“Олон улсын Раелийн хөдөлгөөн” төрийн бус байгууллагаас “Оюунлаг загвар” хэмээх гурван цуврал номыг орчуулаад байгаа тухайгаа өчигдөр зарлав. 1973 онд Францын нэгэн залуу харь гаригийн хүнтэй уулзаж мэдээлэл авсан тухайгаа ном болгон хэвлүүлсэн нь тухайн үедээ шуугиан тарьж байжээ. Дэлхий дахинд хоёр сая гаруй хувь зарагдсан энэхүү номыг өдгөө Монголын уншигчдын хүртээл болгохоор шийдсэн гол зорилго нь улс төр, нийгэм, эдийн засаг, хүмүүс хоорондын харилцаанд гарч буй бэрхшээлтэй олон асуудлыг шийдвэрлэхэд шашингүйн онолын үүднээс хариулт өгөхөд оршиж буй гэнэ. Дэлхий ертөнцийг бүтээгчдээс ирсэн захиас буюу “Оюунлаг загварын онол” хэмээх энэхүү үзэл нь Хувьслын онолыг үгүйсгэсэн нэгэн хувилбар гэгдэн, АНУ-ын боловсролын хөтөлбөрт хамруулах талаар томоохон маргаан үүсгээд байгаа аж. Дээрх номыг монгол уншигчдад танилцуулах уулзалт, ярилцлага энэ сарын 5-6-нд “Улаанбаатар” зочид буудалд болно.