“Залуу” хөгжмийн зохиолч П.Хаянхярвааг “Хоймор”- тоо заллаа. Монголд цэргийн хөгжим үүсэж хөгжөөд бүтэн зууныг элээхэд амьдралынхаа 67 жилийг энэ урлагт зориулсан гавьяатныг “залуу” гэж онцолсныг алдаа гэж эндүүрэв зээ. Үнэндээ тэр сэтгэлээрээ 30 гаруй настай юм билээ. “Чи мөн сайхан өтөлжээ, мундаг юм аа гэж хэн ч намайг урамшуулаагүй ч уран бүтээлээ хийхэд тэгж хэлүүлэх шиг сайхан мэдрэмж төрж, өөдрөг болдог” гэж тэр өгүүлсэн. Хар багаасаа л урлагтай нөхөрлөж, 1955 онд ЦДБЭЧ-д хөгжимчин болж, хоёр жилийн дараа П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн их сургуульд удирдаач мэргэжлээр сураад, 1961-1978 он хүртэл чуулгадаа найруулагч, уран сайхны удирдагч хийн, 1981 он хүртэл ДБЭТ-т ажилласан гээд л түүний намтрыг цааш өгүүлбэл уртаас урт тоон дараалал үүснэ. Гавьяаныхаа амралтыг эдэлж суугаа настан бүрт энэ мэт тоон хэлхээс болсон намтар байдаг ч түүнийх шиг амжилт бүтээлээр, бодит биеллээ олсон бахдам гавьяагаар дүүрэн нь цөөн биз ээ. Тоо бол юу ч биш, нас бол юу ч биш...
-Мөрөөдөл дууссан цагт хүн өөрөө төгсдөг гэдэг. Таны мөрөөдөл юу вэ?
-Мөрөөдөлгүйгээр амьдарна гэж байхгүй л дээ. Минийх багахан шиг юм аа, насандаа ганцхан мөрөөдөлтэй байснаа биелүүлчихсэн. Хөгжмийн сайчуудтай ойр дотно, сайн хөгжимчин болохсон, энэ урлагт хэрэгтэй хүн байхсан гэж хар багаасаа мөрөөдсөөр 67 жил зүтгэжээ. Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад “Жаран хар” найрал дууны анги шинэчлэн зохион байгуулах үүрэг хүлээснээ амжилттай биелүүлсэн. ЗХУ, БНАСАУ, БНХАУ зэрэг олон улсад оркестроо удирдан уран бүтээлээ толилуулсан. Цэргийн хөгжмийн урлаг 80 гаруй жил шавь сургалттай байсан. Сайн хөгжимчид, дарга нар нь цэргүүддээ хөгжмийн боловсрол олгодог байсан гэх үү дээ. Цэргийн хөгжмийг мэргэшүүлэхсэн гэж мөрөөддөг байснаа 1972-1978 онд Зэвсэгт хүчний жанжин штабын цэргийн хөгжмийн албаны дарга байхдаа тодорхой хэмжээгээр биелүүлсэн. Томоохон бүтээл дохихсон гэх хүслээ ДБЭТ-ын уран сайхны удирдаач байхдаа биелүүлсэн. “Жизель” балетийг Монголд анх тавихад удирдсан. Амжилттай сүрхий нь юу юм, гэхдээ өөрийнхөө хэмжээнд хүссэндээ хүрсэн.
-Хэрвээ танд эргээд залуу болох боломж олдвол юу хиймээр байна вэ?
-Дахиад л урлагаа хөөцөлдөнө. Орчин үеийнхэнд атаархдаг. Ямар сайхан үед төрсөн юм бэ. Өдгөө хөгжмийн боловсролыг дэлхийн хэмжээнд эзэмшиж, хийснээ мэдээллийн бүх шугамаар олон түмэнд хүргэх боломжтой болж. Ганцхан мэргэжлээ сайн эзэмшиж, аливааг суръя гэвэл ултай суурьтай, угаас нь судлах хэрэгтэй, сургаар хандаж болохгүй. Их том ярьдаг хэрнээ багыг мэддэг залуус орчин үеийн уран бүтээлчдийн дунд ажиглагддаг. Гадаад хүний нэр буруу дуудах зэрэг ярианаас нь андашгүй. Б.Ринчен, Ж.Бадраа, С.Гончигсумлаа, Г.Бирваа, Д.Лувсаншарав нарын мундагчууд намайг хүмүүжүүлсэн. Ринчен гуайтай би мэндэлж үзээгүй, холоос л сүсэглэж, номоос нь олон сайхныг мэдэж ойлгосон. Азтай тохиолоор Ж.Бадраа багштай олон жил ойрхон ажилласан.
