УДБЭТ-ын уран бүтээлчид 52 дахь улирлынхаа нээлтийг Д.Нацагдоржийн зохиол, Ц.Дамдинсүрэнгийн цомнол “Учиртай гурван толгой” дууриар ирэх сарын 4, 5-нд, балетын нээлтийг ирэх сарын 11,12-нд П.И.Чайковскийн “Хунт нуур” балетаар тус тус нээх гэж байна.
Энэ талаар тус театрынхан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Тус театрынхан энэ улиралд 80 гаруй тоглолт төлөвлөснөөс дөрвөн бүтэээлийг шинээр болон шинэчлэн тавьж, гадаадын театр, уран бүтээлчидтэй хамтарсан гурван тоглолтыг зохион байгуулах аж. Хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн “Хөхөө Намжил” дуурийг шинэчлэн, УГЗ Ц.Нацагдоржийн “Гүн гэрийн гүнж” дуурийг, өвөрмөц шинэлэг “Төгсгөлгүй” хэмээх танго-балет, “Тэмүжин” түүхэн сэдэвт балетыг шинээр тавихаар төлөвлөжээ. Мөн ирэх 11 дүгээр сард ОХУ-ын Их театрт “Монголын алтан хоолойтнууд” бие даасан тоглолт толилуулах гэж байгаа нь Монголын дуурийн урлагийг дэлхий дахинаа харуулах болно гэж уран бүтээлчид онцолж байв.
Энэ жил үндэсний сонгодог бүтээл болох “Учиртай гурван толгой” бүтээлийн 80 дахь жил тохиож байгаагаараа онцлогтой. Гурван бүлэг, таван үзэгдэл бүхий уг аялгуут жүжгийг 1934 онд драмын, 1942 онд хөгжимт жүжиг, 1950 онд дуурийн хэлбэрээр шинэчилсэн түүхтэй. 2410, 2411 дэх удаагаа тоглох гэж буй энэхүү дуурийн тайз, бүжгийн хувцсыг шинэчилснээс гадна бүжгийг шинэчлэн тавьжээ. Нээлтийн тоглолтдоо олон гоцлоочдыг үзэгдэл бүрт хуваан нэг дор тоглуулахаар болжээ. Тус театрт уран бүтээлээ туурвиж буй бүх гоцлол дуучид тоглож, өөр өөр өнгө аяс, донж маяг бүхий өвөрмөц дүр төрхтэй дөрвөн өөр Нансалмаа, Юндэн, Балган, гурван Хоролмаагийн дүрийг амилуулах юм.
Монгол Улсын гавьяат жүжигчин М.Болд хэлэхдээ, “Би 1993 онд сургууль төгсч дуурийн театрын 2244 дэх тоглолтод 25 дахь Юндэн болж тайзнаа дуулж ажлын гараагаа эхлүүлж байлаа. Олон сайхан Юндэнгийн дотроос Монгол Улсын гавьяат жүжигчин А.Цэрэндэндэв гуай их сайхан Юндэн болж түүхэнд тэмдэглэж үлдсэн байдаг” гэсэн юм.
Юндэнгийн дүрд тус театрын дунд, залуу үеийн төлөөлөл болсон Монгол Улсын гавьяат жүжигчин М.Болд, Э.Амартүвшин, СТА Э.Анхбаяр, Ч.Энхтайван, Нансалмаад СТА М.Дариймаа, Ш.Наранчимэг, Д.Туяа, Б.Энхнаран, Хоролмаад Монгол Улсын гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Ө.Уянга, СТА Б.Эрдэнэтуяа, Балганд СТА Э.Бумхүү, Ж.Бямбажав, Б.Алтанхуяг, О.Хүрэлбаатар нар тоглох юм. Харин удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх, Н.Туулайхүү нар ажиллаж байгаа гэнэ.