Д.Галбаяр удахгүй дэлгэцэд гаргах “Тусгай ажиллагаа” киноныхоо эвлүүлгийг хийгээд сууж байхад нь өрөөнд нь явж орлоо. Олонх найруулагчаас олж хардаг омголон, бардам гэмээр занг түүнээс эрэх хэрэг байсангүй. Даруухан, бүр хэтэрхий даруухан ч гэж хэлж болохоор нэгэн. Бас энгийн. Ямар ч асуултад худлаа хариулах гэж хичээхгүй байгаа нь үнэхээр сайхан санагдсан. Нүүр тулан уулзаж байгаагүй ч, түүний аав, жүжигчин Г.Дашхүү агсан ч ийм л хүн байсан болов уу гэсэн бодол эрхгүй төрлөө. Аавтайгаа дэндүү адилхан болохоор нь зарим асуулт маань түүнийг аавтай нь жишсэн, харьцуулах гэсэн өнгө аястай болж орхив. Харин тэр үүнийг “Аавын минь орон зай дэндүү том байсныг энэ тоолонд л мэдэрдэг юм” гэж эвтэйхэн эерүүлсэн. Түүний яриаг хүргэе.
-“Тусгай ажиллагаа” инээдмийн киноны нээлт аравдугаар сарын 15-нд үзэгчдийн хүртээл болно. Та өмнө нь “Намрын синдром”, “Хайрын рекорд”, “Тагнуулч аав” зэрэг инээдмийн уран сайхны кино найруулж байсан. Яагаад инээдмийн киногоор дагнаад байна вэ?
-Уран бүтээлч болгон өөрийгөө тодорхойлох өнгө аяс, мөн чанараа хайдаг байх. Би инээдмийн киноноос өөрийгөө олсон юм болов уу. Энэ мэдрэмж надад илүү ойрхон байдаг. Бас амттай санагддаг. Уран бүтээлчидтэйгээ ажиллахад ч илүү нийцтэй, таатай байдаг. Гэхдээ зөвхөн инээдмийн киногоор өөрийг өө хайрцаглаад, дандаа энэ төрлийн кино хийнэ гэсэн үг биш. Би 2009 оноос хойш кино хийж байгаа. Эхэндээ өөрийгөө тодорхойлох амаргүй байсан учраас инээдмийн киног барьж авсан. Энэ ч бас аавтай холбоотой байх аа.
-Энэ төрөл “цусанд шингэчихсэн” гэж үү?
-Жанчив ах, аав хоёртой хамт Хүүхэд залуучуудын театр хүртэл инээлдээд алхаж байсан үе дандаа санагддаг. Хамтдаа тоглож, инээлдэж явсан тэр үеийг санахаар би аавтайгаа найзууд шиг байжээ. Тэр үеэс л урлагийн хошин төрлийг илүү шохоорхож, татагддаг болсон. Гэсэн хэдий ч миний уншдаг зохиолууд инээдмийнх биш. Ихэвчлэн Достоевский ч юм уу, хүнд үйл явдалтай зохиол уншдаг.
-Хэдэн нас хүртлээ аавтайгаа хамт байсан бэ?
-20.
-Энэ мэргэжлийг тэр үед сонгочихсон байжээ?
-Намайг урлагийн хүн болоход нөлөөлсөн хүн нь аав. Би спортоор хичээллэж, олон улсын тэмцээн, ДАШТ-д оролцдог байхад аав намайг урлагийн хүн болгосон. Би таэквондогоор хичээллэж, спортын мастер зэрэгтэй, хар бүс, хоёр дантай болсон байсан.
-СУИС төгссөн үү?
-СУИС-д орохдоо Лхасүрэн багшийн шавь болоод, төгсөхдөө Сугар багшийн шавь болсон.
-Сургууль төгсөөд шууд найруулагчаар ажиллах хэцүү байх аа. Нас залуу байдаг. Илүү туршлагатай жүжигчидтэй ажиллана. Тиймдээ ч жүжигчид мэргэжлээ ахиулж, дараа нь найруулагч болдог юм байна гэж анзаарсан юм.
-Би найруулагчийн мэргэжлээр хоёр жил сураад, үлдсэн хугацаанд нь жүжигчнээр сурч, төгссөн Хааяа мэргэжлээрээ ажиллах юмсан гэдэг хүсэл төрдөг юм. Намайг “GO” студийг байгуулж байх үед студи байгуулах давалгаа Монголд бий болсон байлаа. Би ч юугаар дутах вэ. Нэг компьютер, камер худалдаж аваад эхэлсэн.
