Намуухан дуугаар, үгээ зөөж ярих энэ хүнийг Норовын Пүрэвдагва гэдэг. Мэдэж, таних нь түүнийг андахгүй. Зүс царайгаар нь танихгүй юм гэхэд Монголын нэгэн үеийн хүүхэд, залуучууд түүнийг мэддэг байсан. Өдгөө ч мэдэх нь нэлээд хувийг эзлэх биз. Юу гэхээр түүний орчуулснаар бид дээвэр дээр суудаг Карлсонтой танилцсан. Мөн И.В.Гоголь, Э.Л.Войнич, У.Шекспир, Г.Г.Маркес, Б.Брехт, М.Булгаков, З.Бжезински, В.Э.Мейерхольд нарын дэлхийн хэмжээний хүмүүстэй тэрбээр биднийг холбосон. Ийм нэгэн хүнтэй ярилцсанаа хүргэе.
-Таны орчуулсан номнуудыг хараад байх нь ээ, бүтээлийн цар хүрээ, сонголт нь ихэнхдээ хүн, нийгмийн сэтгэл зүй рүү хөтөлсөн байх юм. Хувь хүн болон хүмүүсийн тусгал нь тухайн нийгмийг тольдох боломж гэдэг. Сая П.Брукийн “Хоосон орон зай”-г хэвлүүлэхээр өгсөн гэлээ. Орчуулга хийнэ гээд юу дуртайгаа барьж авдагг үй байх л даа. Ер нь ямар мессеж өгөхийг хүсэж ийм сонголт хийдэг вэ гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье.
-Орчуулгаа эхлүүлсэн “Дээвэр дээр суудаг Карлсон, Жаалхүү хоёрын тухай гурван тууж” номноос улбаалан хүүхэд, залуучуудын сэдэв гэж ойлгож болно. Тэрийг зарим нь хүүхдийн ном гээд тоодоггүй. Гэтэл нийгмийн жинхэнэ буртгийг нийлүүлж байгаад л ном хийсэн юм шүү дээ. Юу гэхээр Карлсоныг харж ханддаг нийгэм байхгүй, хайрлаж энхрийлдэг аав, ээж, эвий нааш ир гэх ах дүү, төрөл садан ч үгүй. Манайхаар бол, нэг хэсэг баахан шуугисан нөгөө траншейны гэж нэрлэгдсэн хүүхдийн тухай л нэг хувилбар. Яах вэ дээ, Швед хөгжилтэй орон болоод тэр үү, аль эсвэл Астрид Линдгрен эмэгтэй хүн болоод тэр үү Карлсоныг газар дор биш, нуруунд нь сэнс зүүгээд, дээвэр дээр л гаргасан хэрэг. Тэрнээс биш тэр сэнстэй нөхөр мундаг болоод орой дээр байгаа юм биш. Жаалхүү ч гэсэн хөөрхий, айлын хэнз хүүхэд. Тоглохыг нь хориглодог учраас найз нөхөд байхгүй. Хэнз учраас аав, ээж, ах эгчтэйгээ байх ёстой насны харьцаа алдагдсан, нэгэн янзын илүүдсэн “ачаа”. Эндээс харахад гол хоёр баатар нь нийгмийн хаа нэг буланд шидэгдсэн хөөрхий амьтад байгаа юм. Тэрнээс гадна асрагч авгай бий. Тэр бол ёстой жинхэнэ хувалз. Ийм олон эмзэг хүнийг нийлүүлээд хүүхдийн гэсэн тодотголтой зохиол биччихсэн байгаа юм. Илэрхийлэл, хэлэх гэсэн санаа нь уг нь ойлгомжтой. Гэтэл манайхан түүнийг ерөөсөө сайн ухахгүй, тэр том санаа нь жижигхэн үйл явдлын ард хоцроод байх шиг. Одоо бодоход анхны орчуулгаараа нийгмийн асуудал хөндсөн том сэдэв рүү орчихсон юм болов уу. Үүнээс гадна орчуулгын минь хоёр дахь хэсэг гэж болмоор сэдэв бол театр. Өнгөрсөн жил “Гэгээн Муза” наадмын болон бусад олон шагнал хүртсэн “Кихот ноён” жүжиг байна. Ингээд бодохоор хийсэн бага сага ажил минь үнэлэгдэж байгаа юм байлгүй дээ. П.Брукийн бүтээлийг яагаад орчуулав гэлээ. Хоосон орон зай гэдэг их учиртай. Тайзыг тэгж хэлсэн хэрэг. Тэр тайзан дээр зорьсон бодсоноос өөр ямар ч өнгө будаг байж болохгүй, ариун байлгах учиртай л гэсэн утга. Үнэн дотроос үнэнийг хайж байгаа учраас явсаар хоосон орон зайн дундаас тодруулна гэсэн санаа. Зөвхөн уран бүтээлийн жинхэнэ үнэн, ариун зүйл байх ёстой орон зайд улс төр, үндсэрхэг дээрэнгүй үзэл орохоор л бохирдох аюултай. Чухам тийм л чиг баримжаа барьж явсан хүмүүс бол Мейерхольд, Брук нарын хүмүүс шиг байна. Тиймээс ийм хүмүүсийн бүтээлийг боломжийнхоо хэрээр орчуулах санаатай зүтгэж явна. Гурав дахь чиглэл гэвэл нийгэм-гүн ухааны маягтай юм уу даа. Сүүлийн үед хүмүүс жаахан сонирхоод байгаа бололтой нэг ном бол “Буурай орноос бусдын манлайд хүрсэн замнал”.