-Эргээд харахад Таны залуу насны дутагдал юу байв?
-Хөнгөн, хүнд итгэмтгий. Мэдэхгүй хэрнээ “Мэдлээ” гэж, чадахгүй байж “За” гэж хэлдэг. Биелүүлэх боломжгүйдээ ам гарчихаар худалч болж таарна. Тэр дутагдалдаа шүүмжлэлтэй ханддаг учир хүнд худлаа хэлчихгүй юмсан гэж одоо хичээдэг. Эргээд бодоход би нэлээд олон удаа худлаа ярьжээ. Бүтээнэ болгоно, маргааш, нөгөөдөр хийж өгнө гэж амлаад амжихгүй, хүний ажил алдагдуулсан явдал мэр сэр бий. Айхтар ноцтой хэрэг биш ч, хүмүүсийн харилцаанд гардаг жижиг юмнаас болж “Энэ Хаянхярваа худалч юм уу даа” гэж бодогдохоор байдал нэлээд олон гаргасандаа одоо харамсдаг.
-Таны бодолд амьдралын тань хэдэж жилийн төлөвлөгөө байна вэ?
-Хөгжмийн зохиолч Бадраа багш намайг ЦДБЭЧ-д очиход бага даргаар томилж, төлөвлөгөө хийлгэн, түүнийгээ шалгаж, дүгнэж хүмүүж үүлсэн. Ажлын төлөвлөгөөгөө тасралтгүй хөтөлж байсан ч амьдралын тэмдэглэл алаг цоог. Харин сүүлийн үед өдрийн тэмдэглэл байнга хөтөлж байна. Ажлын төлөвлөгөө бичээд байдаггүй ч толгойд өдөр бүр шинэ хөгжим бууна. Давгүй санагдсаныг нь цаасан дээр он, сар, өдөр, цагтай нь бушуухан тэмдэглэдэг. Лувсаншарав гуай зохиолуудаа өдөр сартай нь тэмдэглэдэг байсан нь надад үлгэр дуурайл болсон. Хүн ажлаа заавал төлөвлөдөг, үгүй юм аа гэхэд зорилготой байх ёстой. Би тэтгэврийн хөгшин учир надад тодорхой ажил, ногдсон үүрэг гэж байхгүй. Гэхдээ Монголын хөгжмийн зохиолчдын наадам “Морин хуур”, “Алтан намар”-т алгасахгүй оролцдог. Б.Бямбабаяр Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүний ажлыг хүлээж авахдаа “Нийтийн дууг мэргэжлийн түвшинд хүргэнэ” гэж зорилт тавиад түүнийгээ үлгэрлэн биелүүлж яваа. Орчин үеийн нийтийн дуу монгол хүний сэтгэл санааг илэрхийлсэн, улсын хөгжлийн нүүр царай болсон олон талын шаардлага биелүүлсэн байх учиртай. Бямбабаярын дэвшүүлсэн зорилтыг дэмжиж өөрийн хувь нэмрээ оруулж, мэргэжлийн түвшинд бүтээл хийхсэн гэж боддог.
Манай нийтийн дууны зохиолчид энэ асуудалд жаахан хөнгөмсөг хандах тал бий. Сүүлийн 10 гаруй жил гэрт суухдаа сар бүр нэг уран бүтээл хийж байгаа. Ахмадууд тэтгэвэрт гарахдаа биеэ чагнаад суулгүй урьд нь хийж байсан ажлаа ямар нэгэн байдлаар үргэлжлүүлэх ёстой гэж боддог. Үйлдвэрт ажиллаж байсан хүн үйлдвэрийн ажил хийх нь хаашаа юм. Гэхдээ л нийгэмдээ чадахаа хийж, хувь нэмрээ оруулж байх хэрэгтэй болов уу. Би амьдралынхаа нэг ч цагийг тоглоомонд үрж үзээгүй.
