ээ. Энгийн л малчин айлын хүүхдийг дуучин болгосон хүмүүс шүү дээ, тэд маань. Би эхээс 13-уул.
-Өнөр айл байна шүү. Аль нутгийх билээ?
-Хөвсгөл аймгийн Их уул сумынх.
-Үзэсгэлэнтэй сайхан нутаг шүү. Тэр том хээлсэн хайрханаар л Их уул сумыг төсөөлж байна шүү.
- Тийм ээ. Их сайхан хайрхан. Бас догшин хайрхан гэлцдэг. Би ээжийгээ 40 нас, аавыгаа 50 гарсан хойно төрсөн хэнз хүүхэд.
-Бага нь юм уу?
-Үгүй ээ. Нэг дүүтэй. Манайх долоон банди, зургаан охинтой айл. Намайг долоон настай байхад миний аав бурханд очсон. Тэрнээс хойш малаа маллаад нутагтаа амьдарч байлаа.
-СУИС-д нэлээд хожуу сурсан уу?
-Цэрэгт явж, ирээд, мал маллаж байгаад сурсан гэхээр хожуу.
-Нэг жилийн цэргийн алба уу?
-Нэг жил цэргийн алба хаагаад нутагтаа очоод барилдаж байгаад зүүн тохойгоо булгалчихсан. Тэгтэл манай нутгийн бөх, улсын начин Баттулга ах намайг дагуулж хотод авчраад СУИС-д шалгалт өгүүлсэн. Тэр үед би “Эрдэнэ засгийн унага” ч үгүй хүүхэд байлаа.
-Тэр хүн дуулах авьяасыг тань олж харж дээ.
-Тийм ээ. Намайг урлагт хөтөлсөн, энэ амьдралд минь хүргэсэн олон хүн бий. Тэднийхээ тухай би ярих дуртай. Бага ангийн багш Доржсүрэн маань миний хоолойг олж нээсэн. Тэгээд би наймдугаар анги төгсөөд мал дээр гарлаа. Тэгтэл сургуулийн захирал Эрдэнэдаваа намайг сургууль төгс гээд эчнээгээр сургаж, ангийн багш Гомбожав, Батцэцэг нар миний өмнөөс надад санаа тавьж бүрэн дунд боловсролтой болгосон. Дараа нь Баттулга начин намайг СУИС-д оруулж, Чулуунцэцэг багштай минь учруулж, уртын дууны эрдмийг сургасан.
-СУИС-д орохдоо дуулж шалгуулсан биз дээ.
-Аятайхан хоолойтой, хөдөөний хүүхэд байна гээд тэнцүүлсэн байх. Гэхдээ сахилга бат тааруу, гоо зүй талдаа эвгүй байсан байлгүй. Намайг уртын дуунд дурлуулсан хүн бол миний багш Чулуунцэцэг гавьяат. Амьсгааны талаар бол Базарбат гавьяат их юм хэлж өгсөн дөө. Энэ хоёр хүн намайг уран бүтээлч болгосон ачтан. Ардын болон уртын дууныхаа тухай уншиж, судлаад учрыг нь олох гээд хичээж л явна. Суралцаж байгаа мэргэжлийнхээ тухай мэддэг байх ёстой. Уртын дууны ном цуглуулж, фонд ухаж, хүнтэй уулзаж гүйх хэрэгтэй. Би дөрвөн хүүхэдтэй л дээ. Бас л шуугиантай шүү. Орой хүүхдүүдээ унтуулчихаад, буцаж босоод, чихэвч хийгээд дуугаа сонсоно. Ардын дууны талаар бол Үенч гавьяатын нөхөр Балданцэрэн ах их зүйл хэлж өгдөг. Бас Батнасан, хөгжмийн зохиолч Эрдэнэчулуунаар заалгаж байна. Би хүний хэлснийг мартдаггүй. Хүлээж авдаг. Гэхдээ бас сонссоноо дагах гээд байдаг талтай. Түүнээсээ болж шүүмжлүүлдэг.
-“Түмэн эх” чуулгад яаж ажилд орсон бэ?
-Нэгдүгээр курсээ төгсөөд хөдөө мал руугаа явчихлаа. Тэгсэн багш утасдаж байна. “Энд дуучин авна гэнэ. Хүрээд ир” гэлээ. 40-өөд хүүхэд шалгуулж, би хамгийн өндөр оноо авсан. 25 настай байж шүү дээ. Гэхдээ таг хөдөөний хүүхэд. Алхаа гишгээ гэж авах юм байхгүй. Тэгээд толгой дээрээ зузаан ном тавьж алхаж дасгал хийгээд л сурч эхэлсэн дээ.
