Дуучин Д.Оюунтүлхүүр ирэх сард уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Өчигдөр тэрбээр энэ тухайгаа сэтгүүлчдэд дуулгаж, гурван шинэ дууныхаа клипийг танилцууллаа. “Энэрэл хайр”, “Нүдээ аниад бодоорой”, “Зүрхэнд туссан гэгээ” гэсэн шинэ уран бүтээлүүдээ үзэгч, сонсогчдодоо нэгэн зэрэг хүргэхийн тулд дуучин бүсгүй сүүлийн хэдэн сар шаргуу хөдөлмөрлөсөн гэнэ.
14 настайгаасаа арлын Японд аж төрөн, уран бүтээлээ туурвиж байсан Д.Оюунтүлхүүр эх орондоо суурин амьдарч эхлээд анхны бие даасан тоглолтоо толилуулах гэж буй нь энэ. Уран бүтээлийнхээ хажуугаар хүмүүнлэгийн үйлсэд идэвхтэй оролцдог тэрбээр өнгөрсөн хугацаанд 200 гаруй хандивын тоглолт зохион байгуулж байжээ. Тиймээс түүнийг Япон, Монголын соёлын харилцаанд үнэтэй хувь нэмрээ оруулсан уран бүтээлч хэмээн онцолж, тус улсаас “Хүндэт өргөмжлөл” хүртээхээр болсон аж. Тэгэхээр дуучин бүсгүйн тоглолт манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойтой давхцаж буй нь тохиолдлын хэрэг биш бололтой.