-Нас гэгч тоо урсаад л байдаг хэрнээ нэг их мэдэгддэггүй. Та сэтгэлээрээ, сэтгэхүйгээрээ хэдэн настай вэ?
-30 дотор эргэлдээд л байдаг шүү. Өөрийгөө хөгширлөө, хоцорлоо, өнгөрлөө гэж боддоггүй. Би дэвшилтэт, дэврүүн, романтик сэтгэлгээтэй хүн. Аливааг хөгшин хүний байр суурьнаас харахгүй юмсан, залуус шиг сэтгэхсэн гэж боддог. Хоцрогдлоо гэж битгий бод, хүсэл эрмэлзэлтэй бай гэж шавь нартаа хэлдэг. Мэдлэгтэй, намбатай ахмадууд сайхан харагддаг шүү дээ. Сурсан өчүүхэн зүйлээ хүнд хүргэхсэн гэж боддог ч би залхуу юм. 70 гаруй ном редакторлосон хэрнээ ганцыг ч бие дааж бичээгүй. Г.Бирваа багш надад их сайхан үлгэр жишээ үзүүлж, миний ном бичих замд гэрэлт бамбар асаасан. Тэрбээр 80 настайдаа дурсамжаа бичиж эхлээд 90-тэйдээ хоёр ботио дуусгажээ. “90 жилийн дурсамж” нэртэй нэгдүгээр боть нь гэхэд 770 хуудастай, он оны үйл явдлыг өдөр, сар, овог, нэртэй нь бичиж. Арга барил нь ч их сонин. Эхлээд уйгаржин монголоор бичээд, орчин үеийнхэнд зориулж кириллд хөрвүүлжээ. Би дурсамжаа бичиж эхэлсэн ч дуусгах юм болов уу даа. Хөгжмийг залхууралгүй бичдэг хэрнээ номыг нэг л зориглодоггүй ээ.
-Эмээ, өвөөтэйгөө ойр өссөн болоод ч тэр үү, надад настнууд бүгд сайн хүн шиг санагддаг. Таны бодлоор ахмадууд амьдралын үнэнийг таньчихсан, алдаа оноогоо ухаарсан учир сайн хүмүүс байдаг уу, эсвэл тэдний дотор муу нь бий юү?
-Муу хүн гэж байхгүй. Монголд ардын хувьсгалт нам биднийг нэлээд хэнхэг хүмүүжүүлчихэж. Их ажил яримтгай, мэдэхгүй юманд хошуу дүрэх дуртай, нэмэр биш саад болдог өвгөчүүдийн үе бий болчихоо юу гэж шүүмжлэлтэй ханддаг. Хорооныхоо намын хуралд суухад ахмадууд залуусыг ад үзээд, муу хэлээд ч байх шиг, бидний үед ийм, тийм байсан гэж шүүмжилдэг нь миний сэтгэлд хүрдэггүй. Ингэж ярьж яах нь вэ дээ, цаг үе өөрчлөгдсөн гэж хэлмээр болж, зарим шүүмж нь эмзэглэмээр санагддаг. Бид өөр хүмүүжилтэй ч энэ нийгэмд дасаж, ойлгож, дэмжиж амьдрахгүй бол горьгүй. Тэд сайн санаад буруу яриад байдаг болохоос биш, хөөрхий минь муу санаална гэж юу байх вэ.
-Тэгвэл таны найзуудаас хамгийн залуу нь хэдтэй вэ?
-Надад нас, насны андууд бий шүү. Найз гэдэг хоёр талтай юм. Миний ажил амьдрал, сонирхолд таарсан анд, эсвэл зүгээр л хүний ёсоор нөхөрлөдөг, хамт ууж идэж зугаацдаг хүмүүс байна. Аливаа мэдэхгүйгээ асуухад дуртай зөвлөдөг, надаас тусламж авдаг, санал нийлдэг найзуудад илүү дуртай. “Чингис хаан” хамтлагийн ахлагч Жаргалсайхан манайд ирж зөвлөгөө авснаас хойш ойр дотно нөхөд болсон. Их хөдөлгөөнтэй, нийгмийн идэвхтэй хүн юм. Монголын рок поп хөгжмийн нууц товчоог бичиж эхлээд 10 гаруй жил боллоо. Мөн рок поп урлагийн музейг өөрөөсөө хөрөнгө гаргаж байгуулах гэж байгаа нь миний гүн хүндэтгэлийг хүлээсэн. Залуу хүн бүр Монгол Улсынхаа хөгжилд өөрийн хувь нэмрээ энэ мэтээр оруулж байвал аштай юу даа.
