- Тиймээс иргэншлээ солино гэдэг тэдэнд асар хүнд асуудал -
Мэргэжлийн сүмогийн Аки башёд монгол сүмочид түүхэн амжилт гаргаад байгаа. Тэдний нэг бол Хакүхо М.Даваажаргал. Одоо дахиад нэг л башёд түрүүлэхэд тэрбээр Японы сүмогийн түүхэнд хамгийн олон түрүүтэй гэдгээрээ нэрээ дархалсан домогт Тайхо аваргын амжилтыг эвдэх юм. Тэрбээр есдүгээр сарын башёгоо дууссаны маргааш эх орондоо ирж, “Тоёота” корпорацын Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллах болсон “Мөнххада” компанийн үйл ажиллагааны нээлтэд оролцлоо. Энэ үеэр нь түүнтэй уулзаж ярилцсан юм.
-Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 31 түрүү авч, зөвхөн Япон, Монголын төдийгүй өөр олон орны сүмочдын түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн танд баяр хүргэе.
-Баярлалаа. Энэ удаагийн башё их сонирхолтой боллоо. Сүмо сонирхдог монголчууд ч тэгж бодож байгаа болов уу. Шинэ залуу хүчтэн гарч ирлээ. Миний хувьд башёгийн сүүлийн өдрийг хүртэл залуу бөхтэй үзүүр, түрүү булаалдах шийдвэрлэх барилдаантай тулгарсан анхны тохиолдол энэ байлаа. Хүнд хэцүү байсныг нуухгүй. Гэхдээ 31 дэх түрүүгээ авч, домогт аварга Чиёнофүжигийн амжилттай зэрэгцсэнд баяртай байгаа. Доод зиндаанд барилддаг байхдаа би энэ агуу хүний барилдааны бичлэгийг байнга үздэг байсан. Хоёулаа адилхан жижиг биетэй байсан болохоор тэр хүний барилдаан сэтгэлд илүү ойр санагддаг байсан болов уу.
-Японы алдарт “Тоёота” корпорацын үүсгэн байгуулагч та хоёрыг хуурай ах, дүүсийн харилцаатай гэдэг юм билээ. Магадгүй тийм учраас та тус корпорацын Монгол дахь албан ёсны борлуулагч “Мөнххада” компанийн энэхүү арга хэмжээнд оролцохоор зорьж ирэв үү?
-“Мөнххада” компанийн тухайд бол 2011 онд байгуулагдсан. Харин “Тоёота” корпорацын үүсгэн байгуулагчдын нэг хуурай ах маань хоёр жилийн өмнө миний урилгаар Монголд ирсэн юм. Тэгэхдээ “Монголчууд манай машиныг их унадаг юм байна” гээд сэтгэл өндөр буцсан. Тиймээс Монголын орчин нөхцөлд тохирсон, зөвхөн монголчуудад зориулсан тусгай тоноглол бүхий автомашиныг үйлдвэрлэн нийлүүлэхээр шийдсэн юм билээ. Түүнийгээ “Мөнххада” компаниар дамжуулан борлуулах болсон нь надад болоод энэ хамт олонд хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг даалгавар өгсөн явдал гэж бодож байна.
-Энэ сарын башёд бас нэгэн түүхэн амжилтын эзэн болсон Ичиножёо Ичинноровын тухай сэтгэгдлээ хуваалцахгүй юү?
-Мэргэжлийн сүмод барилдаад дөрөвхөн башёд хүч үзэж байгаа залуу хүн дээд зиндаанд анх удаа гарч ирээд 13 давна гэдэг үнэхээр түүхэн амжилт. “Шинэ хүн гарч ирлээ, шинэ аварга төрөх нь, сүмогийн ертөнцөд үлэмж биетэн төрлөө” гэхчилэн Японы олон хэвлэлээр шуугиж байгаа. Тэр тусмаа 100 жилийн өмнөх амжилтыг эвдэх нь үү, яах нь вэ гэдэг асуулт, тийм хүлээлт Монгол, Япон хоёр орны сүмо сонирхогчдын дунд байсан. 100 жилийн өмнө нэгэн япон бөх дээд зиндаанд анх удаа гарч ирж барилдаад шууд түрүүлэн, эзэн хааны цом хүртэж байсан юм. Тэр түүхийг цэл залуухан монгол бараг л эвдэх дөхлөө шүү дээ. Сайхан байна.
-Гэргийтэйгээ баяраа хуваалцаж чадсан уу?
-Хуваалцаж амжаагүй л явна.
