Монгол, Герман улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Гёте институтийн санаачилгаар Хөгжим бүжгийн коллежийн хоёр ангийг тохижуулан, жааз хөгжмийн бүтэн жилийн сургалт явуулж буйг бид өмнө нь мэдээлсэн. Монголд жааз хөгжим үүссэнээс хойш олон жил өнгөрсөн ч энэ чиглэлийн мэргэжлийн ангигүй өдий хүрсэн. Нүдээ олсон, тун хэрэгтэй энэ сургалт үр шимээ өгвөл ХБК цаашид жааз хөгжмийн тэнхимтэй болох юм билээ. Сургалтын хүрээнд долоо хоног бүр гаднын нэр хүндтэй багш нар ирж хичээл зааж буй. Сургалтын ерөнхий мэдлэг олгох, зохион байгуулагч багш Мартин Цинкертэй ярилцлаа. Мюнхений Рихард Шрауссын нэрэмжит хөгжмийн дээд сургууль төгссөн тэрбээр Жимм Кобб, Херб Геллер, Билли Харт, Жеймс Мүүди, Стив Гроссман, Жим Снидеро нарын алдартнуудтай хамтарч байсан аж. Мөн 2008-2012 онд БНСУ-д зочин профессороор ажиллаж байжээ.
-Юу таныг Монгол руу хөтөлсөн бэ?
-Монголд олон сайхан залуу хөгжимчин байгааг юун түрүүнд хэлье. Тэднийг туршлагажуулж, жааз хөгжмийн мэдлэг олгоно гэдэг миний хувьд ховор хувь тавилан. Энэ залууст мэддэг бүхнээ зааснаар ирээдүйд миний ажлын үр дүн гарна. Хоёр жилийн өмнө “Их талын жааз” ТББын тэргүүн Н.Ганбат Монголд болох олон улсын жааз наадамд оролцох урилга илгээснээр Монгол хөгжимчидтэй танилцсан. Ганбат Монголын жааз хөгжмийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байгааг энд дурдах хэрэгтэй болов уу.
-Манай улсад жааз хөгжмийн мэргэжлийн сургалт явуулдаг анги байхгүй. Үүний суурийг тавилцаж буйн хувьд Монголын жааз хөгжмийн түүхэнд нэрээ үлдээх хүсэл байдаг уу?
-Би жааз хөгжмийн түүхэнд нэрээ үлдээхийг хүссэн бол контрабасчин бололгүй, амжилтад хүрэх боломжтойгоор нь дуучин болж, эсвэл хөгжмийн өөр чиглэлээр дагнах байлаа. Контрабас хөгжим зохиолын ард эгшиглэдэг учир алдарших боломж бага. Зүгээр л, шавь нар минь мундаг хөгжимчид болчихоод Мартин Цинкер багшаас ийм юм сурсан гээд миний тухай дурсаж байвал сайхан аа.
-Ямар хувь тавилангаар контрабастай холбогдсон бэ?
-Би 12 нас хүртлээ хийл тоглосон. Нэгэн жааз дөрвөлийн тоглолтыг үзээд контрабаст “дурласан”. 28 настайгаасаа энэ хөгжимд зүрх сэтгэлээ өгсөн.
-Таны бодлоор энэ хөгжмийн юу нь гайхамшигтай вэ?
-Жааз хөгжимд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Үзэгчдийг тухайн хөгжмийн дуурьсал руу хөтөлж, хооронд нь холбодог.
-Рихард Шрауссын нэрэмжит хөгжмийн дээд сургууль төгссөн гэсэн. Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Рихард Шрауссын хөгжмийн дээд сургуулийн сонгодог хөгжмийн анги төгссөн. Би сургуулийнхаа хүрээнд жилд 200-300 тоглолтод ордог байлаа. 365 хоногтой харьцуулбал энэ багагүй тоо. Байнга тоглодог байсны ачаар ур чадвараа үргэлж дээшлүүлж, урын сандаа арвин бүтээлтэй болсон.