-Та сүүлийн үеийн дуунуудыг юу гэж дүгнэж байна вэ?
-“Элгэн нутаг” богино долгионы радио их аятайхан дуунууд явуулдаг, хөгжмийн зөв бодлого хөтөлбөртэй юм билээ. Түүгээр дамжуулж залуу хөгжмийн зохиолчдын бүтээлтэй танилцдаг. Орчин үеийн дуунууд хоёр янз юм аа. Уламжлалаа хөгжүүлээд, урлагийг мэргэжлийн түвшинд авч яваа, чин сэтгэлээсээ бүтээдэг нэг хэсэг байхад хөнгөн, арилжааны шинжтэй, долоо хоног сонсоод хүн уйдахаар дуу хийдэг бүлэг байна. Урьд нь бидний бүтээлүүдийг мундгууд урьдчилан хянаж, зөвлөдөг байсан учир тэр үеийн дуунууд одоо ч амьтай. Хүн бүр хөгжмийн зохиолч, яруу найрагч болсон, толгойтой үснээс олон дуу мэндэлж байгаа цагт бүгдийг нь сонсон санал бодлоо хэлнэ гэдэг бүтэшгүй. Шинэ залуу уран бүтээлчид туршлагатай, мэдлэгтэй ахмадуудтай уулзаж зөвлөгөө авч байх хэрэгтэй. Намайг зорьж хүн ер ирэхгүй юм. Асуувал дуртай хэлж өгөхсөн. Ахмадуудын үгэнд авах, гээхийн ухаанаар хандах хэрэгтэй. Өмнө болсон явдал, мартагдсаныг түүх гэдэг. Хөгжим гэдэг өмнөхийн уламжлал болохоос биш, цоо шинэ газар ургасан цэцэг биш. Хөрс сайтай газар цэцэг илүү сайхан дэлгэрнэ. Монголчууд бид хөгжмийн том гүн ухаантай ард түмэн. Гэтэл монгол төрхгүй дуу хийж, хүний юм дуурайгаад буруу замаар хатирч явна. Эхлээд ардын дуугаа сайн судалж, монгол хүний сэтгэхүйг бодож байж дуугаа бичээч гэж ая зохиож эхэлж буй залууст хэлмээр санагддаг.
-Урьд нь уран бүтээлийг уран сайхны зөвлөлийн хурлаар оруулдаг байсан гэлээ. Одоо таны дуу ямар шат дамжлагаар бүтэж байна вэ?