-Таныг энэ жилийн сүүлчийн башёд түрүүлээд алдарт Тайхо аваргын амжилттай эн зэрэгцээсэй гэж олон хүн хүсэж байгаа. Бас үүний зэрэгцээ тэрхүү түүхэн амжилтыг эвдчихээд зодог тайлах тийшээ хандах юм биш байгаа гэдэг яриа ч гарсан. Башёгийн сүүлчийн өдөр шийдвэрлэх барилдаанаа дуусгасны дараа та ярилцлага өгөхдөө “Маш их ядарлаа. Сайхан унтмаар байна” гэсэн нь магадгүй ийм яриа гарахад хүргэсэн юм болов уу?
-Хүн аливаа даваа болгоныг заавал даван туулна, ялан дийлнэ гэж хэт зүтгэх нь хэр оновчтой юм бол. Зарим нэг зүйл дээр аваа, өгөөтэй байснаар буруудах юмгүй болов уу. Өөрөөр хэлбэл, ялалт, ялагдлын аль алинд нь сэтгэл зүйн бэлтгэлтэй байх шаардлагагүй юм шиг санагддаг. Тиймээс би 32-оос дээш түрүү авчихвал л барилдахаа болино гэсэн үг биш. Тэр миний эцсийн зорилго биш. Мэргэжлийн сүмод бидний барилдах хугацаа угаасаа богинохон шүү дээ. Гэлээ гээд сүмогийн ертөнцөөс гаралгүй, цаашид бөхийн энэ спортыг хөгж үүлэхийн тулд юу хийх вэ гэдэгт анхаарлаа хандуулахыг би хүсдэг. Тайхо аварга, Сүмогийн холбооны одоогийн ерөнхийлөгч, дээрээс нь миний бие гэхчилэн хэдхэн хүн цэл залуугаараа аварга болж, олон жилийн турш тэр их өндөр нэр хүндийг дааж ирсэн. Тэр хэрээрээ ачаалал их байдаг. Өчигдөр тод манлай уяач Даваахүү ахтай ярьж байхад ч хэлж байна лээ. Хүн байтугай адуу малыг хүртэл олон жил уяад сойгоод байхаар сүүлдээ халширдаг гэсэн. Халшрах гэдэг тэр үг их оновчтой санагдсан. Их аварга болсныхоо дараахан башёд түрүүлэх тоолондоо их баярладаг байлаа. Хоёр гурван жилийн дараагаас дасаж эхлээд байтал аймшигт цүнами нүүрлэхэд их хүнд байдалд орсон. Ганцаараа их аварга байсныг ч хэлэх үү. Хэрэв хүмүүсийн хүсээд байгаа амжилтыг гаргахгүй болбол яах вэ, болих уу гээд л их зүйл бодогдсон. Үнэнийг хэлэхэд тэр үед надад барилдах ямар ч утгагүй санагдах болсон. Гэхдээ тэр хүнд үеийг даван туулснаараа эргээд бодоход би харин ч зөв шийдвэр гаргасан санагддаг.
-Олон зууны түүхтэй Японы үндэсний бөхийн хамгийн дээд цолонд хүрсэн хүний хувьд асар өндөр хариуцлага нуруун дээр тань байдаг тухай ярилаа. Магадгүй таныг зодог тайлах болоход дараа дараагийн залгамж халаагаа үлдээх, дэвжээний бөхөө бэлтгэх үүрэг хариуцлага ч нэхэгдэх болов уу. Гэтэл тэр үүргээ биелүүлэхийн тулд заавал Японы иргэн байх шаардлагатай гэсэн дүрэмтэй учраас таныг ямар сонголт хийх бол гэж олон хүн сонирхож байгаа. Та энэ сонголтын талаар бодож эхэлсэн үү?
