МҮОНТ-ийн урдаа барьдаг нэвтрүүлэгчдийн нэг С.Чимгээ “Монгол” телевизээр мэндчилэх болсон. “Их мөнгө амлаж урьсан юм билээ”, “Удирдлагатайгаа ам мурийсан гэнэ” гэх зэрэг элдэв таамаг цуурхал хөвөрч, түүний шийдвэрийг үзэгчид өөр өөрсдийнхөөрөө тунгааж байна. Түүнээс энэ талаар тодруулж, бас ертөнцийнх нь нэгээхэн хэсэгт нэвтрэхээр “Хүмүүс” буландаа урилаа
-Юун талаар ярилцахаар ирснийг Та бараг л гадарласан байх. Өнө удаан жил ажилласан телевизээсээ яагаад гарах болсноо ярьж болох уу?
-Сургуулиа төгсөөд Монголын үндэсний олон нийтийн телевизэд анх хөл тавьснаас хойш 19 жил өнгөрчээ. Тэр саарал байшиндаа хоёргүй сэтгэлээр, хариуцлагатайгаар, алдаа гаргахгүй гэж хичээж, мэрийлттэй ажилласан гэж өөрийгөө дүгнэдэг. Намайг сургууль төгсөөд очиход алгаа дэлгээд тоссон миний хоёр дахь гэр минь байлаа. Мэдээж өсөж торнисон газраа орхиж явах хэцүү. Нухацтай бодсоны эцэст тэндээс явахаар шийдсэн. Хүн нэг газраа удахаар зэвэрдэг юм байна. Ажилдаа ирэхдээ өнөөдөр юу хийх вэ, яах вэ гэсэн байнгын тэмүүлэлтэй байх ёстой байтал би амьдралынхаа хэв маягийг өөрчлөх юмсан гэсэн гундуухан болсноо ажигласан. Бас МҮОНТ-ээс гаръя даа гэсэн бодол төрүүлэх ганц, хоёр үйл явдал болсон ч тэр нь айхтар том түлхэц болоогүй л дээ. Энэ оны эхээр “Херо” энтертайнментийн Баатар найруулагч надад “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын ажиллагааг шууд дамжуулахад хөтлөөч гэсэн санал тавьсан юм. Орчин цагийн телевизийн урлагийг мэдэрдэг мундаг найруулагч урьсан болохоор уухайн тас зөвшөөрөлгүй яах вэ. Гэхдээ тэр нэвтрүүлгийг “Монгол” телевизээр хөтлөхөө хожим нь мэдсэн. Энэ зун ажлаасаа гарах шийдвэр гаргачихаад, нэг хэсэгтээ гэр зуур байя гэж бодтол хувьсгалын тохироо бүрдэнэ гэгчээр хэд хэдэн телевизээс санал тавьсан. Би багагүй хугацаанд бодсоны эцэст “Монгол” телевизэд орсон доо. Миний хамгийн сайн зөвлөгч бол хань минь. Энэ тухай хамгийн түрүүнд нөхөртөө хэлэхэд “Чи л мэд. Өөрийн сонголт л зөв байдаг. Салбартаа өнгөлөг, шинэлэг төрхтэй, илүү ихийг хийе, бүтээе гэсэн залуучууд чамд итгэл хүлээлгээд урьж байгаа бол очих нь зөв” гэж зөвлөсөн. Олон нийтийн телевизийг орхиод шинэ залуу хамт олныг сонгоно гэдэг зоригтой шийдвэр гэж найзууд ч хэлсэн. Хийвэл бүү ай, айвал бүү хий гэсэн үгийг дотроо бодож л явлаа. Гэхдээ би шийдвэртээ харамсаж, эргэлзээгүй ээ.
-“Оскар”-ын шагнал гардуулах ёслол хөтлөхөд л Танд арай шинэлэг, өөр мэдрэмж төрсөн юм байна. Тийм үү?
-Тэр үед “Оскар”-аар л амьсгалж байсан учир өөр юм бодоогүй. Мэдээж тус телевизийн техник, технологи шинэлэг байсан ч тэнд ажиллана гэж бодож байсангүй. Харин өрсөлдөгч сувгийн нэвтрүүлэг хөтөллөө гэж удирдлагаасаа, зарим нэг хамтран ажиллагсадаасаа зэмлэл хүртсэн. Дэлхийн урлагийн салбарын томоохон үйл явдлыг анх удаа оюуны өмчийн эрхтэйгээр монгол үзэгчдэд хүргэж, сайн найруулагчтай ажиллана гэдэг л надад чухал санагдсан хэрэг.