-Миний уран бүтээлийн зам үндсэндээ 1990- ээд оноос хойш хаагдсан. Янз нь ЦДБЭЧ байгаагүй бол миний уран бүтээлийг тоглох газар олдохгүй нь. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш уран бүтээлч хийснээ өөрөө борлуулж, эзнийг нь олж, сурталчлах хэрэгтэй болсон. Би тэгж сураагүй юм, суралцаж чадахгүй явна. Уг нь сар бүр нэг дуу бичдэг. Миний сүүлийн дуунууд хүнд хүрэхгүй байаа. ЦДБЭЧ-ынхан төлөвлөгөөтэй, ажилтай улс учир үймүүлж, хийсэн дуу бүрээ өгөөд байж боломгүй. Өөрөө сурталчилъя гэхээр орчин үеийн дуучид намайг танихгүй, би ч мэдэхгүй, мартагдаж байгаа юм уу даа. Энэ яах вэ, цагийн жам. Мөнгөгүй хүн аль ч салбарт урагшлахаа больжээ. Мөнгөтэй, овсгоотой залуучууд дор нь номоо хэвлүүлж, цомгоо гаргах юм. Энэ нь түүхийн хуудас баяжуулж, сүүлд баримт болж үлдэх сайн талтай ч нийтийн дуу хөгжмийн хөгжилд ямар нэгэн байдлаар садаа болно. Ухаан нь, сонгомол бишийг өдөр бүр сонсгоод байвал сонсогчдыг төөрүүлэх аюултай. Нэг үеэ бодоход манай дуучдын мэдлэг боловсрол сайжирч, ур чадвар өндөрсжээ. Гэхдээ нэг зүйлд алдаад байх шиг. Хүний сайхан дууг дуулж алдаршиж байгаа хэрнээ эргээд хөгжмийн зохиолч, яруу найрагчаа дурдахгүй, миний уран бүтээл гэж ярих юм. Зориуд тэгдэг үү, эсвэл туршлагагүйтэж хэлдэг үү, мэдэхгүй юм. Их буруу хүмүүжил. Уран бүтээлчийн хөдөлмөрийг эс үнэлсэн, түүхээ үл хүндэтгэсэн хэрэг. Захын цомог харахад л дуучны нэр дуутайгаа эрийж байхад хөгжмийн зохиолч, яруу найрагчийнх байдаггүйд эмзэглэдэг.
-Тэгвэл зохиосон хөгжмүүдээ шүлэгтэй болгохын тулд яадаг вэ?
-Одоо бол Дагвадорж, Хүрэлбаатар зэрэг найрагчдад захиж хийлгэдэг. Яруу найрагчдыг таньдаг бол ярилцан тохирно. Миний хүссэнийг бичиж өгнө, их амар. Гэхдээ дуу гэдэг заавал танилаар бүтдэг юм биш. Сэтгэлд таарсан шүлэг уншвал хөгжим нь шууд санаанд буудаг. Яруу найргийн түүврүүдээс шүлэг авч дуу хийж болно. Бадраа, Долд, Ч.Чимид, Д.Пүрэвдорж нарын шүлгийг уншихад ая нь шууд л сэтгэлд буудаг. Миний уран бүтээл хийдэг арга барил их өвөрмөц. Төгөлдөр хуур тавих зайгүй байранд суудаг учир хөгжмөө санаандаа төсөөлөн бичдэг. Гэхдээ зүгээр нэг шалдан ая биш, оркестртойгоо толгойд бууна. Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхнөөр аяа тоглуулахад яг л миний санаанд бууснаар сонсогддог. “Багш худлаа яриад л, өөр газар хөгжимдөж үзсэн байх” гээд хүмүүс үнэмшдэггүй юм.
-Монгол цэргийн хөгжмийн гавьяа юу вэ?
-Нэгдүгээрт, Монголд хөгжмийн бичиглэл буюу ноот нэвтрүүлсэн. Хоёрдугаарт, Ерөнхий боловсролын сургуультай болсон эхний 30, 40 жилд сурагчдын хөгжмийн боловсролыг цэргийн хөгжмийнхөн анхаарсан. Цэргийн хөгжимчдийг алба хааж нутагтаа очиход аймаг сумын удирдлагууд нь клубийн дарга, хөгжмийн багшаар томилдог байж. Гуравдугаарт, Улсын төв театр, Ардын дуу бүжгийн чуулга, Улсын цирк зэрэг мэргэжлийн байгууллагад үлээвэр хөгжмийн суурийг тавьсан.
-Таныг цэргийн хөгжмийн урлагийн түүх мэддэг цөөхөн хүний нэг гэдэг. Хойч үедээ юу үлдээхээр төлөвлөж байна вэ?
-Орост дээд боловсол эзэмшсэн, цэргийн хөгжмийн сургуулийн багш Цоггэрэл миний зөвлөгөөг авч, том түүхчдийн удирдлага дор “Цэргийн хөгжмийн түүхэн тойм” гаргасан нь муугүй болсон. Өмнө нь цэргийн хөгжмийн түүх гэж байгаагүй бол одоо түүхтэй. Монголд үлээвэр найрал хөгжим үүссэний 100 жилийн ойд зориулж манай хөгжмийнхөн ном бичиж байгаа. Миний аав цэргийн хөгжмийн анхны удирдаачдын нэг, багш нар минь алтан үеийнхэн байсан учир тэдний туулсан амьдрал, түүхийн зах зухаас мэднэ. Тиймээс цэргийн хөгжмийн түүхийг бүрэн бүтэн, үнэн зөв болгоход би хувь нэмрээ оруулах ёстой гэж ойлгодог. Тэр номд хүмүүс, түүхэн үйл явдлын тухай 39 материал өгсөн.
