Италийн Чевителла шилтгээн дэх урланд өнгөрсөн хавар 14 орны уран бүтээлчид 42 хоногийн турш хамтдаа байж, уран бүтээл туурвисны дотор манайхаас соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо байсан билээ. Тэрхүү шилтгээнд мэндэлсэн нэгэн уран бүтээл өдгөө америкчуудын сонорыг мялааж байна. Тодруулбал, Г.Мэнд-Ооёо зохиолчийн туурвисан уран бичлэгүүдийг хараад “Танай монгол бичгээс аялгуу сонсогдож байна” хэмээн дуу алдсан Бразилын нэрт хөгжмийн зохиолч Флэп Лара, алдарт лимбэчин Клара Чэйс нар энэ өдрүүдэд Нью-Йорк болон хойд Каралинод тоглолтоо хийж байгаа аж. Флэп Лара энэ тухай баярт мэдээг манай яруу найрагчид уржигдар цахим шуудангаар дуулгажээ.
Тэрбээр “Чевителла шилтгээн дэх таны уран бичлэгүүд намайг ховсдож, сэтгэлийг минь бүрэн эзэмдсэн. Таны надад бэлэглэсэн “Хөгжим”, “Ус, гал” бүтээлүүдээс онгод аван бичсэн “Бясалгал ба каллиграфи” хэмээх хөгжмийг минь Нью-Йоркийн өнөө цагийн лимбэний залуу од тодотголтой Клара Чэйс анх удаагаа олон нийтэд хүргэж байна” гэсэн аж.