“Бичиг соёл боловсролын төв” ТББ, Чин ван Ханддоржийн өргөөтэй хамтран уран бичлэгийн үзүүлбэр зохион байгуулав. Уран бичлэгийн энэхүү хамтарсан үзүүлбэрийг залуу уран бүтээлч О.Ням Очир, Э.Анхбаяр нар дэлгэсэн юм. Уг үзүүлбэр нь уран бүтээлчдээс ур чадвар, сэтгэл зүй, анхаарал шаарддаг бөгөөд олон хүний өмнө өөрийгөө илэрхийлэх дотоод ертөнцийн илрэл учраас тухайн хүний хэр чадал чансаатайг тодорхойлпог гэнэ. Монголын нууц товчооноос сэдэвлэсэн энэхүү уран бичлэгийн үзүүлбэр залуучууд, хүүхдүүдэд монгол уламжлал, түүх шастираа таниулах, уран бичлэг, монгол бичгээ хүндэтгэх, соёл түүхээрээ бахархах үзлийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулна гэж зохион байгуулагчид онцлов.
Дашрамд дурдахад, тус төв нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, БШУЯ, МУЭХ, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Бичиг соёл 2014” олон улсын уран бүтээлийн үзэсгэлэнг зургаа дахь жилдээ зохион байгуулж байна.