-Та Монгол Улсын төрийн дууллын найруулгыг үндэсний өнгө төрхтэй болгосон. Одоо найруулгаа өөрчилмөөр санагддаг уу?
-Тэгэлгүй яах вэ, юм нэммээр бодогддог юм. Намайг 1973 онд төрийн дууллыг найруулгажуулсныг Үлээвэр найрал хөгжмийнхөн тоглоход хоёрхон хүн ажигласан нь Гончигсумлаа, Лувсаншарав нар. “Аятайхан дуугараад байна. Та нар янзалсан юм уу, үүнээс ч сайн болгож болно, анхаараарай” гэж хоёул сануулж байсан. Монголд өчнөөн мундаг хөгжмийн зохиолч байхад ялгааг нь тэр хоёр л ажигласан нь их сонин, мундаг мэдрэмжтэйн шинж.
-Монгол хүн төрийн дууллаа үндэснийхээ шинжид оруулж найруулсан байтал яагаад Оросын хөгжмийн зохиолч Руновын найруулсан нь Монголын үндэсний радиогоор эгшиглэдэг юм бол?
-Манайхны залхуугийнх байх. Би уг нь Улсын филармони, ДБЭТ-ынханд бичээд л өгсөн. Оросоос ирсэн бэлэн бичлэг байгаа учир радиогийнхон шинээр бичүүлье гэж түвддэгүй байх.
-Хүнд олон үүрэг, нэршил бий. Тухайлбал Та хөгжмийн зохиолч, урлаг судлаач, хурандаа, хөгжимчин, удирдаач, аав, өвөө. Та аль үүргээ гүйцэтгэхдээ илүү аз жаргалтай байдаг вэ?
-Би удирдаачийн ажилдаа илүү дуртай. Над шиг бие жижигтэй хүн удирдаач болоход тийм ч тохиромжтой биш. Урлагийн гавьяат зүтгэлтэн Цэрэндорж багшийг удирдахаар л дотроос юм хатгаад, хөгжим аяндаа уянгалдаг. Түүнийг хараад л ийм сайхан удирдаач болохсон гэж хүссэн.
-Хамгийн сүүлд хэзээ оркестр удирдсан бэ?
-1961-2000 он хүртэл 40 жил удирджээ. Одоо ч удирдаж чадна. Дасгалаа өдөр бүр биеийн тамир маягаар хийдэг. Хараа сайн, ухаан саруул байна. Сонсгол муудсан ч хөгжмөө сонсдог. Ж.Чулуун гуай 50 гаруй настайдаа “Хөгжмөө зүгээр сонсоод байгаа хэрнээ хүний яриа дүнгэнээд байна” гэж байсан. Үнэхээр тэгдэг юм байна. Гэхдээ мэргэжлийн сонсгол гэж тусдаа байдаг юм болов уу, хэчнээн ч намуухан хөгжим эгшиглэж байсан буруу дуугарсан ноотыг ялгана. Би 1930-аад оны сүүлээр сонссон хөгжмөө одоо ч бичиж чаддаг. 1937 онд Налайх руу нарийн төмөр зам тавих үед Налайхын клубийн хөгжмийн багш луухаан “Төмөр зам” дуу зохиосон нь радиогоор явдаг байлаа. Тэрийг нь одоо би санадаг.
