Дуурь бүжгийн эрдмийн театрын 52 дахь тоглолтын улирал эхэлж, 80 жилийн ойтойгоо золгосон “Учиртай гурван толгой” дууриар үзэгчдээ урин заллаа. Бүүвэйн дуугаар эхэлж уртын дуугаар жаргадаг нь Монголын үндэсний сонгодог дуурийн бүтээлийнн төгс илэрхийлэл болсон энэ дуурийн онцлог юм. Энэ удаа нэгэн тайзнаас дөрвөн өөр Нансалмаа, Юндэн, Балган гурван Хоролмааг олж харснаараа онцгой байв. Үзэгчид дор бүрнээ хэн нь хэрхэн дуулсан тухай бодол тээн, харицуулалт хийх боломж олгосон ийм тоглолт тэр бүр тохиохгүй нь ойлгомжтой. Дуурийн нэгдүгээр эхний үзэгдэлд гавьяат жүжигчин М.Болд, соёлын тэргүүний ажилтан М.Дариймаа нар дуулав. “Ижил хоёр шувуу шиг...” гээд эхлэн дуулсан тэдний хоршил сэтгэлд илүү тод буусныг нуух юун. Энэ үзэгдэлд Э.Бумхүү Балганд, гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг Хоролмаад дуулав. Энэ үдэш Юндэнгийн дүрээр гавьяат жүжигчин Э.Амартүвшин, соёлын тэргүүний ажилтан Ч.Энхтайван, Э. Анхбаяр, Нансалмаагийн дүрээр Ш.Наранчимэг, Д.Туяа, Б.Энхнаран үзэгчидтэйгээ учран золгов. Аатай, зальтай, үзэсгэлэнтэй Хоролмаагийн дүрийг гавьяат жүжигчин Ө.Уянга, соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэтуяа нар бүтээв. Балганд Ж.Бямбажав, Б.Алтанхуяг, О.Хүрэлбаатар нар дуулсан. Манай шилдэг уртын дуучдын нэг Б.Мөнхбаатар найрын уртын дууг дуулж, Р.Доржхорлоо бүүвэй аяллаа.
1934 онд зохиолч, найруулагч Д.Намдагийн санаачилгаар, Их зохиолч Д.Нацагдорж энэ жүжгийн зохиолыг бичиж, энэ оныхоо аравдугаар сард нь “Бөмбөгөр ногоон”-ын тайзнаа тоглосон түүхтэй. Дараа нь 1942 онд ардын жүжигчин Ж.Цэндээхүүгийн санаачилгаар хөгжимт жүжиг болон шинэчлэглэж, ардын жүжигчин Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нар хөгжмийг бичиж, ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн цомнолыг засварласан гэдэг. Өдгөө Монголын үзэгчид энэ дуурийн тав дахь шинэчилсэн найруулгаар нь хүртэн сонордож байгаа билээ.