-Ажлаа солих шийдвэр гаргахад багахан шиг нөлөөлсөн бас бус асуудал гэдгээ тайлбарлаж болох уу?
-Ажил хийж байгаа хүн алдаа гаргадаг. Буруу зүйл хийсэн хүн зэмлэл хүртдэг. Зарим нь зэмлэлийг зөвөөр хүлээж авдаг бол буруугаар ойлгодог хүн ч бий. Тухайн үед намайг мохоох маягийн сэтгэгдэл төрүүлэх асуудал байсан ч ажлаас гарахад түлхэц болоогүй шүү. Энэ мэтийн аахар шаахар зүйл ажил хийж байгаа хэнд ч тохиолддог шүү дээ.
-Та ямар албан тушаалтай вэ. Улсын байгууллага, арилжааны телевизэд ажиллахын ялгаа юу вэ?
-Ажилд ороод удаагүй болохоор ялгааг нь тодоор мэдрээгүй л явна. Гэхдээ хувийн телевиз цомхон бүрэлдэхүүнээр ажлыг нугалах чадвартай байдгийг ажигласан. “Монгол” телевизэд Мэдээний албаны зөвлөх, хөтлөгчөөр ажиллаж байна.
-Өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй болох хүсэл бий юү?
-Миний хамгийн их бодож явдаг юм тэр дээ. Мэдээ хөтлөхөөс гадна өөрийн нэвтрүүлэгтэй болохсон гэсэн хүсэл сүүлийн үед зүрхэнд улам хүчтэй лугшаад байна. Удахгүй хүсэл минь биелнэ гэж найдаж байгаа.
-Та МҮОНТ-д орсон түүхээсээ дурсана уу. Босго нь хэр өндөр санагдсан бэ?
-Сургуулиа дөнгөж төгсөөд бүх шалгалтад нь тэнцэж, ном журмын дагуу орж байлаа. Манай хамт олон намайг үнэхээр халуун дулаанаар хүлээн авч, сурах ёстой бүхнийг заасан. Цэенханд, Батбаяр, Бямбаа, Нарантуяа, Цоодол ахаас гадна үе тэнгийнхэн минь ч миний багш. Учир нь ахмад, залуу гэлтгүй, хажуу дахь хүмүүсийнхээ алдаа онооноос суралцахыг боддог. Үндэсний телевиз тэр үедээ үнэхээр босго өндөртэй байсан. Одоо тэр босго жаахан намсаа юу даа гэж хааяа хардаг шүү.
-Зуун ямаанд жаран ухна гэгчээр олон телевизтэй болжээ. Танд шинэ залуу нэвтрүүлэгчдээс ирээдүйтэй гэж тоодог хүн бий юү?
-Үзэж баршгүй олон сувагтай болчихоор нэвтрүүлэгч бүрийг тогтооно гэдэг хэцүү юм. Дандаа залуухан охидтой болчихож. Дийлэнх нь цэнхэр дэлгэцээр л гарч байвал боллоо гэсэн бодолтой хүмүүс шиг харагддаг. Телевизийн урлаг гэдэг багийн ажил. Нэгэнт сэтгүүл зүйд холилдож яваагийн хувьд нэвтрүүлэгч, хөтлөгч мэдээгээ сэтгүүлчээс дутахааргүй мэддэг, сэдвээ судалсан, материалд нь алдаа байвал засах ур чадвартай байх ёстой. Нэвтрүүлэгч нар дэлхийн телевизийн стандартын дагуу ажилласаар ирсэн, одоо байж л байна, байх ч ёстой гэж би боддог.
-Та ямар нэвтрүүлэг үзэх дуртай вэ?
-Мэдээний нэвтрүүлэгч болоод ч тэр үү, энэ төрлөө үзэх дуртай. Оросууд телевизийн салбараа урлаг болтол нь хөгжүүлж байна гэж би хардаг. Телевизийн салбарт хөрөнгө хаяж, түүнийгээ эргүүлж олохын зэрэгцээ үзэгчдийг дэлгэцийн өмнө үнэхээр уяж чадаж байна. Оросын телевизүүдийн бүх төрлийн нэвтрүүлгүүд мэлмий баясгаж байна даа.
