Аралтай тэрэг нь айлын дундаа
Алтан шанлуу ширээний минь дундаа хө
Амраг жаалхан Сийлэн бөөрийг
Авнаа гэж зүүдэлсэн ч үгүй явлаа хө
Хүрдтэй тэрэг нь хүрээний дундаа
Хүрэн шанлуу ширээний минь дундаа хө
Хүүхэн жаалхан Сийлэн бөөрийг
Хуримыг л хийхээр зэхээд байна хө....( Сийлэн бөөр )
Монгол ардын дууны гүн гүнзгий утга санаа, уран яруу хөг эгшиг он цагийн уртад хуучралгүй дуулагдсаар ирсэн билээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Л.Цогзолмаагийн мэндэлсний 90 жилийн ойн хүрээнд Ардын богино дуу дуулаач, мэргэжлийн дуучдын улсын тавдугаар уралдаан гурван үе шаттайгаар болж, өндөрлөлөө. Уралдааны эхний хоёр шат Улаанбаатар хотод болсон бол, эцсийн шалгаруулалт Төв аймгийн “Монгол туургатан” театрт болсон юм. Энэ уралдааныг дөрвөн жилд нэг удаа зохиодог бөгөөд энэ жил тав дахь удаагийнх нь болж буй. Уралдааныг Төв аймгийн Засаг даргын тамгын газар, Монголын Урлагын ажилтны холбоо (МУАХ), Говь боловсрол төвийн ерөнхий захирал Х.Юмчмаа нар хамтран зохион байгуулсан аж.
Уралдааны эхний шатанд 38 дуучин оролцсоноос гуравдугаар шатанд шалгарсан 11 ардын дуучин нэгдсэн тоглолтонд оролцсон юм. Мөн энэ үеэр шилдгүүдийг шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагнал гарпууллаа.
Тэргүүн байрын шагналыг дуучин, Б.Батцэцэглэн, хоёрдугаар байрыг “Түмэн-Эх” чуулгын дуучин Б.Мөнхбаатар, гуравдугаар байрыг ҮДБЭЧ-ийн дуучин Б.Ууганбаяр хүртсэн юм.
Мөн Дууны нийгэмлэгийн шагналыг Ц.Гантуяа, зохион байгуулах хорооны шагналыг Төв аймгийн “Монгол туургатан театр”-ын дуучин Н.Отгонжаргал, Ж.Нямсүрэн гардлаа. Уралдааны шилдэг хөгжмийн хамтлагаар Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгыг төлөөлөн оролцсон Лхагвасүрэн ахлагчтай баг бүрэлдэхүүн, мартагдсан дууг сэргээн дуулсан шагналыг СУИС-ийн оюутан Д.Сайзанмаа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Л.Цогзолмаагийн нэрэмжит шагналыг Хэнтий аймгийн Хан Хэнтий чуулгын дуучин П.Оюунтуяа нар хүртсэн юм.
Энэ тоглолтыг үзсэн настан буурлууд ардын сайхан дуундаа уярч, баярлан сууж байлаа.
Монгол түмний үндэсний соёлын үнэт өв болсон ардын дууны дахин давтагдашгүй өвөрмөц ая, аялгууг өнөөг хүртэл хадгалж ирсэн нь энэ урлагын гайхамшиг юм.
МУАХ-ны ерөнхийлөгч, гавьяат жүжигчин Б.Тунгалаг “Энэ сайхан утга соёлын уламжлалт өвийг өнөөдөр бид хойч үедээ өвлүүлэх, сэргээн таниулах, нэр хүндтэй бөгөөд чухал эрхэм үүргийг хүлээж байгаа билээ. Соёл, нийгмийн томоохон зүтгэлтэн Л.Цогзолмаа гуайн нэрэмжит энэхүү уралдаанаар Монгол ардын дууны өв санг урьд өмнө нь дуулагдаж байгаагүй дуугаар баяжуулах, ардын дуу дуулах ур чадварыг эзэмшүүлэх, шинэ залуу авьяастныг төрүүлэн, гаргаж ирэх зорилготой” хэмээн ярилаа.
Дэлхийн олон орон манай язгуур урлагийг гайхан биширч, магтан сайшааж ирсэн билээ. Энэ жил Халимаг, Буриад, Якут Өвөрмонгол зэрэг орны зочид уригдан ирж энэ уралдаанд оролцож буй.
Тайзан дээр баярын нулимс унагаан, өөрийн үр хүүхэд, хүндэлж явдаг гавьяатнуудаа тойруулан суугаа Монголын урлагын ноён оргил болсон Л. Цогзолмаа гуайг харан зогсоход бүсгүй хүн, эх хүн ийм л байх ёстой байхдаа гэсэн бодол толгойд зурсхийж, тоглолт өндөрлөн хөшиг хаагдахад уулзахсан гэсэн бодолдоо хөтлөгсөнийх үү хамгийн түрүүнд гүйгээд очсон юм.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Л.Цогзолмаа сэтгэгдлээсээ хуваалцлаа.