-Монгол хөгжимчдөд хичээл заагаад сар орчмын нүүр үзлээ. Шавь нарынхаа тухай сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Өдөр хоног өнгөрөх тутам сайжирч буйд нь итгэж байна. Хэрвээ эргэлзсэн бол сургалтынхаа арга барилыг өөрчлөх ёстой болно. Одоогоор тэгэх шаардлага алга. Манай суралцагчдын хөгжмийн ерөнхий мэдлэг сонгодог хөгжимд суурилсан учир жаазын өнөөгийн стандарт онолтой зөрчилддөг. Тэдэнд дэлхийн стандарт жаазын талаар мэдлэг олгохын тулд онол, түүхийн мэдээллийг түлхүү хүргэдэг.
-Жааз сургалтад сууснаар эргээд сонгодог хөгжим тоглоход бэрхшээлтэй юү?
-Мэдээж үгүй. Жааз бол олон хөгжмийн урсгалыг хооронд нь тэнцүүлдэг маш өвөрмөц “шинжлэх ухаан”. Жаазаас хөгжмийн олон төрлийн урсгал үүссэн. Тиймээс энэ хөгжмийг сайн сурсны дараа өөр урсгал сурахад дөхөм, гүүр нь болдог. Би нэг түүх өгүүлье. “Намрын навчис” нэртэй хөгжмийн зохиолын хэдэн хувилбарын талаар мэдэх вэ гэж сурагчдаасаа асуухад хэн ч хариулаагүй. Тэгвэл “Шидэт шаахай” үлгэрээс сэдэвлэсэн хэдэн төрлийн хүүхэлдэйн кино мэдэх вэ гэхэд бүгдийг нэрлэсэн. “Болор шаахай”- н тухай мэдэж байсантай адил жаазын олон хувилбарыг сонсож, өөрчлөлтийг ойлгож сурах хэрэгтэй.
-Жааз тоглоход монгол хүний онцлог гардаг уу?
-Ингэж асуухыг удаан хүлээлээ шүү. Олон оронд ажиллах хугацаанд ийм асуулт их тавьдаг. Жааз хөгжим урсгалуудыг хооронд нь ялгадаг биш, холбодог учир тухайн улсын онцлог харагдахгүй. Харин хөгжимчний дотоод ертөнц, эрх чөлөөг хөгжмөөр дамжуулан мэдэрч болно.
-Тэгвэл Монголын үндэсний хөгжмүүдийг жаазтай хослуулбал аль нь хамгийн нийцтэй бол?
-Монголын алдартай хөгжмийн зохиолыг саксофоноор тоглоод, стандарт жаазын онолын дагуу төрөл бүрийн хөгжм өөр чимээд толилуулж болно л доо. Гэхдээ хэчнээн өөрчиллөө гээд уг мөн чанар нь биш болохоор жинхэнэ амтыг нь мэдрүүлж чадахгүй. Монголын үндэсний хөгжмүүд олон зуун, магадгүй мянган жилийн түүхтэй, бусдаас онцгой учир нухацтай хандах учиртай. Танай үндэсний хөгжмийг хүндэтгэх шалтгаан олон бий. Гэхдээ цаг хугацаа өнгөр өх тутам танай улсын хөгжмийн талаарх миний ойлголт улам бэхжиж, түүнийг мэдрэх байх. Тэр үед жаазтай хослуулах сайхан санаа орж ирэх ч юм бил үү.
-Монголын хөгжмийн зэмсгүүдээс аль нэгийг сурах бодол бий юү?