-Нэгэн телевизийн хөтлөгч залуу эфирээр найз бүсгүйдээ сэтгэлээ илчилсэн. “Баргийн залуу ингэж чадахгүй, зоригтой юм” гэж түүнийг өмөөрөх хүмүүс байхад зарим нь “Албан ажлаа хувийн шаардлагаар ашиглах буруу” гэж байсан. Та мэргэжлийн хүний хувьд үнэлэлт дүгнэлт өгнө үү?
-Би аливааг зөөллөж бодох дуртай. За яах вэ дээ, тэгэх шаардлага гарсан юм байлгүй дээ гэж бодож болмоор. Хувийн телевизийг хөрөнгөөрөө босгосон хүн цэнхэр дэлгэцээр хайр дурлалаа илэрхийлж, бүр уран нугарсан ч түүний эрх. Гэхдээ нэгэнт олон нийтэд хүргэх эрх авсан, үзэгчдийн хүртээл болох ёстой телевизийн эфирийг нэгхэн хүний хувийн эрх ашигт зориулна гэдэг яаж ч бодсон ёс зүйд нийцэхгүй. Угтаа бол тэр залуу телевизийн эфир ашиглачихлаа.
-Мэргэжлийнхээ хувьд гаргасан Таны хамгийн том алдаа юу байв?
-Телевизийнхээ бодлогод харшилсан алдаа гаргаж байсангүй. Нэг удаа шууд эфирийн үеэр хоолой гэнэт боогоод дуугарч чадахгүй болсон. Тэр үед найруулагч сүйхээтэй ажиллаад дүрс өгөх боломжтой байсан. ММ агентлагийн захирал байсан, одоо Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Мөнхтөр “Хөтлөгч, нэвтрүүлэгчид хоолойгоороо ажлаа хийдэг. Та нар ус оруулаад тавьчихгүй яасан юм бэ” гэж зэмлэсэн. Түүнээс хойш алдаагаа ухамсарлаад, өөрөө хажуудаа заавал ус тавьдаг болсон. Үзэгчид уучламтгай, уужуу сэтгэлтэй болохоор шуугиан дэгдээж сүр болоогүй. Харин ч Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гавьяат эмч “Тэр охины хоолой нь болохоо байжээ. Хурдан надад үзүүл” гэж хүнээр хэлүүлж билээ.
-Тэгвэл нэвтрүүлэг хөтөлсөн мартагдашгүй дурсамжаасаа хуваалцана уу?
-Телевизэд анх ороод ардын зураач Намхайцэрэнгийн хүү Ганбат гэж мундаг, оюунлаг найруулагчийн “ Урам” нэвтрүүлгийг хөтөлсөн. Их, дээд сургуулийн багш нар, эрдэмтэд зэрэг оюунлаг хүмүүс гол үзэгчид нь байсан нэвтрүүлэг л дээ. Тэр үед 20 гаруй настай байж эрдэм шинжилгээний ажил, үүх түүх, номын тухай ярилцдаг нэвтрүүлэг хөтлөхөд надаас жаахан хол санагдаж байсан ч одоо бодоход их өгөөжтэй байж.
-Хэвлэл мэдээллийн ажлаас өөр хийхийг хүсдэг зүйл байдаг уу?
-Би энэ салбартайгаа насаараа уяатай явах байх. Тэтгэвэрт гарч, эфирээсээ аяндаа хөндийрөх тэр үед телевизийн хөтлөгч, сэтгүүлчдээ бэлтгэх үйлсэд өөрийгөө зориулна гэж боддог. Гэхдээ болоогүй л дээ, хаа байсан юм.
-Саяхан нэг яруу найрагч бүсгүйгээс ярилцлага авах гэтэл 40 насны хямралд ороод шинэ бүтээл туурвихгүй байгаа гэсэн. Нас явах нь танд хэр нөлөөлдөг вэ?