-Алтан үеийн хөгжмийн зохиолчдыг амьд сэрүүн цагт Та хамтран ажиллаж байсан хүн. Тэдний тухай дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Гончигсумлаа гуай Монголын хөгжмийн зохиолчдыг соёлтой болгож, барууны хөгжмийг нэвтрүүлсэн хүн. Архи уухгүй, тамхинаас гарсан, ном их уншдаг, хөгжмөө л боддог хүн байлаа. Архи уудаггүй болохоор ч тэр үү, хүнтэй эв хавгүй ярьдаг, хатуухан зантай. Гэхдээ их сайхан сэтгэлтэй. Намайг их дэмжиж, тоодог байсан. Нэг удаа бид эмнэлэгт хамт хэвтэж таарсан. Тэгэхэд их баярлаж, “Чамтай хамт эмнэлэгт хэвтдэг ямар аятайхан юм бэ, хоёулаа сайхан ярина аа” гэж билээ. Их ч сайхан ярьдаг хүн байсан.
Дамдинсүрэн гуай их агуу, задгай авьяастай. “Учиртай гурван толгой”-г Дамдинсүрэн бичээгүй гэж манайхны ярьдаг их буруу. Түүний багш Смирнов гэж хүн аялгуунуудыг нь найруулгажуулсан. Тэр үед найруулга хийдэг хүн Монголд байсангүй. Смирнов их нямбай хүн учир 1946 онд нутаг буцахдаа өөрийн бичсэн найруулгаа Хөгжмийн урлагийн музейдээ өгчихөж. Тэрийг нь манайхан үзчихээд “Учиртай гурван толгой”- г Смирнов бичсэн гэж хэл ам гарган, Намын төв хороонд тогтоол хүртэл гаргуулж байсан.Дамдинсүрэн гуай Ленинградад сургуульд сурч байхдаа Кремлийн хана руу согтуу шээж байж. Цагдаа торгох гэтэл мань эр “Нэгдүгээрт би Монгол Улсын иргэн учир намайг торгох эрхгүй, хоёрдугаарт энэ хана руу би байтугай Бат хаан шээж байсан юм шүү” гэж хэлээд хөөгдөж, Бээжинд боловсрол эзэмшсэн. Тийм л нэг энгийн монгол эр байж.
“Баянмонгол”, “Идэр жинчин” зэрэг олон сайхан дуу зохиосон Дугаржав гуайг Монголын орчин үеийн дууны үндсийг тавьсан гэдэг. Тэр хүн мэргэжлийн хөгжмийн хүн байгаагүй, авьяасаараа л зохиож байж. Харин Мөрдорж гуай мэргэжлийн зохиолчийн хувьд орчин үеийн нийтийн дууны суурийг тавьсан. Мөрдорж гуай надад “Партизан Чойбалсан” дууныхаа талаар ярьж өгсөн юм. Тэр дууг зохиосны маргаашаас л хүмүүс дуулж, их хурдан олонд түгжээ. Үгийг нь бичсэн З.Пунцаг гуайг “Алтан гадас” одонгоор шагнахад намайг ч бас урамшуулах нь гэж бодож. Гэтэл гурван сар боллоо чимээ алга, гайхаад л байж. Нэг өдөр Лхагвасүрэн жанжин дарга нарыг цуглуулж хурал хийхдээ “Эхлээд нэг шагнал гардуулъя” гээд “Маршал Чойбалсан нөхөр Мөрдоржийг сайхан дуу зохиосон гэж мөнгөн цагаар шагнасан байна” гээд Чойбалсангийн гарын үсэгтэй энгэрийн цаг өгчээ. Урам нь хугарч, хурлын дараа Консулын дэнжид байрладаг хятад гуанзанд оржээ. Эзэн луухааныг дуудаад “Хөөе Цагаан, Чи надад зургаан сарын хугацаанд хоол, 100 грамм архи үнэгүй өгч бай. Би чамд чухал юм өгье” гэжээ. Цагаа өгөх гэхэд луухаан авахгүй надад хүндэднэ гэж. Мөрдорж гуай зөрүүдэлсээр нэг жил хоол, 100 грамм архитай хүртэх тохиролцоо хийсэн гэдэг. 1985 онд үүнийгээ надад ярихдаа “Би ч их тэнэг байж. Тэр цаг одоо байсан бол хамгийн чухал, үнэтэй эд болохгүй юу” гэж харамсаж билээ.
Монголын агуу хөгжмийн зохиолчдыг бид зохих ёсоор нь үнэлж чадаагүй. Цол хэргэмээ хайрласан ч тэд над шиг даржин амьдралтай насыг барж дээ.
Б.ДӨЛГӨӨН