-Танай ардын урлагт олон сайхан хөгжим бий. “Монголын хөгжмийн товчоо”- ны тэргүүн Д.Ганпүрэвийн бэлэглэсэн их хуурыг тоглож, бас хөөмий сурмаар байна. Гэхдээ миний даалгавар биелээг үй, шавь нартаа заах, мэдүүлэх зүйл олон учир одоохондоо хүслээ хойш тавьсан. Тогтсон дэг жаягтай, түүхтэй хөгжимд хүндэтгэлтэй хандаж, зүгээр нэг оромдолг үй язгуур үндсийг нь ойлгож байж сурах хэрэгтэй. Гэхдээ хүн аливааг төгс сурахг үй ч, түүнд ойртохыг хичээх хэрэгтэй. Би гоё хоолны амт мэдэрч чадна. Гэхдээ тэр хоолыг өөр өө хийе гэж хүсээд ямар ч туршлагагүйгээр шууд оролдвол мэдэрсэн шигээ амттай болгож чадахгүй. Суръя гэснийхээ цаад нарийн учрыг ойлгохгүй бол гоё, сайхныг нь гаргах боломжгүй гэсэн үг л дээ.
-Манай үндэсний хөгжмөөс юу мэдэрдэг вэ?
-Миний дотоод сэтгэлийг их хөдөлгөдөг, огшоодог. Тэр мэдрэмжийг үгээр илэрхийлэх амаргүй юм.
-Ус хоржигнох, хөхөө донгодох гээд л хорвоод түмэн янзын чимээ бий. Таны бодлоор хамгийн сонсголонтой нь аль вэ?
-Олон янзын чимээ хольсон байгалийн симфонийг хэдэн цагаар ч хамааг үй сонсох дуртай. Монголын байгалиас өөрийн гэсэн онцлогтой өвөрмөц аялгуу эгшиглэдэг. Тэрийг одоогоор сайн мэдэрч чадахгүй. Гэхдээ нэг удаа хөдөө явахдаа зах зухаас нь мэдэрсэн.
-Энэ сургалтын ирээдүйн үр дүнг хэрхэн харж байна вэ. Та шавь нартаа ямар чадвар эзэмшүүлнэ гэж амлаж чадах вэ?
-Хөгжмийг сурна гэж байхгүй, сэтгэлээс ундруулж л болно гэж шавь нартаа хэлдэг. Соёл урлагийн шинжлэх ухааны салбарын үүдийг би шавь нартаа нээж өгөөд чийдэн бариулж чадна. Харин гар чийдэнгээ өнцөг булан бүрт тусгаж, өөрт хэрэгцээтэйг аваад гарч чадах эсэх нь өөрсдөөс нь шалтгаална. Үр дүнг хэмжих, тодорхойлох аргагүй. Хөгжим барьж аваад “За нэг гоё ая тоглоё” гэж хүссэнээрээ тоглоно гэж үгүй. Цаг хугацаа дамнаж, чадвараа хөгжүүлсний эцэст үр дүн нь гардаг учир одоо хэлэх эрт байна.
-Анхаарлыг тань татсан онцгой хөгжимчин энэ дунд байна уу?
-Урлагт олон жил зүтгэсэн, хөгжмийг мэдэрдэг, миний сэтгэлд нийцсэн авьяастай хүмүүс бий. Мэдээж тэдний нэрийг би дурдахгүй.
-Авьяас билэгтэй хөгжимчдийг дэмжих бодол бий юү?
-Мэдээж, танаар хэлүүлэлтгүй тэднийг дэмжихийг үнэхээр их хүсэж байна. Сурагчид авьяас чадвараа нээж, урам зоригтойгоор хичээж байхад тусалж дэмжинэ гэдэг сайхан. Манай шавь нар туршлагатай болж, тоогдох хэмжээнд хүрвэл Европ дахь урлагийнхантай холбож, туслахад бэлэн.
-Сургалтын хүрээнд ирэх гэж буй олон улсын багш нарын тухай товч танилцуулна уу?