-Тайзны алхааг дуучдад бас тэгж заадаг юм уу?
-Тийм. Үенч багш тэгж заадаг байлаа шүү дээ. Уртын дуучин болох бас сонин шүү дээ. Хориотой зүйл ч бас бий. Тухайлбал чихний цагаан хулхи аманд нь орсон хүн дуулж чаддаггүй гэсэн үг бий. Мөн оймс нь хуурай байх ёстой. Хамгийн чухал нь сэтгэл. Би гэр рүүгээ явахдаа “Бөмбөгөр” худалдааны төвийн хажуугийн замаар өнгөрдөг юм. Тэнд Бэтүб хийд байдаг шүү. Хийдийн гадна талд
Хэн намайг үгээр доромжилно
Хэн намайг үйлдлээр гутаана
Хэн намайг сэтгэлээр хорсоно
Тэр болгон гэгээрэх болтугай гэж бичсэн байдаг. Би зөв юм бодож, зөв л амьдаръя гэж боддог. Бага байхдаа нэг үе лам болно гэж бодож ч байсан. Бас уртын дуу дуулсан хүний сэтгэл сайхан болдог юм шүү.
-Бараг л маани уншсантай ижил гэж үү?
-Эрт дээр үед “Түмэн эх”-ээр заслаа хийж байсан гэдэг. “Манайх Гомбо гэдэг шүтээнтэй таван тахил дуулж өгөөрэй” гэдэг айл ч байсан юм билээ. Тэгэхээр нь “Дуртмал сайхан” дуулах жишээтэй.
-Уртын дуучин болоогүй бол энэ урлагт дурлаагүй бол... гэж бодож үздэг үү?
-Би шөнө уртын дуу дуулж байна гэж зүүдлээд дуулаад сэрж байсан хүн шүү дээ. Хүмүүс намайг Мөнхбаатар дэгсдүүлж байна л гэх байх. Миний охин “Хөөе, аав” гээд сэрээж байсан юм. Хөдөөний жирийн л малчны хүүхэд уртын дууныхаа буянаар орон гэртэй, унах унаатай, найз нөхөдтэй болж гавьяа шагнал хүртэж, гадаад улс руу явж байна. Одоо би амьдралаа уртын дуугүйгээр төсөөлөшгүй. Дуу бол миний амьдрал. Залуу байгаа болохоор Монгол ардын урт болон богино дууг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах үйлсэд чадахаараа л зүтгэнэ. Уртын дууны энэ олон дэг сургуулиар дуулж үзэж, нэг дууг нутаг нутгийн барилаар дуулж, бичүүлээд цомог гаргахыг хүсдэг.
-Хойд зүгийнхэн буюу Хөвсгөлөөс нарийн хоолойтой дуучин их төрдөг гэлцдэг. Зүүн аймгаас хүнгэнэсэн хоолойтой дуучид төрдөг. Уул, усны онцлог нөл өөлдөг байх даа.
-Яг шүү. Хөвсгөл болон баруун аймгийн дуунууд нэг уулын оройгоос нөгөөд хүрэхүйц тас тас гэж буудаг. Говь чигийн дуунууд доод өнгөнөөсөө эхлээд буцаад өгсдөг. Тэгэхээр дуучид нь яг л тийм хоолойтой байдаг хэрэг.
-Дархад дуу дуулдаг уу?
-Оролдоод л, сонсоод л байна. Дархад дуунууд цовоо, сэргэлэн гэмээр хөнгөн хэмнэлтэй, егөөдсөн шүлэгтэй байдаг.
-Бас аялгуу нь нугалаа ихтэй, нэг өвөрмөц санагдсан.
-Дархад дуу ойж, буугаад байгаа цаанаа л нэг цоглог байгаа нь тэдний зовлон туулаагүй, сайхан амьдралтай нь холбоотой. Гэтэл буриад дуу цаанаа л нэг гуниг, гутралтай шүү дээ. Би нэг дархад хүнтэй ярилцаж байтал “Зугаалах уу” гэж асуулаа. Би “Энэ нөхөр надтай хаашаа зугаалах гэсэн юм бол” гэж бодоод дагаад алхтал манай гэр рүү яваад орчихлоо. Тэгтэл ярьж суухыг зугаалъя гэдэг юм байж. Сайн судалж, мэдэж, үндэстэн ястан болгоны соёлтой танилцахгүй бол онигоо болох юм билээ шүү.