-Үнэний үнэнийг шигшинэ гэлээ. Тэгэхээр Пүрэвдагва гэдэг хүн ч өнгөрсөн хугацаанд үнэний эрэлд гарч гэж ойлгож болох уу. Ер нь эрлийн үзүүрт үнэн гэдэг зүйлийг олов уу. Таны хувьд үнэн гэж чухам юу юм бэ?
-Маш ойлгомжтой энгийн зүйл ойлгомжгүй байх нь бий. Жишээ нь, сүүлийн үеийн залуу сэтгүүлчид “Мэдээж” гэдэг үгийг маш өргөн хэрэглэдэг. Тэгэхээр хүн хэдэн хөлтэй вэ? Мэдээж хоёр хөлтэй. Тэгвэл хүн хэдэн ходоодтой вэ гэж асуувал мэдээж нэг л гэж хариулна. Гэтэл үгүй юм аа. Мэдээжийн нэг дээр өөр нэг ходоод бий. Тэр бол тархинд байгаа цэнэг байх л даа. Тэрийг хүмүүс боловсрол гэж нэрлэж. Тэрийг агуулдаг сав нь өөр ходоод. Тэгэхээр мэдээж юм болгон мэдээж биш байдаг. Үүнийг чухам юу гэж тайлбарлаж, яаж ойлгох ёстойг мэдэхгүй юм. Энэ бол мөнхийн эрэл байх. Эрлийн үзүүрт юу болж байна гэхээр шашны ном, номлол үүсэж байна. Христ, будда, бөө гээд ямар шашин байх нь хамаагүй, бас дэлхий дээрх мундаг оюунлаг хүмүүс гээд бүгд л ямар нэгэн зүйлийн хариултыг хайж, мөнхийн эрэлд гарч. Тэр эрлийнх нь эцэст ном бүтээл л үлддэг юм шиг байна. Харин би бол хөрвүүлж бардаггүй орчуулагч, бичиж гавьдаггүй зохиолч болохоор миний эрэл юу шалих вэ дээ.
-Ер нь Та ямар мэргэжилтэй хүн юм бэ. Физикийн мэргэжлээр сурч, төгссөн гэж сонссон.
-Физик бол хамгийн их хөрвөх чадвартай шинжлэх ухаан гэдэг. Тэр чигтээ философи шүү дээ. Би физикийн чиглэлээр төгссөн өөс цаашгүй. Тухайн үед дунд сургуульд гайгүй сурлагатай хүүхдүүд их сургуулийн физик, математикийн ангид орох ёстой гэдэг хандлага байлаа. Би тэр аясаар хөтлөгдөөд л физикийн анги сонгосон. Тухайн үеийн хандлагыг харахад физикээр мэргэшсэн хүмүүсийн бараг 95 хувь нь дунд сургуулийн багш болж байсан. Сургууль төгсөх үедээ энэ бол миний явах чиг, зам биш гэдэг гаргалгаанд хүрсэн. Ер нь оюутан үеэсээ л би орчуулга хийж эхэлсэн байсан.
-Сүүлийн үед л орос хэлийг ойшоохгүй, тоохгүй гэх үү нэг тийм хандлага бий болсон. Сургалтын чанар муудсантай холбоотой байж болох юм. Нэгэн үе орос хэл нийгэмд маш чухал гэсэн хандлага байлаа. Тэр хэрээр маш сайн сургаж байж. Ер нь та орос хэлийг орчуулга хийх хэмжээнд хаана, хэзээ яаж сурсан бэ. Хэлтэй хүн бүр орчуулга хийж чадахгүй шүү?