-Хамгийн эхлээд ямар ажил хийв?
-Одоо дэлгэцээр гарахаа больсон доо. Миеэгомбо найзтайгаа киноны тухай “Фокус видео групп” нэвтрүүлэг хийж эхэлсэн. Дараа нь “Их тайз” театр урлагийн нэвтр үүлэг хийж байгаад “ТВ коктейл” хамтлагийнхан жил гаруй хамтран ажилласан.
-Реклам хийдэг үү?
-Сайн реклам хийж чаддаггүй юм аа. Магадгүй реклам хийдэггүй учраас кино урлаг руу ороход нөлөөлсөн байх. Дуучин Жавхлантай сүүлийн найман жил хамтран ажиллаж, бүх клипийг нь хийсэн. Манайх анхнаасаа реклам хийж эхэлсэн бол энэ ажлынхаа ард гарахгүй, кино хийх хэмжээнд хүрэхгүй байсан байх. Бүх ажлаа орхиод дайрч байж л киноны ажлыг дуусгана шүү дээ.
-Нэг кино хэдий хэрийн хугацаанд бүтдэг вэ?
-Шинэ киногоо зургаан сар хийлээ. Манай кинонд цаг агаарын байдал, улирлын хамаарал байхгүй байсан ч, намар л үзэгчдийн хүртээл болгоно гэж төлөвлөж, зорилготой ажилласан. Нэг сарын дотор зураг авч, нэг сар эвлүүлэг хийгээд гаргана гэж зүтгэсэнгүй.
-Одоо манайд дандаа л арилжааны кино гарч байна, жинхэнэ бүтээл алга гэдэг шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Шүүмжлэлд бодитоор хандаж, хүлээж авахыг хичээдэг. Одоо хүн болгон шүүмжлэгч болж, олон нийтийн сүлжээгээр санал бодлоо чөл өөтэй илэрхийлж байна. Энэ бүгдийг дагаж, анзаарч, мэдэрч байх ёстой. Гэхдээ арилжааны кино байх ёстой юм. Дэлхий дээр ч байна шүү дээ. Арилжааны киног үзэн ядаад, байхгүй болгочихвол хүмүүс юу үзэх юм бэ. Дандаа л уйтгартай кино үзэх хэрэг үү. Ер нь хүн их үзэж, ашиг олсон киног арилжааны гэж гадуурхаад, хүн үзээгүйг нь “бүтээл” гэж дөвийлгэх нь утгагүй. “Энэ бүтээл учраас хүн ойлгох албагүй” гэсэн тайлбар хийдэг нь ч инээдэмтэй. Киног хүнд зориулж хийдэг биз дээ.
-Урлаг нийгмээс нэг алхмын түрүүнд явах ёстой гэдэг шүү дээ.
-Энэ бол социализмын үеийн ойлголт. Урлаг бол нийгмээс ангид зүйл биш. Дунд нь байгаа. Урлаг гэж тусгай нэгэн гариг байгаад нийгмээ чирээд яваа юм биш байх. Нийгмийн толь нь байх учиртай. 1990 онд нийгэм өөрчлөгд өж, эдийн засгийн шилжилт амархан явагдлаа. Хэн нэг нь ядуурч, нөгөө нь баяжаад нүдэнд ил харагдаж байна. Харин хүний сэтгэхүйн өөрчл өлт их удаан явагддаг аж. Социализмын үеийн сэтгэлгээ нь оршин тогтносоор л, шагнал тарааж нэгийгээ хөөрөгдсөөр л явна.
-Шагнал хэрэггүй гэж үү?
-Шагнал, урамшуулал хэмжээ, хязгаартай байх хэрэгтэй. Нэг кинонд тоглож, нэг дуу дуулчихаад Соёлын тэргүүний ажилтан гэдэг тэмдэг зүүгээд байна. Бараг СУИС-ийн ромбо дипломонд нь дагалдуулж өгч мэдэхээр болжээ. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Залуу хүмүүс сэтгэлгээгээ чөлөөтэй болгож, ийм утгагүй зүйлсээс холдох ёстой.
