Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид зүүн аймгуудаар аялан тоглолт хийгээд уржигдар Улаанбаатарт иржээ. Аялан тоглолтоос ирсэн даруйдаа “Бэсрэг жүжгийн сар” хөтөлбөрийг эхлүүлж, өнөөдрөөс эхлэн УДЭТ-ынхан үзэгчдээ угтан авахаар боллоо. Өнөөдөр орой найруулагч Н.Ганхуягийн “Бүүвэй” жүжиг тоглох бол 4, 5, 25-нд “Норовын намтар”, 11, 12, 18, 19-нд “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжиг тоглох аж.
Энэ оны шинэ уран бүтээлийн салхийг Ч.Найдандоржийн “Чөлөөт хос” хагалж аравдугаар сарын 10-12-нд тоглох аж. Түүний дараа “Тэнгэрийн хүү”, “Өчигдөр”, “Манекен”, “Хэрээт төгөл”, “Уучлаарай та дугаар андуурч” зэрэг жүжгүүд үзэгчдийн хүртээл болно. Түүнчлэн залуу найруулагч Н.Ёндоншарав “Буруугүй буруутан” жүжиг энэ сарын 24-нд нээлтээ хийх гэнэ.