-Миний бодлоор орчуулагч хүн нэлээд саваагүй байх ёстой. Саваагүй гэхээр савсагануур гэсэн үг биш л дээ. Олон чиглэлээр их зүйл уншиж, мэдсэн байх хэрэгтэй гэсэн утгаар. Тэгж олон салбарын мэдлэг, мэдээлэлтэй болж байж орчуулах чиг хандлага, сонголт аяндаа бий болно. Сүүлийн үед зохиол нь сайн юм, харин орчуулга нь муу гэж ярих болсон. Тэгэхээр энэ бол тухайн орчуулагчийн уншиж, мэдсэнтэй нь л холбоотой байх. Нөгөө талаар орчуулга хийх нь нэлээд тэнэг хүний л ажил даа.
-Яагаад?
-Тэвчээрийн тэнэглэл гэх үү дээ. Жишээ нь, Мейерхольдыг би хэчнээн эрэл хайгуулын дүнд олов. Эйзенштейнийг ч мөн баахан хайсан. Энэ утгаараа их л тэвчээртэй хүний ажил санагддаг. Түрүүн орос хэл яаж сурав гэсэн. Би энэ хэлийг гайхалтай мэддэг хүн биш л дээ, гэхдээ яах вэ. Бидний үед тэгээд ялангуяа хөдөөд орос хэл заадаг багш тийм ч элбэг байгаагүй. Сүүлд тоолж үзэхэд манай ангид орос хэлний багш долоон удаа солигдсон байдаг юм. Тэгээд бодохоор хэцүү байсан. Харин сумын төвд ирсэн киног тасралтгүй нэг, хоёр сар гаргадаг байлаа. Бодоод үз дээ, нэг киног өдөрт хоёр удаа, тасралтгүй хоёр сар үзэхээр бараг цээжилнэ биз дээ. 1960-аад оны эхэн үед тэрнээс өөр үзэх юмгүй шүү дээ. Кино гаргах байшин савгүй. Бүрий болохоор гадаа гаргана даа. Би бага ангид л байсан үе. Хэдэн жаахан юмнууд хамгийн урд нь шомбойтол суучихаад үзнэ дээ. Фронтын ар талд байлддаг нэг тагнуулчийн тухай “Ровнод болсон явдал” гэдэг кино. Тэгээд хожим хотод оюутан боллоо. Орос хэлний шалгалтад үсрээд болдоггүй ээ. Багш болохоор миний дуудлагыг сайн байна гэнэ. Тэгсэн хэрнээ би шалгалтад ер гавихгүй юм. Нэг удаа шинэ жилийн баярын үеэр хэрэндээ жаахан бужигнаж байгаад ариун цэврийн өрөө ортол цонхон дээр нэг ном байна. Аваад үзтэл Медведев гэдэг хүний дурсамж маягаар, их энгийн үг хэллэгээр бичсэн ном байна. Уншаад үзтэл өнөөх цээжилтлээ үзсэн киноны зохиол байна шүү. Тэгээд хүн амьтан бужигнаж байх зуурт уншаад дуусгачихлаа. Жигтэйхэн ойлгож байна аа. Маш их урамшлаа. Дараа нь дахиад хэдэн удаа уншихад бүр ч илүү ойлгосон. Үүндээ урам орж, ер нь иймэрхүү аргаар үзсэнээ дагуулаад уншаад байвал орос хэлээ сайжруулах боломжтойг ойлгосон. Тэр үед орос хэлний мэдлэг минь суга дээшилсэн. Гуравдугаар курст орос хэлний шалгалт өгөөд, хичээл хаалгадаг байсан бол би хоёрдугаар курсийн хагас жилээр өгчихсөн. Бүр хожим 1980-аад оны сүүлчээр НҮБ-ын дэргэдэх англи хэлний тусгай курст сурахдаа би нөгөө аргаараа сурах нь зүйтэй гэдгийг бас мэдэрч, ойлгосон.
-Сүүлийн үед хэн дуртай нь ном орчуулсан гэж ярих болж. Дээхнэ үеийн орчуулгын номнуудын үг сонголт, хэллэг гээд гайхалтай байлаа. Одоо харин давсгүй хоол шиг улбагар, дээр нь хоорондоо элдэв долоон үг дэлгээд суудаг шигээ ярианы хэлээр бичсэн байх юм. Заримдаа бүр маш энгийн зүйлийг хүртэл орчуулахгүй гадаад үгийг тэр чигт нь галиглаад буулгасан байх жишээтэй. Орчуулгын чанарын талаарх таны бодлыг сонсъё.
