Дэлхийн хаана ч сонсож болох үг бодсоноос цөөхөн. Тэдгээрээс тухайн орны хэл аялгаас үл хамааран адилхан сонсогддог үг бол ОК юм. Энэ үг мөн хэл ярианы хөгжлийн түүхэн дэх хамгийн хачирхалтай зохиомол үгийн нэг гэгддэг. Ердийн идэвхгүй нөхцөл шиг, эсвэл дайвар юм уу аялга үг шиг атлаа чамлахааргүй сайхан утга илэрхийлдэг ОК-ийг ихэнх улсад үг мэт нийлмэл дуудлага буюу “ок” бус харин о, k гэсэн хоёр үсгийн салангид дуудлагыг нийлүүлснээр “окей” гэж дууддаг. Бараг бүх хэл о эгшиг, к гийгүүлэгч болон эй, ай хэмээх дуудлагатай. Тиймээс ч ОК хурдан түгж, дэлхийн хэмжээний үг болжээ.
ОК нь 1830-аад оны сүүлээр АНУ-ын Массачусейтс мужийн Бостон хотод үүссэн гэгддэг. Тус хотын төв хэвлэл тэргүүн нүүрэндээ WOOOFC хэмээх чамирхуу товчлол ашиглаж эхэлсэн нь “with one of our first citizens” буюу “анхны оршин суугчийн хамт” гэсэн утгатай үгсийн товчлол байв. Харин WOOOFC-ийн товчлол OW нь удалгүй “бүгд давгүй” гэсэн утгаар ашиглагдах болж, OW нь ОК болон өөрчлөгдсөний дараа эл товчлол нийтийн хэрэглээнд гайхмаар хурдан нэвтэрсэн байна. “Бостоны өглөөний шуудан” сонины 1839 оны гуравдугаар сарын 23-ны дугаарт ОК албан ёсоор хэрэглэгдэж эхлэв. Гэхдээ энэ нь WOOOFC-тай холбоогүй “о.k (all right)” буюу “бүгд зөв, зүгээр” гэсэн утгатай байлаа.
1840 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар ОК анх Америк даяар танигджээ. Нэр дэвшигчдийн нэг Оүлд Киндерхүүк өмнөх бүх Ерөнхийлөгчийг бичгийн чадваргүй байсан хэмээн тохуурхаж, бүх бичиг сэлтээ ОК хэмээн дуусгадаг байсан нь нэрийнх нь товчлол төдийгүй “Энд бичсэн бүхэн үнэн бөгөөд алдаагүй” гэсэн ёж санаа байв. Киндерхүүкийн үг америкчуудын дунд хурдан тархаж, “залхуу” олон нийт ОК гэх товчлолыг хаа сайгүй ашиглах болжээ. Дээрх сонгуулиас ердөө 10-аадхан жилийн дараа ОК нь АНУ даяар бараг л албаны үг болж, баримт бичиг, захидал хүртэл энэ үгээр төгсдөг болов. Гэхдээ элитүүдийн дунд ОК олон жилийн турш бичиг үсэг үл мэдэгчдийн, доодсын хэрэглээ гэгджээ. Тиймээс хар ярианы үг гэгдэн XIX зууны төрийн бичиг баримт, уран зохиолд бараг ашиглагдаагүй байна. Харин XX зууны дунд хагасаас нийгмийн бүх давхаргынхны өдөр тутмын хэрэглээ болжээ. Тэр үед үүсэл гарал нь хэдийнээ мартагдаад байв.
ОК-ийг дуудахад хялбар тул энэ үг олон улсад тархаад зогсохгүй зарим хэлэнд бүр уугуул үг шиг нь “суурьшжээ”. Тухайлбал, индианчуудын чокта хэлэнд окэ буюу яг тийм, үнэн гэх утгаар хэрэглэгдэх болов. Өнгөрөгч зууны эхээр АНУ-ын Ерөнхийлөгч байсан Вүдроу Вилсон албан бичигт хар ярианы үг ашиглахыг хориглосон бичигдээгүй хуулийг хааяа зөрчин зарим удирдамж, тушаалаа “Окэ” хэмээн дуусгадаг байлаа.
ОК нь англи хэлтнүүдийн ярианы өнгө аясыг мөн гайхалтайгаар өөрчилсөн юм. 1840-өөд оноос өмнө англи хэлтнүүдийн түгээмэл хэрэглэдэг тийм (yes), сайн байна (good, excellent), болж байна (fine), давгүй, бүгд зүгээр (all right) зэрэг олон үгийг ОК дангаараа орлох болсон нь ихэмсэг, ёсорхуу өнгө аясыг англи хэлнээс үгүй болгож, хүмүүс хоорондын харилцааг ээдрээ багатай, энгийн нөхөрсөг болгосон гэж орчин цагийн хэл шинжээчид үздэг. Өдгөө олон улсын төрийн тэргүүнүүд хүртэл ОК-ийг элбэг хэрэглэх болжээ. Гэхдээ төрийн үйл хэрэгт зориулан тусгайлан бэлтгэгдсэн илтгэл, мэдэгдэл зэрэгт энэ товчлолыг хэрэглэх хориотой хэвээр байгаа. Дэлхий ертөнц яаж ч хувьсан өөрчлөгдсөн сонгодог зохиолуудын хялбаршуулсан хувилбар, Библи эсвэл төрийн тэргүүний тангаргийн үг хэзээ ч ОК-тэй байхгүй болов уу. Гэвч ОК дэлхийн өнцөг булан бүрт сонсогдсон хэвээр байна.
Олон улсын ОК-ууд
· Индианчуудын чокта хэл: Окэ (Okeh) – Яг тийм
· Шотланд: Ок айя (Och aye) – Тийм
· Грек: Ола кала (Ola kala) – Зүгээр, давгүй
· Герман: Оне корректур (Ohne Korrektur) – Хянах шаардлагагүй
· Фин: Оикэа (Oikea) – Зөв, зүйтэй
· Мандинка: О кэ (O ke) – Мөн, зөв, яг