Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгийн энэ улирлын анхны тоглолт уржигдар боллоо. Дуурь бүжгийн эрдмийн театр 52 дахь улиралд хүрэн хөшгөө “Учиртай гурван толгой” дуурь, “Хунт нуур” балетаар нээж байгаа юм.
Дуурь бүжгийн эрдмийн театрын тоглолт яг цагтаа эхэлдэг болохоор яаран гүйсээр 17.00 цагтай уралдан хаалгаар нь орлоо. Үзэгчид орж дуусаагүй байсан хэдий ч тоглолтын танхимд суудал байна уу гэж гайхахаар олон хүн цугласан байлаа. Тус театрын төдийгүй дэлхийн үзэгчдийн зорин үздэг уран бүтээл нь “Хунт нуур” яах аргагүй мөн. Тэр ч бүү хэл, тоглолт бүрийг нь үзэж, хэн гэдэг гоцлооч хэрхэн бүжиглэсэн тухай нь санал солилцон ярилцах нь ч бий. Энэ үдшийн ханхүү нь О.Ганцоож, үзэсгэлэнт Одетта, эрс шийдэмгий Одиллия нь гавьяат жүжигчин Ч.Ганчимэг байв. 50 гаруй жилийн түүхтэй энэ театрт ажиллаж, сүүлийн 14 жил гоцлон бүжиглэж буй туршлагатай бүжигчний тоглолт хүн бүрийн анхаарлыг татах нь зүй.
“Хунт нуур”-ын зохиолыг мэдэхгүй хүн ховор. Үзэсгэлэнт Одеттаг Ротбарт харааж хун болгоод, харин түүнд дурласан Зигфрид рүү өөрийн охин Одиллияг явуулдаг. Хайр дурлал, хорон санаа, хааны ордны зугаа гээд энэ бүжгэн жүжгийн үзэгдэл бүр нь сонирхолтой. Энэ балетийн цомнолыг Герман ардын домгоос сэдэвлэн Владимер Бегичев, Василий Гельцер нар хамтран бичсэн гэдэг. Монголчууд “Хунт нуур” бүжгэн жүжгийг 1975 оны зургадугаар сарын 28-нд анх үзэж, түүнийг нь Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Жамъяндагва дэглэн найруулсан байдаг. Анхны тоглолтыг ардын жүжигчин Ж.Чулуун удирдан тоглуулж, хар цагаан хунгийн дүрд ардын жүжигчин Ю.Оюун, ханхүүд гавьяат жүжигчин Э.Оюунбат, алиа салбадайд ардын жүжигчин О.Ганбаатар бүжиглэж байжээ.
Балетийн гол дүрийн жүжигчдээс гадна үзэгчдийн анхаарлыг эрхгүй татдаг дүр нь алиа салбадайнх. Бямба гаригийн үдэш алиа салбадайд бүжиглэсэн Б.Төгөлдөрт онцгойлон баяр хүргэмээр санагдсан. Нүүрний хувиралт, тоглолт, бүжигчний уран чадвар нь түүнийг хойшид ч энэ дүрд илүү сайн бүжиглэнэ гэдгийг илэрхийлсэн.
Энэ театрын бүжгэн жүжгийн эсрэг дүрийг ихэнхийг “нугалдаг” Х.Мөнгөнхөлөг энэ өдөр бүжиглээгүй. Түүний араас “хар баатар”-ыг залгамжилж буй А.Өлзий-Орших буй аж. Харин ням гаригт Ротбартын дүрд Х.Мөнгөнхөлөг бүжиглэсэн юм билээ. Энэ өдрийн “Хунт нуур”-ыг Б.Саруул, М.Од гоцлон бүжиглэж, салбадайд Саура Кояама тоглосон юм байна.
Аялгуу нь дотно, өгүүлэмж нь ойлгомжтой, бүжгүүд нь ур чадвар сорьж, үзэгчдийн алга ташилтыг яалт ч үгүй нэхдэг “Хунт нуур” энэ онд дахин тоглохгүй. Харин 2015 онд Монголын тайзнаа амилсны 40 жилийн ойн мэдээтэй эргэн ирэх нь ээ.
Ж.Солонго