Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын уран сайхны удирдагч, дарга Т.Отгонсүрэнтэй ярилцлаа. 25 жилийн өмнө язгуур өв соёлоо сурталчлан таниулж, өвлүүлэх зорилготой байгуулагдсан тус чуулга өнөөдрөөс эхлэн таван цуврал тоглолт хийж ойн баяраа тэмдэглэж байгаа. Эхний тоглолт нь СУИС-ийн “Оюутан” театрт болох юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Та энэ чуулгатай ажил, амьдралаа холбоод хэдэн жил болж байгаа вэ?
-“Түмэн эх” чуулгын бүжигнээр 14 жил ажиллаад хамт олныхоо саналаар уран сайхны удирдагч болсон. Дөрвөн жил гаруй энэ ажлаа хийж байна гэхээр нийтдээ 18 жил гэж болно. Манай чуулгыг 1989 онд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн дарга Лунаа гуай санаачлан байгуулсан түүхтэй. Тэрбээр ардын билиг зүйч Жамцын Бадраа гуайд санал тавьснаар уртын дуучин Солийн Цоодол найзтайгаа хамтран “Түмэн эх”-ийг байгуулжээ. Анхны даргаар нь С.Цоодол, дараа нь соёлын гавьяат зүтгэлтэн Дагважамц, урлагийн гавьяат зүтгэлтэн Цэдэн-Иш, Пүрэвхүү нар үргэлжлүүлэн, надаас өмнө бүжиг дэглээч Энхгэрэл ажиллаж байлаа. Би ес дэх дарга нь.
-Танай чуулга ССАЖЯ, Нийслэлийн соёл урлагийн газарт харьяалагддаг уу, эсвэл хувийн чуулга юм уу?
-Үндэсний соёл амралтын хүрээлэндээ л харьяалагддаг. “Бодь” группийн нэг хэсэг.
-Парктай хамт хувьчлагдсан юм уу?
-Паркийн дэргэд байгуулагдаж, хамтдаа хувьчлагдсан. Тухайн үед Нийслэлийн соёл урлагийн газрынхан “Бодь” группийнхнээс “Та нар “Түмэн эх” чуулгыг нэр хүндтэй, өнгөтэй авч явж чадах уу. Чадахгүй гэвэл Нийслэл мэдэлдээ авна” гэж хэлсэн гэсэн. Тэд “Чадна” гэсэн учраас хамт авсан. Ингээд манайх ҮСАХ-д харьяалагдан ажиллахын зэрэгцээ хоёр жилийн өмнөөс аж ахуйн тооцоотой болж, менежменийн гэрээ байгуулсан. Өмнө нь бүх орлогоо ҮСАХ-д өгч, цалингаа авдаг байсан бол одоо орлогынхоо тодорхой хувийг захиран зарцуулах эрхтэй болсон. Шинэ уран бүтээл, хувцсаа шинэчлэх, уран бүтээлчдийнхээ ахуй хангамжид анхаарах боломж бүрдсэн.
-Танай тоглолтыг зөвхөн жуулчид л үздэг байх аа?
-Яг ингэж буруу ойлгоод байдаг юм. Анх энэ чуулгыг байгуулсан гурван хүн ардын язгуур соёлтойгоо танилцах нь зүйтэй гэж л санаачилсан гэдэг. Бид ч тэр зорилгоос хазайгаагүй. Манайхан цагаан сар, наадмаар л ирж тоглолт үздэг. Бусад цагт нь жуулчид манай язгуур урлагийг илүү сонирхож, үзэж байгаа учраас л хүмүүс ингэж хараад байгаа юм. Бүх үзэгчдийн өмнө манай хаалга нээлттэй.
-Хүүхэд, залууст язгуур, өв соёлоо танилцуулж чадаж байна уу?
-Тэдэнд танилцуулахын тулд бид менежмент хийж байна. Дунд сургуулийн хүүхдүүдэд дуу хөгжмөөр нь дамжуулж язгуур урлагаа ойлгуулъя гээд тайлбарт концерт хийдэг боллоо. Хөгжимчин бүрийн тоглолтын өмнө тайлбар хийж өгөхөөр хүүхдүүдэд өгөөжтэй байдаг. Анги, танхимд яриулснаас илүү ойр тусдаг. Анх бид Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн хүүхдүүдэд тоглолтоо үзүүлж, тайлбарлаж байлаа. Энэ ажил үр дүнтэй байсан учраас үргэлжлүүлж, дунд сургуулийн хүүхдүүдийг зохион байгуулалттай үзүүлэх болсон. Манайх дөрвөөс аравдугаар сар хүртэл ачаалалтай байдаг. Тоглолтгүй өдөр гэж байхгүй. Тиймээс энэ ачааллаа дуусгаад бид 45 хоног амраад ажилдаа ордог. Их ачаалал эхлэхээс урьтаж, хүүхдүүдэд тайлбарт тоглолтоо хүргэдэг.