-Бас киноны залуу уран бүтээлчид гадаад кино хуулбарлаж нэр хүндээ унагах юм. Таны хийсэн “Намрын синдром” уран сайхны кино ч бас энэтхэг киног хуулбарласан гэж шүүмжлүүлж байсан.
-“Намрын синдром” киноны зохиолыг “ТВ коктейл”-ийн Энхбаяр бичсэн. Кино эхлүүлэх агшин их чухал даа. Бид киногоо хэрхэн эхлүүлэх тухай ярилцаж байгаад Энхбаяр “Нэг энэтхэг кино ингэж эхэлдэг юм. Үүнийг дуурайя” гэсэн. Бид тэр эхлэлийг авсан нь үнэн. Гэхдээ үргэлжлэх үйл явдал нь огт өөр. Дараа нь манай “Тагнуулч аав” киноны зохиолыг Буян гэж хүн би бичсэн гэж ярилцлага өгч байсан.
-Хошин урлагийнхантай хамтран ажилладаг төдийгүй, тэр хүний зохиолоор олон продакшн уран бүтээлээ хийдэг гэж ярьж байсан. Бас өмнө нь гаргасан номонд энэ зохиол багтсан байгаа гэж байсан санагдаж байна.
-Би тэр хүний номыг унших нь бүү хэл, өөртэй нь хоёр гуравхан удаа л тааралдаж байсан. “Тагнуулч аав” кино зохиолыг би бичсэн. 2009 онд бид Японы ЖАЙКА байгууллагын Шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлах товчооны тухай хоёр ангитай баримтат киног манай студи хийсэн юм. Дараа нь Хүрлээ ах таван жүжигчнийг хүүхдүүдтэй нь хамт тоглуулсан кино хийе гэж ярьсан юм. Тэгэхээр би ийм зохиол бичье гэж бодоод “Эвлэрүүлэн зуучлах алба” гэж зохиол бичсэн. Нэр нь тэр зохиолчийнхтой давхацсанаас биш өөр зохиолууд. Би кино зохиол бичсэн. Харин тэр хүнийх жижиг өгүүллэг байсан гэж дуулсан. Гэхдээ хуулбар хийх амтгүй юм билээ. “Хүмүүс энэ санааг нь аваад, ингээд хийчихье” гэдэг л юм. Би ч хийж үзсэн. Гэхдээ л амтгүй. Тиймээс залуу хүмүүс хуулахаас илүүтэй толгойгоо ажиллуулж, шинэ санаа гаргах хэрэгтэй. Мэдээж санаа давхцахыг үгүйсгэхгүй. Нийгэм хурдацтай өөрчлөгдөж, олон үйл явдал болж байна. Нэг удаа би найздаа шинэ зохиолыг санаагаа яритал “Юу билээ. Наадах чинь Чаки Чаны кино бил үү” гэдэг байгаа. “Аан, ийм кино байдаг юм уу” гээд өнгөрч байх жишээтэй. Гэхдээ бага хуулаасай л гэж хүсэх юм.
-Хамгийн сүүлд хийсэн кинондоо сэтгэл хэр хангалуун байна вэ?
-Инээдмийн кинонууд үйл явдал, санаа нэг тойрогт л эргэлдээд байдаг шүү дээ. Түүнийг өөрчлөхийг л хүссэн. Энэ кинонд хэсэг залуус архины үйлдвэр барьцаалж, цагдаагийн газрын дарга Баярмагнай тэднийг хэрхэн будлиулж байгаа тухай гарна. Өөрийгөө магталтай нь биш дээ, зорьсон хүсэлдээ нэг алхам ч атугай ойртсон л гэж бодож байна.
-Санаанд үргэлж уяатай байдаг ч, хийж чадахгүй байгаа ямар ажил байна вэ?
-Жүжиглэх.
-Жижиг дүрд ч тоглож байгаагүй юү?
-13 настай байхдаа И.Нямгаваа найруулагчийн “Цахилж яваа гөрөөс” уран сайхны кинонд Өлзийхүү эгчийн хүү болж тоглож байсан. Тэрнээс хойш Бат-Өлзий ахын “Ноён солиот” кино, Л.Болдбаатарын “Хар нүдэн бүсгүй” дууны клипэнд тоглож байсан. 2014 оны нэгдүгээр сарын 1-нд би тэмдэглэлийн дэвтэртээ “Энэ жил жүжигчний карьер” гэж бичсэн ч чадсангүй. Он дуусаж байгаа ч би кино нээх гээд л явж байна. Санаж явбал бүтэх байлгүй дээ.
