Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн Лондонд хийсэн айлчлалын үеэр манай Элчин сайдын яамныхан Англи дахь “Монголын урлаг, соёл Лондонд” ТББ-тай хамтран “Тал нутаг айсуй" уран зургийн үзэсгэлэнг дэлгэжээ. Азийн соёл урлаг, бизнесийн салбарынхныг сурталчилдаг “Asia House”-ийн байранд нээсэн энэ үзэсгэлэнд Т.Нурмаажав, Д.Сүхбаатар, Т.Отгонбаяр, Д.Ганбаатар, Ц.Отгонбаяр, Б.Түвшин, Б.Батсүх, Д.Батбилэг зэрэг манай уран бүтээлчдээс гадна Нидерландын зураач Рене Полакийн бүтээлийг ч хамт толилуулсан байна.
Монголын урлаг, соёлыг сурталчилсан уг арга хэмжээг Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга нээж үг хэлсний дараа танхимд цугласан үзэгчдэд хандан хотын мээр үг хэлжээ. Үүний дараа Лондон хотод амьдардаг монгол уран бүтээлчдээс бүрдсэн “Нүүдэлчдийн аялгуу” хамтлагийнхан язгуур урлагийн тоглолтоо сонирхуулсан аж.