-Ноднин манай эхнэр “Шинэ ном гэхээр нь чамд үзүүлэхээр аваад ирлээ” гэсээр нэг ном өглөө. “Дээвэр дээр суудаг Карлсон, Жаалх үүгийн тухай тууж” байна аа. Монголд анх удаа орчуулан, хэвлүүллээ гэсэн тайлбартай юм. Нэг номыг хэдэн ч хүн орчуулж болно л доо. Гэхдээ өмнөх нэгнийхээ орчуулгыг улам сайжруулж явах ёстой гэж боддог. Ер нь сүүлийн үед ном мөнгө олох хэрэгсэл болжээ. Тэр утгаараа нөгөө номын зүс царай тун дажгүй шүү, хүүхдийн нүд булаахаар өнгө будагтай юм. Харамсалтай нь, монгол хэлнээ хэвшчихсэн “хатгалга, хатгаа” гэдэг үгийг “пневмония” гээд тэр чигт нь хэрэглэсэн байх жишээтэй. Тухайн зохиолчийн философи, номынхоо мөн чанарыг ойлголгүйгээр орчуулна гэдэг бол хатуухан хэлэхэд нүгэл. Өөр нэг юм бий. Жишээ нь, Виктор Гюгогийн “Шоовдор хүмүүс” зохиолыг монгол хэлнээ 1960-аад онд орчуулсан гэдэг. Хэрэв би андуураагүй бол Б.Ринчен гуайн орчуулга. Яагаад “орчуулсан гэдэг” гэж онцлов гэхээр миний бодлоор тэр номыг орчуулаагүй гэж боддог. “Шоовдор хүн” роман бол тус бүр нь 40 гаруй хэвлэлийн хуудастай хоёр боть шүү дээ. Манайд харин хүүхдэд зориулан хялбаршуулан, товчилсон хувилбарыг орчуулсан байдаг. Үйл явдлыг нь хөөгөөд хялбаршуулан орчуулахаар нөгөө агуу зохиолчийн жинхэнэ зохиол нь байхгүй болж байгаа юм. “Гулливерийн аялсан түүх” ч ялгаагүй.
-Тэгвэл хялбаршуулан орчуулсан гэдэг тайлбартай байх ёстой юм уу?
-Тэрийг би мэдэхгүй. Ямартай ч, “Гулливерийн аялсан түүх” яагаад алдартай болсон юм бэ гэдгийг хялбаршуулсан хувилбараас хийсэн орчуулгаас мэдэх аргагүй. Тэр агуу зохиолыг уншсан, уншуулсан гэхэд хэцүү.
-Тэгвэл Та тэр номуудыг бүрэн эхээр нь уншсан уу?
-Уншаагүй. Гэхдээ л тэр номуудыг гартаа барьж байсан.
-Гэсэн ч Ринчен гуай бидэнд тийм сайхан зохиол байдгийг таниулсан. Тэгвэл орчуулгыг яаж хийх ёстой вэ. Тухайн улс, үндэстний сэтгэхүйн онцлог, ялгаа гэж бий шүү дээ. Түүнд тохируулах уу, эсвэл нөгөөх Есенин, Лермонтов, Пушкиний л философийг гаргаж орчуулах ёстой юм уу?