-Жүжигчин Галбаярыг найруулагч Галбаяр хэрхэн тодорхойлох бол?
- Жүжиглээд гараад ирвэл “Аав нь мундаг жүжигчин дээ, энэ нөхөр бол явахгүй нь ээ” гэх болов уу гэж анх айдаг байсан. Харин одоо бол зориг ороод байгаа. Найзууд маань ч шахаж, шаардаж байна. Өөрийгөө тодорхойлж хэлж чадахгүй ээ. Гэхдээ би кино зохиол бичихдээ дүр болгондоо хувирч, жүжиглэж байгаа мэт төсөөлж бичдэг.
-Аавтайгаа үргэлж жишүүлж амьдрах, нэр хүндийг нь өргөж явах амар ачаа биш байх аа.
-Миний хувьд их хэцүү. Анх намайг Дашхүүгийн хүүхэд гэдэг байсан. Галбаяр гэдэг нэр байдаггүй ээ. Миний дотор ч бас нэг юм гозолзоно шүү дээ. Тэглээ гээд аавтайгаа барьцаад байгаа юм байхгүй. Гарцаагүй дарагдсан тамгыг би яах юм бэ. Ингээд байж байтал Хулангийн нөхөр болоод явлаа. Бас л Галбаяр гэдэг нэр байхгүй. Аавтайгаа харьцуулагдаж, түүнийг дааж явна гээд хүнд ачаа үүрсэн мэт түүртээд байхгүй ч, аливаад бодолтой хандахгүй болдоггүй л юм. Би 34 нас хүрчихлээ. 2004 онд СУИС төгсөөд өдий хүртэл урлагийн замд орж, ажиллаж амьдарч байхад олон хүн аавын минь тухай асууж, дурсаж явааг харахаар урлагт эзэлсэн аавын минь орон зай дэндүү том юм” гэж бодогддог.
-Жанчивдорж, Дашхүү гэж хоёр жүжигчний нөхөрлөл, бас уран бүтээлийн хоршлыг мартахын аргагүй. Тэгвэл тэдний хоёр хүү кино урлагт хүчин зүтгэж, найруулагч болжээ. Та хоёр хэр ойр дотно вэ?
-Манайх Тээврийн товчооны дэргэдэх энэ байранд нүүж ирээд 24 жил болжээ. Ээж маань одоо ч эндээ байгаа. Түүнээс хойш Сэнгэдоржийнх, манайх дээд доод давхарт амьдарч байсан учраас ойр дотно байж ирсэн. Одоо ч би нэг зохиол бичлээ гэхэд Сэнгэдоржоо уншуулж, үгийг нь сонсдог, уран бүтээлийн найзууд.
-Таны дүү Галбадрахтай өмнө нь уулзаж байсан. Чадварлаг хөгжимчин шүү. Үргэлжлүүлэн суралцаж байгаа гэл үү. Аав, ээжээс хэдүүл вэ?
-Галбадрах маань Бостон их сургуульд мастер хамгаалж байгаа. Манайх тавуулаа. Би айлын яг дундах нь. Дүү бид хоёр урлагийн мэргэжилтэй. Ах маань “Старсофт” гэдэг компанитай. Одоо ургийн бичгийн программ зохиож, “Удам.мн” сайт ажиллуулж байна. Эгч, эмэгтэй дүү маань ч гэсэн өөр өөр мэргэжил эзэмшин, ажиллаж амьдарч байна.
-Кино найруулагч мэргэжилтэй хүмүүс юунаас илүү их суралцдаг вэ. Сургуульд сурч, мэргэжил дээшлүүлнэ гэхээс илүүтэй уран бүтээлээ хийгээд байгаа харагддаг юм.
