Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын 52 дахь улирлын тоглолт ирэх бямба, ням гаригт эхэлнэ. Үндэсний ууган дуурь “Учиртай гурван толгой”-гоор хүрэн хөшгөө нээж, энэ цаг үеийн шилдэг дуучдаа нэгэн тайзнаа тоглуулахаар болсон тухайгаа тус театрын удирдлага, уран сайхны зөвлөл өчигдөр мэдээллээ. Үндэсний сонгодог “Учиртай гурван толгой” дуурийн 80 жилийн ой энэ онд тохиож буй. Жилдээ 100 хүртлэх удаа тоглож байсан баялаг түүх энэ бүтээлийн нэртэй холбогддог. 2410, 2411 дэх удаагаа тоглох гэж буй энэ дуурьт дөрвөн өөр Нансалмаа, Юндэн, гурван Хоролмаа, Балган дуулах анхны тохиолдол энэ болох гэж байна. ДБЭТ-ын уран бүтээлчид нээлтийн тоглолтдоо олон гоцлоочдыг хамтад нь, үзэгдэл бүрт хуваан нэг дор тоглуулахаар бэлдэж байгаа бөгөөд дуурийн Юндэнд гавьяат жүжигчин М.Болд, Э.Амартүвшин, соёлын тэргүүний ажилтан Э.Анхбаяр, Ч.Энхтайван, Нансалмаад соёлын тэргүүний ажилтан М.Дариймаа, Ш.Наранчимэг, Д.Туяа, Б.Энхнаран, Хоролмаад гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Ө.Уянга, соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэтуяа, Балганд Э.Бумхүү, Ж.Бямбажав, О.Хүрэлбаатар нар дуулна. Нээлтийн тоглолтыг урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач- Н.Туулайхүү, Ж.Бүрэнбэх нар дохих юм.
“Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг дуурь болгон хөгжмийг нь бичсэн хүмүүс бол Б.Смирнов, Б.Дамдинсүрэн нар юм. Түүнээс өмнө буюу 1934 оноос аялгуут жүжгийн хэлбэрээр нийтийн хүртээл болсон энэ дуурь ДБЭТ-ын шинэ барилга ашиглалтад орсон тэр жил 1000 дахь тоглолтоо хийж байсан гэдэг. Түүнээс хойш 50 гаруй жил өнгөрч, “Учиртай гурван толгой” дуурийн тоглосон тоо 2400-д хүрчээ.