-Би дээрх жишээг татахдаа Ринчен гуайг буруутгах гээгүй юм шүү. Ердөө л тэр агуу В.Гюгогийн алдарт зохиолыг монголчууд бид унших ёстой л гэж хэлэх гэсэн юм. Яаж орчуулах ёстой вэ гэдэг маргаан үргэлж байдаг. Жишээ нь, “Алтан загасны үлгэр”-ийг Б.Дамдинс үрэн гуай монгол үлгэр шиг орчуулан буулгасныг нэг хэсэг нь жинхэнэ орчуулга гэдэг. Гэтэл тэрний цаана нөгөөх А.С.Пушкин алга болчихож байна шүү дээ. Бид зохиолоор нь дамжуулан Пушкинийг ч таних ёстой. Өөр бүтээлийг нь ч хараад Пушкинийх гэж таних учиртай биз дээ. Францчууд хадмал орчуулгыг их чухалчилдаг. Тухайн хэлний үг зүй, авиа зүйн бүтцийн онцлогийг тэр чигт нь буулган хөрвүүлэхийг хадмал гэж хэлээд байгаа юм. Тэрнээс биш доор нь бичихийг хэлэхгүй. Яагаад заавал ийм хэлбэрийг давхар сонгож байна гэхээр тухайн хэлийг таньж мэдэх зорилготой. Дээрээс нь тухайн орчуулагчийн үгийн сонголт, найруулга хэр зөв байгааг мэдэх боломжтой. Үүнээс гадна францчууд өөрсдийгөө дэлхийд хамгийн шилдэг зохиол, бүтээл туурвидаг, өөрсдөөс нь дээш гарах үндэстэн байхгүй гэдэг ихэрхэлтэй нь ч холбоотой байдаг гэж үздэг юм билээ. Соёл иргэншлийн ялгаанаас болоод тэр бүр ойлгогдохгүй зүйлүүд бий. Жишээ нь, нүүдэлчин монголчуудын гэр гэдэг зүйлийг яаж ч тайлбарлаад суурин соёлтой хүмүүс өөрийн нүдээр харахаас нааш ойлгож, мэдрэхгүй. Үүнтэй адил далайн давалгаа, түрлэг зэргийг харж байгаад бичсэн хөгжмийн зохиолыг жирийн монгол хүн яс махандаа мэдэрч ойлгох уу. Тэгэхээр энэ бүхнийг мэдэхийн тулд хүнд суурь боловсрол байх ёстой. Энэ бол бүрэн бус дунд боловсрол биш л дээ. Дуу хөгжим, ном, уран зураг, түүх, соёл иргэншил гэхчлэн тал талын мэдлэгийг нийлүүлээд суурь боловсрол гэж байгаа юм.
-Та “Кихот ноён”-ыг аль хэлнээс орчуулсан бэ?
-Би Булгаковын жүжгийн зохиолыг орчуулсан. Энэ зохиолыг орос хэлнээ 39 удаа орчуулсан байдаг. Гэхдээ тэдгээр нь голдуу испани хэлнээс биш. Харин 39 дэх орчуулга нь испани хэлнээс юм билээ. Энэ олон орчуулагчийн нэг болох алдарт зохиолч М.Булгаков “Кихот ноён” романыг жүжгийн зохиол болгосныг би орчуулсан.
-Орчуулгын тухай яриад байвал тойроод л яваад байх янзтай. Тэгэхээр сэдвээ өөрчилье. Таныг арай өөрөөр “мөлжмөөр” байна. Анастасия Ивановна ЦэдэнбалаФилатова гэдэг хүний дэргэд багагүй хугацаанд ажилласан гэж сонссон. Та яаж яваад холбогдсон бэ?
-За даа, тэр ч сүртэй юм биш шүү дээ. Хэлсэн даалгасныг нь хэдэн жил хийж байсан хэрэг. Нэг хэсэг тасраад байсан Харшийн сүлд модны наадмыг 1982 онтой золгох жил олон улсын “Найрамдал” төвийн өвлийн ээлжийг ашиглалтад өгөх үеэр сэргээн, үргэлжлүүлэн зохион байгуулах шийдвэрийг Анастасия Ивановна гаргажээ. Тэр театрчилсан тоглолтын зохиолыг орос, монгол хэлээр бичих хүн хэрэгтэй болсон байна. Яг тэр үеэр 1981 оны намар өдийд нэг өглөө гудамжинд явж байгаад би санамсаргүй Дамдингийн Энхээтэй таарлаа. Бид нутаг нэгтэй, Сэлэнгийнх юм л даа. Тэр хүн Монголын пионерийн байгууллагын Төв зөвлөлд Тасгийн эрхлэгч байсан. Тэгээд ойрд уулзаагүй хүмүүс энэ тэрийг ярьж байтал нөгөөх маань намайг нэг чухал хүнтэй танилцуулах болж, хамт явлаа. Тэр хүн нь Хүүхдийн төлөө фондын зөвлөх А.Г.Зуев байсан. Зорилгоо хэлэлгүй тойруулаад л янз бүрийн юм яриад байна. Тэгснээ гэнэт л хамтарч ажилламаар байна гэсэн. Бодвол элдэв юм ярьж, намайг танадаж, сорьсон бололтой юм. Би огт хийж үзээгүй ажилдаа ам гарч чадахгүй байж байтал “Давай, нэг хүнтэй уулзуулна” гэсэн. Тэгж л Анастасия Ивановна гуайтай холбогдох сэжүүр гарсан.