-Нэг уран бүтээлийн ард гарна гэдэг нь маш том сургууль болдог. Кино хийхийн тулд тархи ямар ч завгүй, мөнхийн хөдөлгүүртэй мэт л байдаг. Бүх хүчээ шавхаж ажлаа дуусгана. Сумхүү гуай “Найруулагч хүнд сургууль гэж байдаггүй. Хамгийн том сургууль нь амьдралын их сургууль юм” гэсэн байдаг. Би энэ үгийг л бодож явдаг. Оросын найруулагч Леонид Гайдай л гэхэд амьдралынхаа турш ихэнх цагаа хар зах дээр өнгөрүүлдэг байсан гэдэг. Бидний уран бүтээл амьдрал л тусгалаа олдог. Заримдаа уран бүтээлчид шинэ санаа дуусчихлаа л гэдэг. Ашиг олоод, амьдрал нь дээшлээд, том жийп унаж, хауст амьдраад эхлэхээрээ л хүмүүс амьдралаас холдож, эгэл зүйлсийг мэдрэхээ больдог байх. Түмэнтэйгээ байж амьдралын сайхныг олж нээх хэрэгтэй. Хүн л оршиж байгаа үед санаа дуусахгүй. Тиймдээ ч би энгийн өдрүүдэд автобусанд суугаад л явдаг. Угаасаа би олны танил биш болохоор хэнээс ч зовохгүй.
-Танил байсан ч автобусаар явбал гоё энгийн юм биш үү?
-Тийм шүү.
-Бас та нар ч гэсэн мөнгөтэй болж, амьдралаа дээшлүүлэхийн тулд л кино хийж байгаа биз дээ?
-Кино урлаг үнэтэй шүү дээ. Мөнгөтэй байж кино хийнэ. Кинонд тоглодог жүжигчид нь ч үнэтэй.
-Монголын жүжигчид ч үнэлгээгээрээ эрэмбэлэгддэг болсон уу?
-Жүжигчдийн үнэлгээ нэмэгдэж байна. Гэхдээ ярилцаад, заримдаа гуйгаад тоглуулна. Энэ урлаг өөрөө үнэтэй учраас араас нь зайлшгүй мөнгө ярих нь зүй. Хэр их ашиг олсноор нь амжилтыг нь ч хэмжиж болно.
-Тэгвэл та Холливудын болон Барууны жишгээр кино бүтээсэн зардлаа нээлттэй зарлаж болох уу?
-Зарлачихвал дараа нь хүмүүс тооны машин цохиод, ашигтай ажиллаа, эсвэл шатчихлаа гээд ярих болно.
-Та олон найзтай байх. Гэхдээ тэдний ямар зан чанар нь танд ойр байж, та нарыг нэгтгэдэг вэ?
-Миний амьдралын салшгүй нэг хэсэг нь найзууд минь. Миний аав ямар сайхан нөх өрлөлийг үлгэрлэн харуулаад буцсан бэ. Тэд маань 40 жил найзлахдаа муудалцаж үзээг үй гэдгээрээ үргэлж бахархдаг байсан. Тийм сайхан нөхөрлөлийг үлдээсэн эцэг байхад хүний сайн найз явах ёстой л гэж би боддог. Хүн л болсон хойно, бусдад таалагдахгүй олон зүйл надад байгаа. Хачин араншин ч бий. Энэ бүгдийг ойлгож надтай нөхөрлөж байгаа найзуудаа хайрладаг. Дуучин Жавхлан, жүжигчин Мөөжиг бид гурав илүү дотно нөхөрлөдөг.
-Дуучин С.Жавхлан Монгол тулгатны галыг бадраана гээд хөдөө орон нутгаар аялж, “Хамаг Монгол” төслийг эхлүүлсэн. Тэгэхээр та бүхнийг үзэл бодол, шүтлэг, хандлага бас ижилхэн үү?
-Монголын төр улсыг нэгтгэсэн Чингис хаан тэнгэр үзэлтэй байсан. Би, бид ч тэнгэр үзэлтэй, тэнгэр шүтлэгтэй. Гэхдээ бид мэгзэм мэдэхгүй. Би “Тагнуулч аав” киноны зураг авалт эхлүүлэхийн өмнө жаахан байхдаа тоглож өссөн киноныхны зуслангийнхаа уулан дээр гараад тэнгэр өөд харсан. Ямар ч үүлгүй цэлмэг өдөр байсан учраас би “Энэ кино амжилттай болох нь” гээд баярласан. Бас миний төрсөн өдөр байсан юм. Дараа нь киногоо нээсэн өдөр ч тэнгэр рүү харахад ямар ч үүлгүй байсан. Их сайхан санагдаж байсан. Кино нээнэ, шинэ уран бүтээлээ үзэгчдэд хүргэнэ гэдэг хэлэхийн аргагүй айдас, догдлол бий болгочихдог. Шинэ хүүхэд төрөх гэж байгаа юм шиг л санагддаг.
Ж.СОЛОНГО