-Япончууд ч надаас ингэж асуудаг л даа. Эрт, орой хэзээ нэгэн цагт намайг зодог тайлах болоход япончууд зүгээр л Монгол руу хариулчихгүй байх. Ямар нэгэн байдлаар авч үлдэхийг л хүснэ. Зөвхөн Сүмогийн холбоо ч биш, намайг дагадаг дэвжээний бөхчүүд маань, сүмог шимтэн үздэг мянга мянган хүн үүнийг хүсэж байгаа болов уу. Тэгэхээр би өөрийгөө их азтай хүн юм гэж боддог. Энэ сайхан Монгол орныхоо хүү нь болж төрөөд, Их наран улсад сүмогийн ач тусаар амжилттай явж байгаадаа хязгааргүй баярладаг. Хоёр улсын хооронд ажиллаж, амьдрах боломж хэр баргийн аавын хүүд тохиохгүй байх. Тиймээс энэ боломжоо ашиглаад Япон, Монгол хоёр улсын хооронд өөрийнхөө чадах зүйлээр гүүр болъё л гэж боддог. Тэр нь сүмо. Сүмог надаас салгахын аргагүй. Тиймээс сүмогоороо багшилдаг байна уу, ямар ч гэсэн энэ спортдоо хүчин зүтгэнэ. Энэ бол миний үүрэх ёстой хариуцлага, бас сүмогийн надад өгсөн хүндлэл юм даа. Одоогоор би өөрийн гэсэн гурав, дөрвөн шавьтай. Цаашид хэрхэх тухай одоо ярих нь арай эрт байна. Гэхдээ “Гадаад хүн Японы иргэншилтэй болж байж сүмогийн холбоонд үлдэнэ” гэсэн энэ дүрэм бол Сүмогийн холбооных болохоос Япон улсынх биш. Тиймээс энэ дүрмэнд өөрчлөлт оруулж болно. Японд арван жил амьдрахаар байнга оршин суух эрх олгодог. Мөн дээрээс нь 20 жилийн турш, эсвэл дээд зиндаанд 60 башё барилдсан тохиолдолд заавал иргэншил солихгүйгээр Сүмогийн холбоонд үлдэж болно гэдгийг би хүмүүст хэлж байгаа. Яагаад гэхээр гадаад, дотоодынх гэлтгүй сүмогийн бөхчүүд бүгд л япон соёл, уламжлал, зан заншлыг хамгийн сайн мэддэг, хүндэлдэг, хайрладаг гэдгийг хүмүүст ойлгуулахыг хичээдэг. Энэ маань ч үр дүнд хүрч, олон хүн “Нээрээ тийм юм байна шүү” хэмээн ойлгож эхэлж байна. Тэгээд ч сүмог илүү их үзүүштэй, өрсөлдөөнтэй болгодог гол хүчин зүйл нь гадаадын бөхчүүд байдаг. Саяны башёгийн үеэр гэхэд л 14 өдрийн турш үзэгчид пиг дүүрэн байлаа. Энэ мэтээс хараад Сүмогийн холбоо дүгнэлт хийж, хэдэн жилийн дараагаас дүрмэндээ өөрчлөлт оруулах байх. Сүмогийн тэр олон орны бөхчүүдийн цаана эх орон, ард түмэн нь өндөлзөж байдаг. Гэтэл тэр хүмүүсийн хувьд иргэншлээ солино гэдэг бол асар хүнд асуудал. Соль гэхээр л сольчихдог зүйл биш л дээ. Нэн ялангуяа, манай монголчуудын хувьд бүр ч хэцүү. Бид чинь бахархах түүхтэй их гүрний, дэлхийд зартай эзэн хаадын үр сад.
-Тэр тусмаа монгол түмний хайрлаж, хүндэлдэг Мөнхбат аваргын хүү иргэншлээ солих дээрээ тулбал их л хэцүү байх даа. Хэлэх гэсэн үгээ хаана ч, хэний ч өмнө түс тас хэлчихдэг аварга маань хүүгээ яагаад захирч чадсангүй вэ гэж халаглах хүн захаас аваад гарна.
-Тэгэлгүй яах вэ. Аавыгаа амьдад тэгж нэр, нүүрийг нь барахгүй юмсан гэж боддог. Магадгүй нас эцэслэсэн хойно нь ч ясыг нь өндөлзүүлэхгүй байхыг хичээдэг.
-Та Монголдоо хамгийн удаан хугацаагаар ирж байсан нь хэд хоног вэ?
-Ес л хоносон юм байна. Анх очсоныхоо дараа хоёр жил болоод Монголдоо ирэхэд их догдолж билээ. Онгоц буухад 20, 10, таван минут үлдлээ гэхэд зүрх түг түг гээд их хүчтэй цохилж, өөрийн эрхгүй сэтгэл хөөрч байснаа мартдаггүй юм. Цол ахих тусам хүлээх үүрэг хариуцлага нэмэгдсэн учраас тэр бүр эх орондоо ирж чаддаггүй. Энэ жил гурван удаа Монголдоо ирлээ. Энэ маань магадгүй хамгийн олон удаа эх орондоо ирсэн жил байх шүү.
-15 настайдаа эх орноосоо мордож, 22-тойдоо сүмогийн дээд цолонд хүрсэн энэ амьдрал нэг талаар олон хүний хүсэж мөрөөддөг алдар нэр, хөрөнгө мөнгө, эрх мэдэл зэргийг танд авчирчээ. Гэвч нөгөө талаар залуу хүнд ахадсан гэмээр бие, сэтгэлийн хүнд ачаа, хариуцлага үүрүүлсээр 30 настай золгох гэж байна. Цаашид сурах ч юм уу, эсвэл бизнесийн салбарт хүч сорих зэргээр сүмогоос өөр ямар нэгэн зүйлд хүч сорих бодол танд байна уу?