-Сүлд модны наадмын найруулгыг Та бас хийсэн юм уу?
-Үгүй. Л.Лхасүрэн найруулсан. Хоёр хэлээр бичсэн зохиол нухсаар байтал цаг хугацаа дөхсөн. Ингээд гол хүмүүсийг танилцуулсан. Ардын жүжигчин Гомбосүрэн гуай, Хүүхэд, залуучуудын театрын ерөнхий найруулагч Лхасүрэн, Хөгжим бүжгийн дунд сургуулийн багш Жав, Алтанцэцэг, Пионерийн ордны Даваахүү нар байлаа. Зохиолоо танилцуулахад Лхасүрэн “Болмоор юм байна. Янзлах зүйлээ явцын дунд хийхгүй бол цаг алга” гэсэн. Тэгээд бид хоёр оролцон тоглох хүүхдүүдээ хэд хоногт сонгоод, “Найрамдал” руу хөдөлсөн. Сүлд модны наадам олны хүч, дэмжлэгээр болсон. Тэр үеийн нэг зүйл санаанаас ер гардаггүй юм. Анастасия Ивановна “Найрамдал”-д амарч байсан 250 хүүхдэд тус бүрт нь зориулан бэлэг бэлдүүлээд, шөнө унтаж байхад орных нь дэргэд тавиулсан юм. Хүүхдийн төлөө тийм зүйл хүртэл санаачлан, үнэн сэтгэлээсээ өөрийн хүүхэд шиг бодож, сэтгэж байсныг би хэлж чадна.
-Тийм үү, ямар хөөрхөн юм бэ. Ийм яриа дэлгэснийх, ер нь Филатова гэж ямар хүн байв. Нэг хэсэг түүнийг бараг л “мангас” гэх нь холгүй байлаа шүү дээ.
-Тийм шүү. Чухам хэн тэр хүний талаар мэдэмхийрээд байгааг харахад сонин. Миний бодлоор хоёр янзын хүн байна. Нэг хэсэг нь дарга, сайд нар. Тухайн үед өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж чадаагүй, ажлын хариуцлага алдчихаад, өөрийгөө өмгөөлж тэр хүнийг муулна. 1979 онд болсон нэг явдлаар жишээлье. Тухайн үед би тэр хүний дэргэд байгаагүй л дээ. Гэхдээ ийм явдал болсныг сайн мэднэ. Юу гэхээр Олон улсын хүүхдийн жилийг тохиолдуулан Монголд “Найрамдал” зуслан байгуулж, нээсэн юм. Олон улсын тавцанд Монголыг илтгэх нэг өнгө гэдгийг тооцож тэр жил нээсэн хэрэг л дээ. Тэгээд Филатова гуай Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яамаар дамжуулан Хүүхдийн оёдлын үйлдвэрт зуслангийн цагаан хэрэгслийг гурван ээлжээр захиалжээ. Ямар стандартаар, хаана нь амсар гаргахыг хүртэл нарийн тохироод, цаг хугацаагаа товлон, мөнгөө ч шилжүүлжээ. Монголчуудын занг мэдэх тул долоо хоногийн өмнө бэлэн болгохоор тооцож. Хугацаа дөхөөд ирэхийн алдад өөрийн хүнийг явуулаад оёсон бүтээгдэхүүний дээжийг авчруулжээ. Гэтэл нөгөө стандартаас нь тэс өөрөөр оёчихсон байж. Үйдвэрийн дарга, ерөнхий инженерийг нь дуудаж, зохих ёсоор хийлгэхээр болоод явуулсны дараа мөнөөх сайд руу ярьж, захиалгын гүйцэтгэлийн талаар асууж л дээ. Нөгөөх нь бүх юм сайхан болж байгаа, өөрөө үзсэн гэж худлаа туухаар уурлана биз дээ. Ийм маягаар тэр хүнийг муу, муухай гэж ярьдаг хүмүүс байсан. Муухай болгох шалтгаан нь өөрсдөө байснаа хүлээн зөвшөөрдөггүй. Нөгөө нэг хэсэг нь хэт мэдэмхийрэгчид байна. Тэр хүнд таван алхам ч ойртож үзээгүй хүмүүс мэдэмхийрэх юм.
-Ер нь түүх тэгж явсаар гуйвдаг юм биш үү?