-Тайзан дээр дуулж байхдаа юу олж хардаг вэ. Үзэгчдээ хардаг уу, төсөөлөн бодож дуулдаг уу?
-Нүдээрээ зур гэж багш нар хэлдэг. “Түмэн эх” дуулж байгаа бол хэрхэн дуулах өнгөө бодож, давхидаг хэсэг дээр хэрхэхээ бодно. Түүнээс биш би хоолой сайн байна уу, үгүй юу. Хүн юу гэж байгаа бол гэж боддоггүй ээ. Дуулах сайхан шүү дээ, цаанаа л таашаалтай.
-Огт сандардаггүй юм уу?
-Ёстой үгүй. Сая Л.Цогзолмаа гуайн нэрэмжит уралдаанд оролцож байхдаа унтаад хоцрох шахсан. Урьд шөнө нь хүүхэд жаахан уйлагнасан болохоор “Яасан юм бол доо” гэж бодож суугаад унтчихаж. Тэгтэл урд талын эгнээнд сууж байсан хүн “Хүүш, чи гараач” гэж сэрээсэн.
-Мэргэжлийн дуучдын хоолой нас ахихаараа савлагаатай болчихдог юм билээ. Уртын дуучдынх бол тэгэхгүй юү?
-Гамтай байвал гайгүй дээ.
-Өдөрт хэдэн цаг дуулна гэсэн хэмжээ байх уу?
-Байхгүй ээ. Зөв амьсгаатай, өөртөө зовиур багатай дуулбал хамаагүй шүү дээ.
-Уртын дуучид лаа үлээж амьсгаагаа хөгжүүлдэг бил үү?
-Амьсгааны урлаг шүү дээ. Базарбат гавьяат надаар лаа үлээлгэдэг байсан. Бас 32 цагаан лонх тоолуулна. Эвгүй, буруу тоолж, дунд нь амьсгаа авбал загнана. Би багштайгаа хоёр жил хичээллээд, багшийгаа алдсан даа. Надаас олигтой юм байсан бол эртхэн гүйж, очоод сураад одоо байгаагаасаа илүү дуулах ч байсан юм бил үү. Мань мэт нь дуучин болох яагаа ч үгүй байна даа. Одоо л сурах гээд гүйгээд байна. Энэ агуу дуучид цөм л 60 хүрээд дуулсан гэх юм байна шүү дээ.
-Хааяа ноцолдож байна уу?
-“Хөвсгөлийн хүчтэн” дэвжээн дээр найзуудтайгаа очиж гүйдэг юм. Одоо барилдахгүй ээ. Бөхийн амьсгаа, дуулаачийнхаас өөр л дөө. Багш нар ч гэсэн “Чи барилдаад ахих биш хэрэггүй” гэдэг юм.
-Дөрвөн хүүхэдтэй гэсэн. Том нь хэдтэй билээ.
-Би 20 настайдаа аав болсон. Том охин 12 настай. Хоёр хүү, хоёр охинтой. Бага нь гурван сартай.
-Хүүхдүүдээс аавынхаа мэргэжлийг сонирхох, залгамжлах авьяас байна уу?
-Манай хоёр жүдо л их сонирхдог. Улсын баяраар, долдугаар сарын 12-нд төрсөн бага хүүдээ найдлага тавьж байна. Томчууд нь сонирхохгүй нь ээ. Дуучин хүн болохоор залгамжлуулчих хүсэл байх юм аа. -Гэхдээ гэртээ уртын дуу сонсгож, чихийг нь “онгойлгодог” биз дээ. -Манай хүүхдүүд аавынхаа дууг андахгүй мэднэ. Бөх барилдаж байхад цаана нь миний дуу явж байвал “Манай аав байна” гэнэ. Миний аав их сайхан дуулдаг хүн байсан даа. Жаахан байхад хонинд явж байхдаа намайг дуулуулна. Би хадны цаана орж нуугдаад, аав “Монгол Улсын алдарт дуучин Мөнхбаатар дуулна” гэж зарлахад нь би гарч ирээд дуулдаг байлаа. Намайг дуучин болно, сайхан хоолойтой гэж магтдаг байсан. Бас л зөн билигтэй байгаа юм. Намайг ухаан ороход миний аав, ээж хоёр цагаан толгойтой л хоёр хөгшин байлаа. Би бас их гайхдаг байж билээ. Бусад хүүхдийн аав, ээж залуухан байхад манай аав, ээж яагаад хөгшин юм бол гэж бодно. Аав намайг дуулуулж, бас хамтдаа дуулаад магнитофонд бичсэн байдаг. Тэр бичлэг одоо ч бий. Ээж бол дуу мэдэхгүй. Олон хүүхэд төрүүлсэн жирийн л нэг эмэгтэй. Миний ээж 78 настай уугуул нутагтаа амьдарч байна даа.
