“Forbes” сэтгүүлээс дэлхийн хамгийн өглөгч хүмүүсийн жагсаалтыг гаргасан байна. Дэлхийн толгой баячууд хүмүүнлэгийн үйлсэд асар их мөнгө хандивласан аж.. “Financial times” сонинд бичсэнээр чинээлэг хүмүүс өөрсдийн хүрээнийхний дунд хүмүүнлэгийн үйлсэд хэр зэрэг мөнгө хандивласан гэдгээрээ ялгарахыг битүүхэндээ хичээдэг гэнэ.
66 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Билл Гейтс 1999 оноос хойш шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсрол гэх мэт өргөн хүрээний салбарт 28 тэрбум ам.доллар зориулжээ. Түүний сангийнхан Африкийн хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндийн салбарт ихээхэн үр дүнтэй ажил хийсээр байна.
Удаах байранд Уоррен Буффет орсон бол тэрээр бизнесийн гараагаа эхэлснээс хойш хүмүүнлэгийн үйлсэд 17.25 тэрбум ам.долларын хөрөнгө гаргасан байна. Эдгээрийн дийлэнх нь эрүүл мэндийн салбарт чиглэгддэг. Уоррен Буффет төрсөн өдрөөрөө хүүхдийн эрүүл мэндэд зориулж гурван тэрбум ам.доллар хандивласан нь онцгой тохиолдол болсон юм. Тэрбээр өдгөө 46 тэрбум ам.долларын хөрөнгөтэй аж.