-Миний 40 насны хямрал аль хэдийнэ болоод өнгөрсөн байлгүй дээ. Би насны хямрал мэдэрдэггүй, мэдэрье ч гэж хүсдэггүй. Өдөр тутмын амьдралаа аз жаргалтай байлгавал юу ч тохиолдсон сэтгэлийн тэнхээгээр даваад гарна даа. Хөгшрөх, үхэх гэдэг байгалийн жам учир айж, эмзэглэх шаардлагагүй. Харин муухай өтлөх вий гэдгээс эмээдэг. Олны дунд биеэ сайхан авч яваад, үг, үйлдлээрээ хажуу хавиргын хүмүүс, үр хүүхдээ ичээхгүй оюунлаг эмээ болохсон гэж боддог.
-Орчин үед царайны сайхнаар цай сүлдэг болсон гэдэг юм билээ. Та юу гэж бодож байна вэ?
-Сүлэхгүй шүү дээ. Гэхдээ хөөрхөн байх албагүй гээд биеэ гаргуунд нь орхихыг өөртөө хэзээ ч зөвшөөрөхгүй. Ямар ч цаг үед, юу ч тохиолдож байсан өөрийгөө, эргэн тойрныхноо хүндэлж, хэн ч харсан аятайхан сэтгэгдэл төрүүлэхүйцээр биеэ сайхан авч явах хэрэгтэй.
-Тэгвэл сайхан бүсгүйчүүд бие биедээ дургүй гэдэгтэй санал нийлэх үү?
-Би сайхан бүсгүйчүүдэд дуртай. Хүн аливаа гоё сайхныг таашаан, үлгэр дуурайл авбал харин ч өөрт хэрэгтэй. Сайхан бүсгүйчүүдэд зөвхөн эрчүүд дуртай гэдэг худлаа. Эмэгтэйчүүд яагаад сайхан хүүхэн харж мэлмийгээ баясгаж болохгүй гэж. Тэгж чаддаггүй эмэгтэйчүүд байдаг болоод л тийм үг гарсан байх.
-Тэгвэл өрсөлдөгчөө гэж боддог хүн бий юү?
-Өдөр тутмын амьдралд түүртэхээрээ бусдын тухай аахар шаахар хов живээр амьдралаа сонирхолтой болгодог хүмүүс байдаг л байх. Тэд л байнга өрсөлдүүлж ярьдаг биз дээ. Харин би өрсөлдөөнд дургүй, тэмцэгч биш гэх үү дээ. Энэ хорвоод хүн бүр нэг л хувь бүтээгддэг. Чимгээ хэнтэй ч адилгүй бие хүн байхад бусадтай харьцуулж, өрсөлдүүлэх нь байж боломг үй. Сараа гэж тэс өөр хоолойтой дуучин байхад хүмүүс өөр стильтэй Ариунаатай харьцуулаад байдгийг нь ойлгодоггүй.
-Залуу хүн аль болох завгүй хөдөлмөрлөх ёстой гэж нэг танил хүн хэлсэн юм. Харин би ганц олдох залуу насандаа ажил, чөлөөт цагаа зохицуулж байх ёстой гэж боддог. Та ямар бодолтой байна вэ?
-Би завгүй байх дуртай. Завтай байхаар хүн зэвэрдэг. Залуу насанд хүн ядрахыг мэддэггүй, эрч хүчтэй, зоригтой байдаг учраас тэр үеийг ашиглах хэрэгтэй. Нас явах тусам хүссэн хүсээгүй ядарч цуцна, шантарна. Завгүй байх тусам толгой ажиллаж ихийг амжуулдаг. “Завтай хүн л үргэлж завгүй гэж хэлдэг” хэмээн нэг танил минь хэлсэн нь ёстой үнэн үг. Зүгээр сууж болохгүй. Бүр хийх юм олдохгүй бол данхаа ч болох нь ээ зүлгээд суу. Энэ нь хамаагүй өгөөжтэй, амьдрал сонин шүү дээ. Би хийх ажлуудаа хувийн, хувьсгалын гэлтгүй цөмийг нэг дор жагсааж бичээд амжуулсныг нь чагталж түүнээсээ урам авдаг.
-Хүүхэд насанд зав, эрч хүч байсан ч мөнгө байдаггүй. Залуу насанд мөнгөтэй, эрч хүчтэй ч зав байдаггүй. Өтөл үед мөнгө, зав байсан ч эрч хүч байдаггүй гэдэг. Миний түрүүн хэлэх гэсэн санаа бол нэгэнт хүн болсных ажлын мал шиг зүтгэлгүй өөртөө цаг гаргаж, өөрийгөө хөгжүүлж байх ёстой болов уу гэж хэлэх гэсэн хэрэг.