-Үнэндээ сэкиваки цолтой байхад башё болгон л их сайхан байдаг байсан (инээв). Хааяа аварга, арслангуудыг давахаараа бүр ч их урам зориг ордог. Харин их аварга болсны дараа байдал огт өөр. Башё болгонд, барилдаан бүрт унах эрхгүй тулаанд өдөр бүр гарна гээд бод доо. Бидний хувьд нэг башёгоос дараагийн башё хүртэлх хугацаа маш хурдан өнг өрдөг. Сая л барилдаан дуусаад Монголдоо ирсэн байтал одоо дахиад дараагийн башё яригдаад эхэлчихсэн байна. Ер нь хэцүү л дээ. Гэхдээ би ямар өнөө маргаашдаа барилдахаа больчих гээд байгаа биш. Надад бодож төлөвлөсөн зүйлүүд байна. 15 настайдаа анх Японд очихдоо мөрөөдсөн зүйлүүдийн минь зарим нь биелсэн, зарим нь биелээгүй. Бүгд биелэх ч албагүй л дээ. Аав, хүү хоёр аварга төрсөн тохиолдол Монголд ч, Японд ч байхгүй учраас би тэр амжилтын эзэн болохыг хүссэн. Зорьсондоо хүрсэн. Одоо зөвхөн өөрийнхөө гэр бүлд бус, улс Монголдоо тодорхой хэмжээгээр тус нэмрээ оруулахыг хүсэж байна. Зөвхөн газрын баялагтаа найдаад суух бус, өөрсдөө үйлдвэрлэгч орон болохын төлөө юу хийж болох тухай боддог. Тиймээс дөрвөн жил орчим цагаан будаатай “зууралдаж” байна. Өвөрхангайд хүлэмжинд тариалсан талбайгаасаа өнгөрсөн жил 200 гаруй кг цагаан будаа хураагаад болох юм байна гэдэг итгэл төрөөд байгаа. Тэндхийн хүмүүсийг жил бүр Хокайда аралд аваачиж, туршлага судлуулдаг.
Нэгэн цагт Хокайдагийн будааг япончууд тун тааруу хэмээн шоолдог байсан бол одоо тэндхийнх хамгийн шилдэгт тооцогддог. Тэгэхээр тэднээс суралцах зүйл бидэнд их байгаа. Ялгаатай нь тэнд жилийн 150 хоног дулааны улиралтай. Бас нэг бодож явдаг зүйл маань гэвэл Японы 60, 70 настай тэтгэврийн хүмүүсийг Монголдоо авчраад үйлдвэрлэлийн чиглэлээр залууст зөвлөгөө өгүүлж, туршлага солилцуулахыг хүсдэг. 60, 70 нас гэдэг бол Япондоо залууд тооцогддог. Тиймээс би тэтгэвэрт гарахаараа хийх юм олдохгүй эхнэртээ загнуулаад сууж байдаг хөгшчүүлийг энд авчраад, мэдлэг, туршлага, хүч хөдөлмөрийг нь ашигламаар байна гэж найзууддаа хошигнодог юм.
-Хэт их хатуу чанд хууль дүрэмтэй сүмогийн ертөнцөөс хол Монголдоо ирэхээрээ та сэтгэл тайван амарч чаддаг уу. Бас залуу хүний хувьд сэтгэлийн эрх чөлөөг эдэлмээр санагддаг уу?
-Ний нуугүй хэлэхэд, Япон, Монголын алинд нь ч би чөлөөтэй байж чаддаггүй. Энэ удаа та л гэхэд намайг хоёр өдрийн турш хоргоогоод тайван байлгахгүй байна шүү дээ (инээв). Харин өөр улс оронд тойргийн барилдаанаар явах үед заримдаа нэг их сайхан тайван байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Жижиг хотуудад бол хүмүүс намайг сүмо бөх л байна гэж харахаас их аварга нь гэдгийг таньдаггүй юм.
-Ийм асуулт асууж байгаад уучлаарай. Жүдо бөхийн дэлхийн аваргын дэвжээнд монгол, япон хоёр финальд барилдахад та хэнийг нь дэмждэг вэ?
-Монголоо л дэмжинэ. Шууд хэлнэ.