-Долоо хоног бүр нэг зочин багш хичээл зааж байгаа. Нью-Йоркт жааз дуулаачийн мэргэжил эзэмшсэн Натали Жон багш анх хичээл заасан. Макс Брут багш цохивор хөгжимчдөд хичээл зааж, мэдэгдэхүйц үр дүнд хүргэж байгаа. Ирэх долоо хоногт гитарчин Мартин Скеилс ирнэ. Жоселин Смиф багш амьдралынхаа 48 жилийг урлагт зориулсан. “Уолтс Дисней” компанийн бүтээл “Араатны хаан” киноны дуугаар алтан пянз хүртэж, “Blue night and nylons” цомгоороо олон улсын жааз наадмаас шагнал авсан. Англиас ирэх төгөлдөр хуурч Дэвид Патрик Эдинбургийн их сургуульд багшилдаг, Ази, Европын оронд ажилласан туршлагатай. Түүний шавь нар Шотландын жааз хөгжимчдийн наадмаас таван удаа шагнал авсан. BBC радио болон Тодд Гордон, Барбара Мориссон нарын захиалгаар хөгжмийн найрал дуу найруулж байсан. Энэ мэтийн туршлагатай, алдартай багш нар хичээл заана.
Саксофонч Михайл Лүцайер
-Блюз, латин гээд л жааз хөгжим дотроо олон төрөлтэй. Аль нь таны сэтгэлийг илүү татдаг вэ?
-Хэцүү асуулт байна. 1920-иод оноос өмнөх болон 1940, 1960, 1980-аад оны жааз хөгжмүүд тус бүрийн онцлог, өвөрмөц шинжээ хадгалан хөгжиж өдий хүрлээ. Тухайн цаг үед алдаршиж, амжилт олсон бүх бүтээл миний сэтгэлд гүн нэвчсэн байдаг. Би бүгдэд нь дуртай учир ангилж сонгож чадахгүй нь.
-Хөгжмийн сүнсийг нь мэдрэхийн тулд яадаг вэ?
-Дотоод мэдрэмжээ тайлбарлана гэдэг хэцүү. 20-иод жилийн ажлын туршлагаасаа харахад, заримдаа хөгжим тоглоход яагаад ч юм бэ оюун санааны ертөнцөд ороод, орчноос тусгаарлагддаг. Тэр мэдрэмж үнэхээр гайхалтай. Энгийнээр хэлэхэд, хөгжимчин хүний гүн төвлөрөл гэмээр юм уу даа. Яг тэр үеийн тоглож байгаа нэг секунд гэхэд хэд хуваасантай тэнцэхээр хуваагдан мэдрэгддэг. Ийм хурдтайгаар сэтгэлээ мэдэрч буй учир дараа дараачийн хөгжим урсаад л байна.
-Та хөгжим зохиож, эсвэл дуулдаг уу?
-Сархад жаахан хүртсэн үедээ, эсвэл ганцаараа байхдаа хөгжим зохиодог. Харин сүүлийн үед шавь нартаа хөгжмийн дуурьсал мэдрүүлэхийн тулд дуулах шаардлага гарч буй.
-Сургалтаа дуусгаад юу хийхээ төлөвлөж амжсан уу?
-Эхлээд нутагтаа, эхнэр дээрээ очно доо. Магадгүй аз тохиож энэ төсөл нэг жилээр сунгагдаасай гэж хүсэж байна. Сургалт дууссаны дараа өөр хаана миний хэрэгцээ гарна, тэнд очиход бэлэн. Ямар ч байсан хөгжмөө л тоглоно.
-Таны намтраас харахад олон оронд ажилласан юм билээ. Удаан хугацаанд гадаадад ажиллахаар гэрийнхэн тань хэрхэн хүлээж авдаг вэ?
-Энэ талаар яривал урт түүх болно. Товчхон хэлэхэд хоёр дахь удаагийн гэрлэлт, хүүхэдгүй. Хоёул бие даасан чөлөөт хүмүүс учир энэ амьдралын төлөө тун завгүй зүтгэцгээж явна. Заримдаа бидний амьдрал хүндрэлтэй санагддаг. Хамт байхдаа өвөрмөц, сайхан цаг хугацааг өнгөрүүлдэг. Өөрөөр хэлбэл, бидний амьдралын хэлбэр ахуйн орчных биш, хийж бүтээсний талаар ярилцаж, бие биедээ зөвлөгөө өгч, дуусашгүй яриа өрнүүлдгээрээ өвөрмөц.
Б.ДӨЛГӨӨН