Хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй, хамгийн урт зам туулсан манай сэтгүүлчдийн аялал ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Шулуунхөх хошуунаас Улаанхад хотыг зорилоо. Манай Өмнөговь аймагтай хамгийн ойр оршдог Улаанхад нь 4.6 сая хүнтэй, засаг захиргааны нэгжээрээ ӨМӨЗО-ы аймгийн дайтай томоохон хот юм байна. Бид Улаанхад хотын музей, Үндэстний дунд сургууль, “Tianqi” группийн үйл ажиллагаатай танилцсан юм.
УРД ХӨРШИД ХҮҮХДЭЭ СУРГАХ СОНИРХОЛТОЙ ЭЦЭГ ЭХЧҮҮД ОЛШИРЧЭЭ
Улаанхад хотын Үндэстний дунд сургуулийг 1946 онд Улаанхүү дарга нь байгуулсан бол өдгөө тэднийх 34 орны 500 гаруй сургуультай хамтран ажилладаг болтлоо өргөжжээ. Тэндхийн сурагчид хятад, монголоос гадна англи, орос, солонгос, япон, испани гэсэн таван хэлээс сонгон суралцах боломжтой юм билээ. Өвөрмонголын захын нэгэн хотод испани хэлний сургалттай анги байна гэхээр сонирхолтой санагдсан. Гэвч сурагчдын олонх нь англи, япон хэлийг сонгодог гэсэн. Ер нь өвөрмонголчууд япон хэл сурах дуртай байдаг нь хятад ханзтай төстэй зурлага, монгол хэлний өгүүлбэрзүйн бүтэцтэй ижил дүрэм хоёртой холбоотой аж. Долоон салбартай тус сургуулийн Монгол сургууль байгуулагдаад хоёр жил болж байгаа ч цөөнгүй монгол хүүхэд энд суралцдаг юм байна. Азид төдийгүй дэлхий нийтэд хүчээ авч буй хятад хэлийг хүүхдэдээ эзэмшүүлэх гэсэн монгол эцэг эхчүүд сүүлийн үед Өвөрмонгол, Эрээн хотын Монгол сургуулиудыг сонгох нь олширчээ. Гэхдээ Эрээн хотын Монгол сургуулиас ялгаатай нь энд дор хаяж долдугаар анги төгссөн хүүхдүүдийг авдаг аж.
Эрээний сургуульд бол зургаахан настай, монголоор “а”-гаа ч мэдэхгүй шахам багачууд гэр бүлийнхнээсээ хол, дотуур байранд амьдардаг юм билээ. Дорноговь аймгийн Айраг сумаас тэнд очсон долоон настай Ц охин “Манай ах энэ сургуулийг хавар төгссөн юм. Тэгээд би ч бас хятад хэл сурмаар санагдаад ээжээсээ асуутал зөвшөөрсөн. Би монголоор бага зэрэг уншиж, бичиж чадна” хэмээв. Хачирхалтай нь энэ мэт “бүдүүн зүрхтэй” аав, ээжийн хүүхдүүд очоод хэдхэн сарын дараагаас хятадаар “ус, цас” болдог гэсэн. Тэгээд хамгийн уртдаа л гэхэд хоёр жилийн дараагаас хятад хэлний зургаан түвшингийн тавдугаарт хүрч, хятадуудын өөрсдийнх нь будилдаг зарим ханзыг түвэггүй сурдаг гэж байгаа. Зөвхөн тус сургуульд гэхэд манайхаас 140 гаруй хүүхэд суралцдаг. Дунд, ахлах ангийн сурагчдын сургалтын байр тусдаа, бас бүгд дотуур байртайн дээр урлаг, спортын ордон, биеийн тамирын том талбай бүхий уг цогцолбор хүүхдүүдийг тав тухтай сурах орчин нөхцөлөөр бүрэн хангажээ.