-Та өчигдөр том охиноо их айхтар гэж хэлсэн. Яагаад тэгж хэлэх болов. Таныг дуурайсан хөдөлгөөнтэй, юм юманд эв дүйтэй хүүхэд үү?
-Хөдөлгөөнтэй шүү. Хөдөлгөөний авьяас гэж хүнд байдаг даа. Тэр авьяасаас гадна оюун ухааны тал дээр ч сүрхий. Японы “Кэюү” гээд мундаг сургуульд охин минь сая орлоо. Над шиг гадаад хүний хүүхэд байтугай япончууд нь өөрсдөө тэнд орох гэж бөөн юм болдог гэнэ. Би хүүхдүүдийнхээ сургууль, цэцэрлэгийн талаар сайн мэдэх биш. Манай гэр бүлийн хүний хэлснээр бол “Кэюү” бүрэн дунд сургуульд элсэх нь хэдэн давхар байшингийн дээрээс нүдний эм дусаахад тэр нь доор байгаа хүний нүдэнд орохтой адил гэсэн. Тийм нэр хүндтэй сургуульд хар багаасаа орсон болохоор охиноороо бахархаж байгаа.
-Шалгуур их өндөртэй байх нь ээ?
-Тийм ээ. Өнгөрсөн жил тэр сургуульд элсэх эхний шалгалтаа өгсөн охин маань 4000 гаруй япон хүүхдээс нэгдүгээрт жагссан нь бидэнд итгэл төрүүлсэн. Тэгээд энэ жил хүссэн сургуульдаа орж чадлаа. Надад “Кэюү” сургуулийн нэг зүйл нь их таалагдаад байгаа. Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш охин маань хааяа хөл, гараа шалбалчихсан ирдэг. Тэгэхээр нь би их баярладаг юм. Тэгж их өндөр шалгуураар оруулсан хүүхдүүдээ “Зөвхөн хичээлээ л хий” гээд шахаад байлгүй спортоор хичээллүүлж, гадаа тоглуулдаг юм байна. Хүүхдийг хүүхэд зангаар нь сурган хүмүүжүүлдэг гэдгээрээ тэднийх онцлогтой санагдсан.
-Танайхан гэртээ японоор ярьдаг уу. Монгол хэлээ хүүхдүүд тань мэдэх үү?
-Манай гэр бүлийн хүн надтай гэрлэхээсээ өмнө монголоор гайгүй сайн ярьдаг, бичдэг байсан юм. “Хакухо Даваажаргал танаа. Сайн барилдаарай, хичээгээрэй” гэхчилэн надад захиа хүртэл бичдэг байлаа. Тэрэнд нь л би явчихсан шиг байгаа юм даа (инээв). Одоо гурван хүүхдээ хараад, хичээл номыг нь давтуулах гээд монгол хэлээ давтах завгүй байх шиг байна. Гэхдээ бид хүүхдүүдтэйгээ ойр зуурын монгол үгээрээ ярилцана аа. Том охин маань эндэх өвөө, эмээгээ андахгүй. Утсаар ярина.
-Та хүүхдүүдийнхээ эцэг, эхийн хуралд сууж үзсэн үү?
-Үгүй юм уу даа. Бид зөвхөн башёд барилдахаас гадна тойргийн барилдаанд оролцох гээд ийш тийшээ бүтэн сараар явчихдаг. Тиймээс ар гэрийнхээ асуудалд барагтай бол оролцож чаддаггүй. Сая л харин охиныхоо сургуулийн хичээлийн жилийн нээлтэд очлоо. Надад зориулаад тусгай суудал хүртэл гаргачихсан байхаар нь охиноороо их бахархсан. Уг нь хэзээ ч тэгдэггүй сургууль юм байна л даа.
-Таныг шийдвэрлэх барилдааны өмнө юу бодож, яаж байгааг тааварлахын аргагүй байдаг. Багадаа нэлээд дэггүй, хөдөлгөөнтэй хүү байсан гэдэг. Олон төрлийн спортоор хичээллэдэг, бас ч үгүй урлаг уран сайханд авьяастай нүүрэмгий хүүхдэд япон соёл, тэр дундаа сүмогийн хатуу чанд дэг жаяг энэ хүмүүжлийг өгсөн үү?
-Сэтгэл хөдлөлөө хэт ил гаргаад байхгүй, дотроо хадгалж, тайван байхад сургадаг Японы янз бүрийн аргууд байдаг л даа. Мөн дээрээс нь би өөрийгөө азтай хүн гэж боддог. Ямар ч үед сэтгэл хөдлөлөө хүмүүст мэдэгдэлгүй нууж чаддаг царайтай төрсөндөө баярладаг (инээв).
Л.ГАНЧИМЭГ