-Том хэмжээний тоглолт хийж амждаггүй байх, тийм үү?
-Концерт л тоглоод явж байна. Дөнгөж хоёр жилийн өмнө аж ахуйн тооцоонд шилжсэн учраас хуримтлалтай болж чадаагүй байгаа. Жил бүр төлөвлөгөө гаргаж, ажлаа урагшлуулж л байна. Энэ жилийн хувьд хөгжим ангийн уран бүтээлчдийнхээ хувцсыг шинэчилж, гавьяат жүжигчин А.Даваахүүгээр бүжиг дэглүүллээ. Хөгжмийг нь “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч Д.Ариунболд бичсэн. Манайд олон бүжиг дэглээч байгаа ч шинэ өнгө аяс оруулж ирэх нь зүйтэй гэж үзсэн.
-Монголд урлагийн байгууллага бие даан үйл ажиллагаа явуулах амаргүй. Эрсдэлтэй юм шиг ээ. “Сарны чулуу” чуулга гэхэд олон жил тогтвортой ажиллаж байгаад уран бүтээлчдэдээ жилийн чөлөө өгөөд ажиллахаа байлаа.
-Эрсдэлтэй. Бидэнд ҮСАХ-гийн удирдлагууд тусалдаг. Менежментийн гэрээ хийгээд бид ажлаа данс хоосон эхэлсэн. Тэгэхэд та нарын цалинг нэг хэсэгтээ манайх өгч байя, та нар орлого олохоороо нөхөн төлөөрэй гэсэн. Мөн өвлийн улиралд бидний цалинг өгөөд орлоготой сард ямар ч хүүгүйгээр нөхөн авдаг. Байрны түрээс авдаггүй. Бид урсгал зардлаа л хариуцдаг. Энэ бүх хувцас хэрэглэлийг ямар ч төлбөргүй бидэнд ашиглуулдаг. Хувьчлагдсан учраас эд бүгдээрээ ҮСАХ-гийн өмч шүү дээ.
-Танай уран бүтээлчид цөөн, гэхдээ их нийтэч санагддаг. Аливаа шийдвэрийг хамтдаа гаргадаг уу?
-Уран сайхны зөвлөлтэй. Манай гурван багш, хамт олны төлөөлөл болох нэг хүнтэй би нийлээд Удирдах зөвлөлөө бүрдүүлсэн. Өмнө нь манай чуулгад ажиллаж байсан ахмадууд хамт олныг их сайхан нэгтгэжээ. 25 настай идэр чуулга хэдий ч эвтэй, санаа нэгтэй ажилладаг учраас чанартай уран бүтээл төрдөг. Манай хөгжимчдийн тоглохыг сонссон мэргэжилтнүүд “Яаж ийм сайхан нийлэмжтэй дуугардаг юм бэ” гэж гайхдаг. Энэ л бидний давуу тал. Бүжигчид ч гэсэн адил.
-Уран бүтээлчдийн цалин өндөр үү?
-Бусад мэргэжлийн урлагийн байгууллагатайгаа одоо л дүйж байна. Манай цалин бага байсан. Хоёр жилийн өмнө цалингаа 40 хувь нэмсэн, өнгөрсөн хавар дахиад 40 хувь өсгөлөө.
-Танайхны гаргасан хамгийн том амжилт юу вэ?
-Шагнал, урамшуулал, цом, өргөмжлөл олон байна л даа. Гэхдээ энэ амжилтын хэмжүүр болохгүй байх аа. Бид ахмадуудынхаа өвлүүлэн үлдээсэн чуулгын зорилго, чиглэлийг хазайлгалгүй ажиллаж байгаа нь хамгийн том амжилт юм.
-Язгуур өв соёлоо судлах талдаа ажиллаж чаддаг уу?
-Чадалгүй яах вэ. Уран бүтээлч судалгаа, эрэл хайгуул байнга өрнөдөг. Манай Мөнгөнцэцэг багш гэхэд Монголын урлагийн зөвлөл болон Испанийн бүжигчинтэй хамтарсан төслийн хүрээнд бий бийлгээг судалсан. Ирснийхээ дараа “Сугсраан донж” бүжгээ дэглэсэн. ХБКд ажилладаг, манай багш Хосбаяр өнгөрсөн жил Ховд руу судалгаа хийхээр явахад нь бид өөлд бүжиг судалж ирээрэй гэж захьсан юм. Ганцаарчилсан өөлд бүжиг олон ч хамтаараа бүжиглэдэг нь цөөн. Ингээд манай “Цаст өөлд” бүжиг төрсөн. Манай уртын дуучид ч бас дуугаа судалж, ахмадуудаас асууж, байнга л эрж хайдаг.
