АНУ-ын Виржиниа мужаас Жөү Флеминг хэмээх зураач эмэгтэй манайд ирээд байгаа аж. Мариландийн урлагийн институт болон Америкийн их сургуулийг дүүргэн, Монтгомери коллежийн урлагийн тэнхимд багшилж байсан туршлагатай уран бүтээлч монгол залууст лекц уншиж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. “ХААН” банкны “Улаан гэр” арт галерейд маргааш болох энэхүү хэлэлцүүлэгт урлаг, уран зургийн чиглэлээр суралцдаг, энэ салбарыг сонирхон судалдаг хэн ч оролцох боломжтой гэнэ.
Энэхүү үйл ажиллагааг Америкийн Элчин сайдын яам болон тус улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй урлагийн хөтөлбөрийн хүрээнд Монголын урлагийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж байгаа юм байна.