-Мэдэхгүй юм даа. Филатова гэж хэн байсныг тодорхойлох нэг явдал ноднин болсон юм. Тухайн үед Хүүхэд асрах байранд өсөж, хүмүүжсэн, өдгөө 50 гарч яваа хүмүүстэй би уулзсан. Тэд л жинхэнэ үнэнийг хэлж байна билээ. Тэр үеийн Боловсролын яамны харьяанд Өнчин хүүхдүүдийг асарч, хамгаалах байр гэж байсан. Хүмүүсийн тэр бүр мэдэхгүй ёстой аймшигтай явдал тэнд болдог байж. Энд тэндээс авчирсан бүтэн өнчин хүүхдүүдийн дунд гудамжинд гараад эвдэрчихсэн, жинхэнэ араатныхаа чадлаар хоолоо олдог болчихсон нь ч байсан. Тэр бүү хэл хар нялхаараа биеэ үнэлэх, тэр үеийнхээр бол янхандах явдал тэнд байжээ. Тийм хүүхдүүдтэй ажиллаж байгаа багш нар хүртэл янз бүр байна. Тэгтэл Филатова гуай тийм эзэнгүй газар байна гэдгийг олж мэдээд, Монголын хүүхдийн төлөө фондын ивээлд авсан юм. Тэгээд нас, хүйснийх нь онцлогт тохируулан халамж үйлчилгээ ч үзүүлдэг болсон. Энэ хүн л бидний төлөө ийм зүйл хийгээд байна гэдгийг хүүхдүүд мэддэг байсан гэж уулзсан тэдгээр хүн ярьж байна билээ. Бид тэр хүнийг үнэн сэтгэлээсээ “Ажаа-мама” гэдэг байсан гэж нүдэндээ нулимстай хуучилсан. Тэдний нэг нь “1982 онд наймдугаар анги төгсөх жил Ажаа-мама асрах байранд ирж хүүхдүүдтэй уулзсан. Би хэдэн дүүгээ бодож, ТМС-ийг сонгосон байлаа. Гэтэл тэрбээр “Миний хүү ийм жижигхэн биетэй, дээрээс нь хүнд боловсрол хэрэгтэй. Ямар ч байсан Х анги төгсөх хэрэгтэй. Тэр үед би чамайг дээд сургуульд оруулж өгнө” гэсэн. Харин бидний аз дутаж, Ажаа-мама 1984 оны зун Москва яваад, буцаж ирээгүй юм” гэж байсан. Ер нь хүүхдийн төлөө чадах бүхнээ л хийсэн хүн шүү” гэж ярьцгаасан. Тэгвэл өөр нэг эмэгтэй “Филатова гуай надад нэг өрөө байр өгсөн. Би хоёр дүүтэйгээ асрахад амьдардаг байсан юм. Тэр хүн байгаагүй бол над мэтэд байр олдоно гэдэг үлгэр байсан” гээд уйлсан. Ер нь тэр газрыг Ажаа-мама анхааралдаа аваагүй байхад олонх охин насаар ах хөвгүүд болон багш нарынхаа хүчирхийлэлд өртөж байсан тухай тэд ярьж, хөөрсөн. Ер нь Филатова гэдэг хүн аливаад ямар нягт нямбай, өөриймсөг ханддаг байсныг харуулах явдал олон л доо. Жишээ нь, Залуу техникчдийн ордныг бүтээн байгуулж, тохижуулах үед тэр хавийн хэдэн бут, сөөгийг хүртэл анхаарч, ингээрэй, тэгээрэй гэж захиж байсан юм шүү. Гэтэл одоо мод бут байтугай тэр сайхан ордон юу болов.
-Та Филатова гуайтай хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-1989 оны сүүлчээр Москвад би тэдэнтэй уулзсан. Тэр үед эрхэлж байсан ажлынхаа дагуу Франц явах болж, виз авах гэж Москвад саатсан юм л даа. Тэгээд хамт ажиллаж байсан өнөө А.Г.Зуев гуайтай уулзтал “Анастасия Ивановнатай уулзах уу” гэсэн. Тэр үед “Болохг үй” л гэсэн ойлголт байсан учраас би “Болох юм уу” гэж асууж билээ. Манай эр бололг үй яах вэ гэснээ утасдаад зөвшөөрөл авсан. А.Толстойн гудамжин дахь хоёр байрыг холбосон дөрвөн давхрын найман өрөө байранд очсон. Тэнд Цэдэнбал, Анастасия Ивановна хоёроос гадна хамгаалагч зэрэг хүмүүс амьдардаг байсан болов уу гэж бодсон. Миний хувьд нэлээд гундуухан л санагдсан. Филатова гуай биднийг даргатай уулзуулсан. Ю.Цэдэнбал гуай өрөөнөөсөө гарч ирэхдээ хэзээнийхээрээ л гараа тохойны үеэрээ хагас нугалчихсан, хөх саарал хослолтой байсан. Зарим хүний ярьдагчлан тэр хүн тухайн үед эрүүл, зүгээр байгаагүй юм шүү дээ. Үнэхээр өрөвдмөөр байсан. Байнга асуудаг жижүүрийн таван асуулттай. Өмнө, хойно нь оруулна гэж байхг үй. Яг л зурагдсан пянз шиг асууж дуусаад давтдаг. Ой санамж нь алдагдсан л хэрэг.