-Хөдөө орон нутгийн үзэгчдэд хүрч чаддаг уу?
-Манай урын сан баялаг хэдий ч орон нутагт ажиллах боломж тэр бүр гардаггүй. Зардал хэцүү. Мөн унаа байхгүй. Гэхдээ хоёр ч удаа бүрэлдэхүүнээрээ Дундговь аймаг, бас Дархан, Эрдэнэтэд тоглосон.
-Хувийн чуулга болохоор нь ССАЖЯ тоодоггүй юу?
-Сайд болон тус яамны албаны хүмүүст хүсэлт тавьдаг ч өөрчлөгдсөн зүйл алга.
-Гэхдээ Төрийн хүндэтгэлийн тоглолт, баяр наадам болохоор нь дуудна биз дээ?
-Харин тийм ээ. Бид ч яамныханд хэлсэн. Саяхан Урлагийн ажилтны баяраар сайдад энэ тухайгаа хэлсэн. Анхаарна гэж хэлсэн. Урлагийн байгууллагынхны дунд спортын тэмцээн болж байхад бид л гээгдээд үлддэг. Мэргэжлийн урлагийн байгууллагынхан гаднын улс оронд аялан тоглож, төрийн айлчлалын бүрэлдэхүүнд ороод яваад байхад манайхныг л орхичихдог юм.
-Соёл урлагийн байгууллага хувийнх ч байг, улсынх ч байг ялгаагүй бодлого нь хүртээмжтэй байх ёстой байлгүй дээ.
-Тийм ээ. Төрийн ажилд бид идэвхтэй оролцдогтой ижил шүү дээ.
-Хэд хэдэн удаа өглөөгүүр танай чуулгад ирж үзсэн. Хүнгүй байх юм билээ.
-Өглөө 08.00 цагт ирж, өдөржин энд байх ёстой гэсэн шаардлага уран бүтээлчдэдээ тавьдаггүй. Зуны улиралд манайхан 14.00 цагт цуглаж, орой тоглолтоо хийгээд харьдаг. Өвөл бол өглөө ирээд үдээс хойш тардаг. Хүн бэлтгэлээ чанартай, тоглолтоо сайн хийж байгаа бол заавал энд уях хэрэггүй. Бусад цагт нь гэр бүлдээ анхаарч, өөр ажил хийж, мөнгө олох хэрэгтэй шүү дээ. Ингэхээр уран бүтээлчдийн сэтгэхүй ч өөрчлөгдөж, нээлттэй, тайван, бүтээлч болдог юм. Би өөрөө ч тийм адгуу хүн. Цагтаа багтаж, чанартай ажилла, тэгээд л яв гэдэг зарчимтай.
-Таныг бүжигчин байх үед үзэгчид бага, нөхцөл хүнд байсан уу?
-Үгүй ээ. Бид харин ч өндөр цалинтай байсан.
-Ахиу орлоготой байсан болоод тэр үү?
-Орлогодоо биш ээ. Харин одоо бид илүү ихийг олдог болсон. 30 гаруй уран бүтээлчтэй хэдий ч жилд 330 сая төгрөг олж байна. Одоо гэхэд орлогын төлөвлөгөөнийхөө 85 хувийг хийчихсэн. “Үлдсэн 15 хувь бол инээдэм л байна” гээд манай хоёр менежер бардам байгаа.
-Хоёр менежер нь сайн ажиллаж байна шүү?
-Тийм шүү. Жуулчны байгууллагын тоо жил ирэх тусам нэмэгдэж, тэдэнтэй байнга хамтран ажиллаж байна.
-Танай хүүхдүүд бас чуулга дээрээ хүн болдог юм шиг ээ?
-Тийм шүү. Том хүүхэд маань нэг нас хүрээгүй байхдаа л энд өнждөг байлаа. Одоо бүжгийн аварга, уран уншлагын аварга гээд л авьяас нь тодроод явж байна. Манайхан хүүхдийн баяраар бүх хүүхдүүдээ цуглуулж, өрсөлдүүлдэг. Бүгдээрээ мундаг болохоор их нарийн шүүлт явуулах хэрэгтэй болдог. Манай бага ч бас одоо ингээд цэцэрлэгээ тараад л энд ирнэ. Ойрдоо бид 25 жилийн ойн тоглолт хийх гээд арай олон цагаар бэлтгэл хийж байна.
Ж.СОЛОНГО