Парамайнд Арт болон Тэнгри Консептын хамтын бүтээл болох Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын найруулга, соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиол “Сүүлчийн шөнө” кино аравдугаар сарын 10-нд нээлтээ хийх гэж байна. Тус кино нь хүний амьдралд хайрын үнэ цэнэ, итгэлийн үнэн хаана оршдогийг өгүүлэх юм. Энэхүү киног дэлгэцийн бүтээлийн хамгийн хүнд төрөл болох Мелодрам төрлөөр хийсэн байна. Киноны ерөнхий продюссороор соёлын тэргүүний ажилтан Х.Соёмбо, хоёрдугаар найруулагчаар соёлын тэргүүний ажилтан Н.Отгонтогос ажилласан байна.
Энэхүү кино гарснаар үзэгчидэд соёл хүмүүжлийн хүчтэй зэвсэг болж, сэтгэлгээний шинэчлэл авчирна гэж найдаж байгааг кино хамт олон хэлж байлаа. Найруулгын шинэлэг арга барилыг шингээн бүтээж буй энэхүү бүтээлд кино урлагийн шилдэг зураглаач, гэрэлтүүлэгч нар ажиллаж байгаагаас гадна тайз дэлгэцийн гурван үеийн төлөөлөл болсон мэргэжлийн жүжигчид гол дүрийг бүтээснээрээ онцлог аж.
Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар “Зохиолыг бичихэд их хэцүү байсан. Хайр бол мөнхийн сэдэв. Оньсого мэт зүйл. Өнөө ч тэр оньсогыг тайлаагүй байна. Хайр сэтгэл гэдэг ганцхан сэдвийг үе үеийнхэн яаж гаргах нь надад их сонин байсан. Энэхүү кино нь хайрын үнэн сэтгэл, сэтгэлийн учиралын тухай кино юм ” гэж ярилаа.
Хүний гурван үеийн амьдралын нэг кинонд багтаасан энэхүү кино нь хүний ариун нандин сэтгэлийн чинад байдаг тэрхүү зүйлийг өгүүлэх юм.
М.Болорцэцэг гэрэл зургийг Г.Эрдэнэтуяа