-Тэгэлгүй яах вэ. Хэрвээ ажлаа хийгээд, цаана нь илүү цаг гарвал амьдралаа сонирхолтой, амттай болгох зүйлдээ өөрийгөө зориулах хэрэгтэй. Дуртайгаа хийснээр түүнээсээ таашаал авч маргаашийнх нь амьдрал илүү өөдрөг байж, өөрийг хийхсэн гэсэн тэмүүлэлтэй болно. Болж өгвөл өөртөө заавал цаг гаргах ёстой ч үнэхээр амжихгүй бол өмнөх ажилдаа бүх сэтгэлээ зориулах нь зөв. Хэрвээ бүх цаг завыг нь ажил шавхдаг бол түүнийгээ хамгийн дуртай зүйлээ болгож таашаал авах хэрэгтэй. Ажилдаа дуртай байхад амьдрал хүссэн хүсээгүй сайхан болно.
-Царайлаг, өндөр, ухаалаг, чадварлаг, амьдрал нь жигдэрсэн гээд л хөндлөнгийн миний нүдээр Та арван хуруу тэгш юм. Харин өөрийнхөө юуг голдог вэ?
-Харилцааны зарим асуудалд өөртөө шүүмжлэлтэй ханддаг. Тухайлбал, завгүй суухад, хүүхэд минь элдвийг асуувал заримдаа ширүүхэн хариулчихдаг. Угтаа бол хэчнээн ядарсан, завгүй байлаа ч нэгэнт ам нээснийх эелдгээр хариулах ёстой, тийм биз дээ. Бусдаар бол өөрийгөө голдоггүй юм аа. Миний муу, сайн бүх л чанар Чимгээ гэдэг хүнийг бүрэлдүүлж байгаа. Тэгэхдээ буруу үйлдэл хийчихвэл дор нь засаад, болж өгвөл үйлдэл, үг бүртээ хянамгай хандахыг хичээдэг.
-Таны бодлоор хайрлуулах, хайрлахын аль нь гоё вэ?
-Аль аль нь л сайхан. Заавал нэгийг нь хэлүүлэх гэвэл хүнийг хайрлах сайхан гэдгийг сонгоно. Хүнээс авснаас илүү өгөх нь таашаалтай байдаг юм. Бусдаас бэлэг авснаас илүү баярлуулах бэлгийг нь өгөх сайхан шүү дээ. Хүнээр хайрлуулаад өөрөө хайргүй байснаас хайрлаад түүндээ баясаж явах нь дээр юм шиг санагддаг. Гэхдээ мэдээж юм төгс төгөлдөрт ойртох тусам л сайхан шүү дээ. Аль аль нь хайрлаж байвал амьдралын утга учир тэр байх.
-“Гэрлэлт хуулиар баталгаажсан боолчлол. Гэрийн эзэгтэй нар үүний тод жишээ” гэдэг юм билээ. Та санал нийлэх үү?
-Боолчлол гэж болохгүй юм аа. Би хүлээн зөвшөөрөхгүй. Хүн гэдэг амьтан энэ ертөнцөд бий болоход эрэгтэй нь ан гөрөө хийж идэш хүнсээ залгуулж, эмэгтэйчүүд авчирсныг нь бэлтгэх үүрэг хүлээсэн. Гэр орноо эмхэлж цэгцлэх, аз жаргалтай, хамгийн таатай орчин бүрдүүлэх нь яах аргагүй эмэгтэйчүүдийн үүрэг. Гэхдээ өнөөдрийн нийгэмд олонх нөхөр гэр бүлийн амьдралаа залгуулах хангалттай мөнгө олж чадахгүй учир эмэгтэйчүүд энэ үүргийн эзэн болсон байх. Гэрийн ажил гэх ачааг давхар үүрнэ. Энэ тохиолдолд боолчлол гэх утга гарч магадгүй. Гэхдээ л би тэгж бодохгүй байна. Эмэгтэй хүн угийн гал голомтоо бөхөөлгүй манах эрхэм үүрэг хүлээсэн учир тэр ажлаа аз жаргалтайгаар хийх ёстой. Тэгж байж эр нөхөр гэр лүүгээ тэмүүлнэ. Нөхөр нь эхнэрийнхээ хийсэн гарын хоолыг идэж, зурагтаа үзээд л, үр хүүхдүүд нь бужигналдаад гэр дүүрэн байна гэдэг хүний амьдралын сайхан мөч мөн бус уу.