-Танд 90 насны ойн баярын мэнд хүргье. Өнөөдрийн тоглолт их сайхан боллоо?
-Их баярлалаа. Миний 90 насны ойг тэмдэглэж байгаа Урлагын ажилтны холбоо болоод Төв аймгийн Засаг захиргаанд улам их амжилт хүсэж, энэ олон түмэнд баярласан талархснаа илэрхийлье. Эрүүл энх урт насалж, удаан жаргахыг бүгдэд нь хүсье.
-Өнөөдрийн тоглолтыг үзэхэд шинэ залуу дуучдын талаар танд ямар сэтгэгдэл төрсөн бэ. Залуу дуучдын талаар та юу хэлэх вэ?
-Залуу дуучид өдрөөс өдөрт улам олноор гарч ирж байна. Сургууль төгссөн авьяастнууд өдий төдийгөөр гарч ирж байгаа юм. Энэ олон авьяастнууддаа ирэх ирээдүйд нь улам их амжилт хүсье.
Хийсэн бүтээснээрээ хүндлүүлж, алдар нэрээ цуурайтуулж яваа буурайгаар энэ үеэр бахархаж зогссоноо нуух юун.
Уралдааны ерөнхий шүүгч, соёлын тэргүүний ажилтан, МУАХ-ны нийгэмлэгийн тэргүүн, Н.Буянбаатар “Нийтдээ 38 уран бүтээлч оролцож мэдүүлгээ өгснөөс 36 хүн оролцлоо. Мэргэжлийн урлагын байгууллага, орон нутгийн театруудаас уран бүтээлчид оролцсон юм. Уран бүтээлчдийн хувьд онооны зөрүү бага байсныг онцолмоор байна. Залуу дуучид ур чадвараа дээшлүүлэх, Монголын олон үндэстэн ястны мартагдсан буюу дуулагдаж байгаа дуунуудаар урын сангаа баяжуулах шаардлагатай байна хэмээн шүүгчдийн бүрэлдэхүүн дүгнэсэн. Мөн залуу уран бүтээлчид өөрийн нөөц, бололцоо ур чадвараа бүрэн дайчлах хэрэгтэй байгааг хэлмээр байна. Батцэцэглэн бол чөлөөт уран бүтээлч, уралдаанд нэлээн сайн бэлтгэсэн нь харагдаж байна. Цаашдаа улам их эрэл хайгуул хийж, их сайн ажиллах хэрэгтэй” хэмээн ярив.
Тэргүүн байрын шагналт Б.Батцэцэглэнгээс сэтгэгдлийг нь сонслоо.
-Баярлалаа. Их сайхан уралдаан боллоо. Бид уран бүтээлээсээ арван дуу дуулсан. Уралдаанд заагдсан дөрвөн дуунаас дуулсан юм. Бидний хувьд их том сургалт боллоо. Бусад оролцогч их хүчтэй, авьяастай байлаа. Та нартайгаа өрсөлдөхөд сайхан байлаа.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Л.Цогзолмаа гуайн нэрэмжит шагналт Хэнтий аймгийн Хан хэнтий чуулгын дуучин П.Оюунтуяагаас сэтгэгдлийг хуваалцлаа.
-Энэ сайхан уралдаанд оролцсондоо их баяртай байна. Олон сайхан дуучидтай хүчээ үзэж энэ сайхан хүний нэрэмжит шагналыг хүртсэндээ баярлаж байна. Ардын дуу дуулдаг хүмүүс залуужсан байна. Мундаг олон сайхан дуучидтай өрсөлдсөндөө сэтгэл өндөр байна.
“Ардын богино дуу дуулаач мэргэжлийн дуучдын улсын уралдаан”-ны анхны уралдаанаас Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, гавьяат жүжигчин Л.Чулуунчимэг, хоёр дахь уралдаанаас гавьяат жүжигчин Ц.Үенч зэрэг үе үеийн шилдэг дуучид төрөн гарч байжээ.
Сурвалжилсан М.Болорцэцэг
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Л.Цогзолмаа, тэргүүн байрын шагналт Б.Батцэцэглэн
Тэргүүн байрын шагналт Б.Батцэцэглэн
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Л.Цогзолмаа, нэрэмжит шагналтан П.Оюунтуяа
Уралдааны ерөнхий шүүгч, соёлын тэргүүний ажилтан, МУАХ-ны нийгэмлэгийн тэргүүн, Н.Буянбаатар