УЛАМЖЛАЛТ ЭМИЙН ҮЙЛДВЭРҮҮД ТҮҮХИЙ ЭДЭЭ МАНАЙХААС НИЙЛҮҮЛЭХИЙГ ХҮСДЭГ
Хятад, Өвөрмонголын уламжлалт анагаах ухаан, эм, эмийн үйлдвэрлэл хэзээнээсээ олон улсад нэр хүндтэй. Бидний зочилсон “Tianqi” групп гэхэд л 150 гаруй нэр төрлийн монгол эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж. Тэдгээр нь жирийн нэг ханиад томуунаас эхлээд дотор эрхтэн, уушги, улаан хоолойн өвчин анагаахын зэрэгцээ зүрх судасны үйл ажиллагааг дэмжих үйлчилгээтэй юм байна. Тэд эмийн бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг Өвөрмонголд тариалдаг бөгөөд цаашид Монголын онгон зэрлэг байгалиас нийлүүлэх сонирхолтой буйгаа тус группийн захирал Хань Фэнюй хэлнэ лээ. Тэгвэл Эрээн хотын “Монгол-Хятад” эмнэлэг нь 2006 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд монгол үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдсэн гэдгийг Хүлээн авах тасгийн эрхлэгч Гиймаа ярив. Тэднийх монголчуудад 20 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлэхээс гадна Өвөрмонголын анагаах ухааны их сургуулийг түшиглэж ажилладаг учраас нарийн оношилгоо, эмчилгээ шаардлагатай өвчтөнүүдээ Хөххотын эмнэлэг рүү зуучилж өгдөг байна. Монгол, Хятадын уламжлалт анагаах ухааны эмчилгээг голлодог энэхүү эмнэлгийг манайхаас ихэвчлэн тархинд нь цус харваад, саажсан өвчтөнүүд зорин очдог гэнэ. Эмчилгээний үр дүн ч сайн байгааг нэгэн өвчтөний найз шагшин ярьж байв.
ШИНЭ СЭТГҮҮЛ ЗҮЙН ХӨГЖЛИЙГ ХАМТДАА БҮТЭЭХИЙГ УРИАЛЛАА
Ийнхүү бид аяллынхаа хамгийн хүндтэй бөгөөд томоохон өртөөндөө ирсэн нь Хөххот. Ар, өвөр Монголын хэвлэл мэдээллийн салбарынхны хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимжиж байгаагийн илрэл нь зөвхөн 2007 оноос хойш гэхэд л нийтдээ 30 орчим удаа 300 гаруй сэтгүүлч харилцан нэгнийдээ зочилсон явдал гэдгийг ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Суртал ухуулгын хэлтсийн дарга Улаан манай багийнхныг хүлээн авч уулзахдаа онцолсон юм. Тэр бол Өвөрмонголын дээрээсээ гурав дахь “бүдүүн” дарга нь. Улаан дарга гэхээр өвөрлөгчид бажгадах юм билээ. Хэдэн арван сая хүний дундаас хүндхэн шалгуур давж төр засгийн өндөрлөгт гарч ирсэн энэ эмэгтэй өвөрмонголчуудыг оюун санаагаар нь удирдан залдаг эрхэм учраас арга ч үгүй биз. Улаан дарга, МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид нарын уулзалтын үеэр хэд хэдэн асуудлыг хөндсөн. Тухайлбал, хэвлэл мэдээллийн уламжлалт хэрэгслийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, нийтлэл, нэвтрүүлгээ харилцан солилцох, хамтран шинэ бүтээл хийхийн зэрэгцээ шинэ тутам хөгжиж буй цахим сэтгүүл зүйн салбарт гар нийлэн ажиллах асуудлыг талууд хэлэлцлээ. Түүнчлэн ӨМӨЗО Монгол Улстай 3200 км урт газраар хиллэдэг, хилийн дагуу долоон аймаг байдаг учраас Эрээн хоттой нэгэн адил тэдгээр орон нутгийнхны олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй буйгаа Улаан дарга хэлнэ лээ. Үүнд хэвлэл мэдээллийн салбарынхны үүрэг оролцоо чухал гэдгийг ч талууд онцолсон. Хилийн дээсний хоёр талд айлсан байгаа ар, өвөр Монголд хэн хэнээсээ суралцах, үлгэрлэх зүйл их ажээ. Бид нэгэн цагт дэлхийг донсолгож явсан нүүдэлчдийн үр сад. Бидний алдаа, оноо бүгдэд минь адилхан хүртээлтэй. Өвөрмонголын нэгэн зохиолчийн хэлсэнчлэн Монголоо “модонд өлгөсөн” хүмүүс тэнд өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа. Хилийн дээсний наана, энд ч ялгаагүй. Тиймээс өвөг дээдсийнхээ үлдээсэн агуу их түүх, соёл, зан заншил, уламжлалаа дэлхий дахиныг нөмөрсөн даяаршлын шуурганд хийсгээд ор мөргүй алдахгүйн тулд ядаж бидний цохилох зүрх нэг байхсан.
Л.ГАНЧИМЭГ