-Гэхдээ эрэгтэйчүүд гэрийн ажилд оролцож, ачаанаас нь үүрэлцэх хэрэгтэй биш үү?
-Өнөөгийн нөхцөлд бол эрэгтэйчүүд боломжийнхоо хэрээр эхнэрээ ойлгож байх хэрэгтэй. Хоёулаа ажилтай гүйж яваад орой нь нөхөр нь удирдлага барьж хэвтээд эхнэр нь хоолоо хийж, гэрээ цэвэрлэнэ гэдэг бас хэцүү. Ачаалал ихтэй байвал хосууд хоорондоо ярилцаад зохицох хэрэгтэй. Түүнээс биш, ингэж амьдрахгүй би боол, чи ноён боллоо гэж уцаарлах хэрэггүй. Гэр бүл харилцаан дээр тогтдог. Аан, миний нөхөр ийм зүйлд дуртай, эхнэр минь ингэхээр уурладаг юм байна гээд таалагдах, таалагдахгүйгээ ярилцвал хэн хэндээ өгөөжтэй.
-Тэгвэл амьдралын амтыг юунаас мэдэрдэг вэ?
-Аз жаргалаар бялхан өөрийн эрхгүй инээмсэглэж яваа хүнийг хараад, тасалгааны цэцэглэж буй ургамлыг ажиглаад, дөнгөж уусан кофеноосоо гээд л өдөр тутмын өчүүхэн ч болтугай зүйлээс эерэг энерги мэдрэхийг боддог. Магадгүй би ажил дээрээ хэн нэгэнтэй санал зөрөх тохиолдол гарна. Хэрвээ би ажилгүй гэртээ сууж байсан бол хэнтэйгээ ам мурийх вэ дээ. Гэтэл би өнөөдөр хамт олонтой, дуртай ажлаа хийж байна. Хөдөлмөрлөж байгаа учраас л санаа дэвшүүлж, түүнээсээ болж санал зөрнө. Энэ л гайхамшиг шүү дээ. Би МҮОНТ гэх тийм сайхан хамт олноор анх өлгийдүүллээ. Өнөөдөр “Монгол” телевиз гэдэг техник технологиороо салбартаа шинэчлэл хийж, орчин үеийн менежментээр ажиллаж буй шижигнэсэн хамт олноор хүндлүүлээд сууж байна. Хайртай гэр бүлийнхэн минь, ойр дотнынхон үргэлж миний дэргэд байж , ойлгож, дэмжиж байна. Энэ миний хувьд амьдралын том аз завшаан биш гэж үү.
-Сайн найруулж чадвал хүн бүрийн амьдрал сонирхолтой ном гэдэг. Тэгвэл туулсан амьдралаа эргэн тунгаахад Та ямар төрлийн ном байна вэ?
-Учиргүй сонирхолтой, уншигчдыг байлдан дагуулсан адал явдлын роман биш. Уйтгартай, нойр хүргэмээр ном бас биш. Их чамбай, дажгүй зохиол уншчихлаа гэж хүн бодон инээмсэглээд цааш тавих тийм л ном болов уу. Амьдралынхаа туршлагаас, мэдсэн сурсан, үзсэн харсан, алдсан оносон бүгдээ зөвхөн өөрийн хүүхдэд гэлтгүй залуучуудад хэлж байхсан гэж боддог юм. Мэргэжлийн хувьд ч тэр “Би тэр үед энийг мэдээгүй алдсан юм, ингэвэл зөв шүү” гэж залуучуудад үгээ харамгүй хэлэхийг боддог. Тэгэхээр сурах бичиг, зөвл өг өөний ном байхыг үгүйсгэхгүй.
-Та хүүхдүүддээ юу гэж захидаг вэ?
-Хүн чанараа гээчихэлгүй, хаана ч явсан өөрийгөө аваад явах оюуны мэдлэгтэй, тэнхээтэй, амьдралдаа арчаатай хүн болоосой л гэсэн агуулгатай сургаал руу хэлэх үг минь гол төлөв чиглэдэг дээ.
-Та хангалттай мөнгөтэй боллоо гэхэд юу хийх вэ?