-“Түмэн эх” чуулга зунжин тоглолттой байдаг болохоор нутагтаа тухтай очиж чаддаггүй байх. Хөдөө ч сайхан шүү, тийм ээ.
-Нутгаа их санана аа. Би ДБЭТ-тэй гэрээгээр “Учиртай гурван толгой” дуурьт дуулж, Бөхийн өргөөнд засуулч хийдэг. “Түмэн эх” чуулга зунжин тоглолттой. Энэ зун гэхдээ нутагтаа очсон. Одоо арваннэгдүгээр сарын 1 гэхэд л нутаг руугаа явна. Ээжийнхээ цайг ууж, аргалын утаа үнэртээд гэртээ байх сайхан шүү. Хотод бас л зовлонтой. Машины түгжрэлээс эхлээд бухимдах зүйл олон. Хүмүүс нь омогтой. -Хонинд явж байхдаа дуулж өссөн газартаа очоод л, дурсах сайхан байдаг байх. -Хонь, адуунд их явдаг байлаа. Алхаад л явна. Тэр уулархаг газарт морь унах дараатай. Хонио байнга дагахгүй бол чоно ихтэй.
-Одоо нутагтаа очихоор ах, эгч нар гэртээ их дуулуулах уу?
-Том эгч маань их дуулуулна. Би анх ичиж, зовдог байсан. Одоо байж дээ.
-Гэрт дуулах тайзан дээр дуулахаас ялгаатай юу?
-Энэ ахуйд л хүмүүс дуулж эхэлсэн болохоор гэрт дуулах нь сайхан. Тайзан дээр хурц гэрэл тусна, техниктэй харьцана, хэцүү.
-Танд дээл сайхан зохидог юм байна.
-Би дээл өмсөх дуртай. Энгийн цагт ч гэсэн дээлтэй л явдаг. Нуруунд тулгууртай, доороос шуурахгүй сайхан шүү дээ. Ээж болон эгчийнхээ хийж өгсөн дээл, улласан гутлыг өмсөөд явж байна. Үнэгэн малгай өмсөхөд чих даарахгүй сайхан. Хүмүүс намайг ингэж хувцаслаж, ярьдаг болохоор өвгөн шиг гэдэг юм. Гэхдээ би хүний хэлснийг тоодоггүй. Урианхай гуай “Зөн чагнах Будда шиг өрш өөлд ойр, өшөө хорслоос ертөнцийн хязгаар шиг хол бай” гэж бичсэн байдаг. Хүмүүс “Ба ба ба” л гэж байдаг юм. Ер нь тэр чухал биш.
Б.Мөнхбаатарын уртын дууны шуранхай АНУ-ын Сан-Франциско, БНХАУ-ын Сувдан театр, Монгол Улсын Төрийн тэргүүний өргөөнд хүртэл цуурайлсан. Уртын дуугаа судалж, дэлгэрүүлэх хүсэлтэй түүний гэрийнх нь номын сангийн тал нь уртын дуунд зориулагдсан. Бас компьютертээ 500 орчим уртын дуу цуглуулан хадгалж, сонсож явдаг гэсэн.
Түүнийхээ 25 хувийг өөрөө дуулдаг. Түүний тухай сонирхолтой нэгэн мэдээлэл хүргэхэд, Мөнхбаатарын аав, дунд хүү болон өөрөө арваннэгдүгээр сарын 26-нд төржээ. Бас аав нь энэ өдөр бурхан болсон. Тиймээс тэр төрсөн өдөр тэмдэглэж, хөөрцөглөдөггүй. Энэ цаг үед баймааргүй энгийн, өөрийнхөөрөө, эгэл даруу дуучин гэж түүнийг л хэлэх байх даа.
Ж.СОЛОНГО