Японы нэрт хөгжмийн зохиолч Эндо Минорүгийн үүсгэн байгуулсан “Эндо Минорү” сангийн санаачлага, ивээн тэтгэлгээр зохион байгуулсан “Япон дууг хэн сайн дуулах вэ” уралдаан Монголын хүүхдийн ордонд болж өндөрлөлөө. Энэ уралдааныг морин хуурыг дэмжих “Цэндийн Батчулуун” сан, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран зохион байгуулсан юм. Монголын хүүхэд багачуудын дуу хөгжмийн боловсролд хувь нэмрээ оруулсан энэхүү арга хэмжээнд нийслэлийн 50 сургуулийн сурагч болон Өвөрхангай аймгийн Япон хэлний сургалттай “Мэргэд” дунд сургууль, Баянхонгор аймгийн “Соого Сейкео” сургуулийн сурагчид оролцлоо. Уралдааны тэргүүн байрт 71 дүгээр сургуулийн сурагч Х.Батхангай шалгарсан байна. Мөн 14дүгээр сургуулийн Н. Жаргалмаа, 18 дугаар сургуулийн М. Анхбаяр, 75 дугаар сургуулийн Д.Энхгэрэл, Хангай цогцолбор сургуулийн О.Сүрэнцэцэг нар эхний таван байрт шалгарч, тусгай байрын шагналыг 48 дугаар сургуулийн Б.Даваажаргал хүртсэнээр Япон улсын засгийн газрын тэтгэлгээр тус улсад аялах эрх гардан авсан байна.