-Ямар ч байсан хамгийн түрүүнд өнчин, эцэг эхийн хараа хяналтаас гадуурх хүүхдүүдийн боловсролд тодорхой хэмжээг нь зориулна. Гэхдээ би хөлгүй баян болохсон гэж боддоггүй, хүсдэг ч үгүй. Тийм байсан ч хэзээ ч гэртээ зүгээр суухгүй. Надад ус агаар мэт хэрэгтэй зүйл бол хамт олон, ажил.
-Хөрөнгө хураах чухал уу, эсвэл хэрэгцээгээ хангах төдийхөн, өнөөдөртөө сэтгэл хангалуун байлгах мөнгө хэрэгтэй юү?
-Үхэхдээ аваад явах биш дээ, мөнгө хурааж яах юм бэ. Үр хүүхдээ нас бие гүйцээд өөрийгөө аваад явах чадвартай болоход нь дэмжиж, оюуны хөрөнгө оруулалт харамгүй хийх ёстой. Нэгэнт бие даасан, нийтийн дунд биеэ авч явах бүрэн чадвартай болсон бол боллоо. Залуу байхад ээж, аав “Өнөөдрийнхөөрөө амьдар, өнөөдөртөө жаргалтай бай” гэх мэтчилэн сургадгийн цаад утгыг сайн ойлгож, мэдэрдэггүй явж. Одоо ингээд бодоход хүн өнөөдөртөө л жаргалтай амьдрах ёстой юм байна. Би ажилдаа, авч байгаа цалин, үр хүүхдийн сурлагын амжилтад, нөхрийн халамжинд сэтгэл хангалуун байх ёстой. Энэ бол бурхнаас надад өгөгдсөн тавилан. Үүнийгээ улам сайхан болгохын төлөө л ажиллаж яваа Үүнээс илүүд шунах хэрэггүй. “Батын авгай хоёр машинтай, би гуравтай болно” гэдэг мулгуу хүний хүсэл. Машингүй байсан ч нийтийн унаанд төлөөд явах мөнгөтэй байна гэдэг жаргал. Гэтэл хэн нэгэн автобусанд суух мөнгөгүй, орой шөл хийх мах яаж олох тухай бодож суугаа.
-Сүүлийн үед баян хоосны ялгаа их болжээ. Хүмүүс ч хүүхдүүдээ бусдын дор оруулахгүй юмсан, байр оронтой болгохсон гэж боддог. Танд тийм хүсэл байдаггүй гэж үү?
-Хүүхдүүд өөрсдөө л бүтээх ёстой гэж боддог. Боломж байвал сайн сургуульд явуулж, хөгжлийг нь бүх талаар нь дэмж. Хүүхэд тэр хэрээрээ сайхан амьдрах боломжтой болно. Нас биед хүрээд юм, юмтай болохыг хүсэж болно. Гэхдээ тэр хүслээ өөрөө л гүйцэлд үүлэх ёстой. Хөдөлм өрлөх чадвартай, мэдлэг боловсролтой, ажиллах хүсэл тэмүүлэлтэй байж л тэр зорилгоо биелүүлэх боломжтой. Нэгэнт тархиа ажиллуулж, гараараа хөдөлмөрлөж, хүссэнээ олж авсан хүнтэй “Чи баян байна” гэж зарга хийх утгагүй.
-Гуйлга гуйгаад сууж байгаа хүмүүсийг арчаагүй гэж боддог уу, эсвэл хувь тавилан нь тэр гэж ойлгодог уу?
-Янз бүр. “Надад үнэхээр өөр арга алга. Тусалж дэмжих хүн дэргэд байхгүй. Миний өмнө бүх хаалга хаалттай, гарах гарцгүй болсон” гэхийг зарим хүний нүднээс олж хардаг. Тэгтэл яаж ийгээд таван төгрөг олж, архины мөнгө босгохсон гэсэн хүмүүсийг хараад л мэддэг. Тийм хүмүүст мөнгө өгвөл тус болохоосоо илүү гай л болно. Дөрвөн мөчгүй хэрнээ “Би та нарт эгшиг дуугаа сонсгоё” гээд бишгүүр тоглож суугаа залуу хөдөлмөрлөж байна. Магадгүй халаасанд тань мөнгө байвал тийм хүмүүсээс харамлах хэрэггүй.
Б.ДӨЛГӨӨН