-Тодруулбал, чухам юуны тухай таван асуулт тавих юм.
-Аль аймгийнх билээ. Ямар сургууль төгссөн бэ. Орос хэл мэдэх үү, орос хэлээр ном уншдаг уу гэх жишээтэй. Тэгээд хоёр дахиа асуухыг авгай өнгөрүүлээд, гурав дахь удаагийнхыг нь шууд таслаад “За, өрөөндөө орж амар даа, бид жаахан ярилцъя” гэхэд дуулгавартай нь аргагүй өрөө рүүгээ явсан. Тэр үед Анастасия Ивановна хэдэн хүний тухай нэлээд гомдолтой ярьж байсан. Өндийлгөж, өргөж, өндөр албанд хүргэсэн хүмүүсийг нэрлээд “Москвагаар дайраад явлаа гэж сонсогдох юм. Ядаж утсаар ярихад болохгүй зүйл баймааргүй юм” гэж байсан.
-Та ямар ажлаар Франц явсан юм бэ?
-1987 онд шиг санагдаж байна, Улаанбаатарт 29 орны төлөөлөгчид цуглан, дэлхий нийтээр бичиг үсэг үл мэдэх явдлыг яаж үгүй болгох вэ гэсэн асуудлаар хуралдсан. Буурай орноос хүн ардаа бичиг үсэгт бүрэн тайлсан орон болж 1960- аад онд ЮНЕСКО-гоос шагнал хүртсэн Монгол Улсад тэр хурлыг зохион байгуулах завшаан тохиосон хэрэг. Энэ хурлаас “Улаанбаатарын тунхаглал” гаргаад улмаар 169 орон нэгдсэн “Жомтиены тунхаглал” буюу “Бүх нийтэд боловсрол тунхаглал” болон өргөжсөн түүхтэй. Үүнтэй холбоотойгоор бид юу хийх ёстой вэ гэдгийг боловсруулах үүрэг надад ногдсон юм. Тэндээс улбаатай “албан боловсрол, албан бус боловсрол, зайны сургалт” зэрэг үгийг бид олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран монгол хэлэнд нутагшуулсан юм. “Жомтиены тунхаглал”- ыг тэр үед бид орчуулсан. Тэгээд боловсролын асуудалтай холбоотой гурван төсөл бичиж, ЮНЕСКО-д танилцуулаад нэлээд дэмжлэг авсан. Зах зээл гэдэг нийгэмтэй гурван төсөлтэй л тулж байлаа. Тэр төсөлтэй холбогдуулж, Францад уригдсан хэрэг. ХХ зууны театрын онолын тухай таван бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлэн, цувралаар хүргэх том төлөвлөгөөтэй ажиллаж буй энэ хүнтэй ямар ч сэдвээр ярихад дундрахгүй тийм л том “тогоо” аж. Тиймээс ярилцлагаа энд хүргээд өндөрлөлөө. Дэлхийн хүн хэмээн тодорхойлогддог П.Брукийн “Хоосон орон зай” номыг тун удахгүй түүний орчуулгаар амтархан хүртээрэй. Тэр ном энэ хүнийг бага боловч тольдох боломж буй за.
Дашрамд дуулгахад, орчуулагч, зохиолч Н.Пүрэвдагвын орчуулсан “Мейерхольд” номын хэвлэлийн зохих хувийг ССАЖЯ-наас гаргасан юм байна. Мөн СУИС-ийн багш, удирдлагын ярьснаар бол энэ номыг шинээр боловсруулж буй сургалтын хөтөлбөртөө нэлээд тусгаж байгаа гэсэн. Энэ бол ахиц. Түүний хөдөлмөрийн үнэлгээ байх. Ийм дэвшилд хүрэхэд сэтгэл гарган, дэмжсэн Цагааны Цэгмидийн Төмөрбаатарт тэрбээр талархал илэрхийлснийг уламжилъя.
Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