...Харахгүйгээр мэдэрч чадна Сонсохгүйгээр ойлгож чадна Бичихгүйгээр зохиож чадна Гэрэлгүйгээр амьдарч чадахгүй... хэмээн “философидож”, “Мадагаскар” хүүхэлдэйн киноны дууны дахилтыг бүтээлдээ шингээн сонсогчдыг доргиож, “Алдаа” дуугаараа ухааруулсан “Лего” бол “Play time” наадмын үзэгчдийн хүсэн хүлээдэг хамтлагуудын нэг. Саяхан “We support” тоглолтоо амжилттай толилуулсан тэд тун удахгүй “Чадна” цомгоо өлгийдөх юм билээ. Амьд хөгжмийг электро, дабстеп аятай хослуулдгаараа онцлогтой уг хамтлагийн ахлагч, дуучин Н.Билгүүн найруулагч мэргэжилтэй ч үл хөдлөх хөрөнгийн компанид ажилладаг бол басс гитарчин Батхүү “Номин талст”-ын Т.Дэлгэрмөрөний уран бүтээлийн хөгжмийг тоглодог, соль гитарчин А.Жамбалдорж барилгын компанитай, бөмбөрчин Н.Тэмүүлэн дууны найруулагч аж. Тэдэнтэй ярилцсанаа хүргэе.
-Хамтлаг байгуулсан түүхээсээ хуваалцана уу?
Н.Билгүүн:-Манай хамтлаг хоёр жилийн өмнө шинэ бүрэлдэхүүнтэй болсон. Би амьд хөгжим сонирхон 2008 онд соль гитарчин найзтайгаа хамтарч дуу зохиодог байлаа. Хамтлаг байгуулахад бөмбөрчин, басс гитарчин хэрэгтэй учир дөрвүүлээ нэгдсэн. Тэр үедээ “Be for you” тэмцээнд оролцож тэргүүн байрын шагнал хүртсэн. Манай бөмбөрчин “Нисванис”-т орсон, зарим нь ажил амьдралын мөрөө хөөхөөр хамтлагаасаа гарч, би үлдэн, одоогийн бүрэлдэхүүнтэй цааш уран бүтээлээ хийж байна.
-Яагаад “Лего” гэж нэрлэсэн бэ?
Н.Б:-Хүүхдүүдийн оюун ухаан, бүтээлч чадварыг хөгжүүлдэг лего хэмээх эвлүүлдэг тоглоом байдаг даа. Түүгээр хот сүндэрлүүлж, дуртайгаа бүтээж болдог. Бид ч бас хөгжмийн дуугаралт, эгшгүүдийг хооронд нь эвлүүлж гоё дуунууд хийнэ гэж бэлгэдэж ийн нэрлэсэн.
-Танайх бусдаас юугаараа онцлогтой вэ?
Н.Тэмүүлэн:-Монголд анх удаа дабстеп стилиэр тоглох болсон. Орчин үед техник технологи хөгжихийн хэрээр дэлхийн хөгжмийн төрөлд шинэ чиг хандлага нэмэгдэж, хүмүүс дабстеп электро дуунууд сонирхох болсон. Манайх амьд хөгжимтэй электро дуугаралтыг хольдог гэсэн үг.
Н.Б:-“Лего”-гийн дууны сэдэв, өнцөг бусдаас өөр гэж боддог.
А.Жамбалдорж:-1980, 1990-ээд онд АББА, “Бони М” зэрэг хамтлаг үзэгчдийг уяраахаасаа илүү бүжиглүүлж, зугаацуулдаг диско төрлийн дуу хийдэг байсны адил манайх хүмүүсийг хөгжөөн баясгах, бүжиглүүлэх чиглэлийн дуунуудтай.
-Танай хамтлагийн цомгийг хэвлэхэд хандив цуглуулах зорилгоор “We support” хөдөлгөөнийхөн тоглолтыг тань зохион байгуулсан. Цомог хэвлүүлэх хөрөнгөө амжилттай босгож чадсан уу?
Н.Б:- “Моханик” хамтлагийг дэмжин “Моханик Амарбаясгалант” цомог хэвлүүлэх зардал олох зорилгоор урьд нь “Анима мунди” энтертайнмантаас “We support” хандивын хөдөлгөөн, тоглолт зохион байгуулсан бол сая биднийг дэмжлээ. Тоглолтод ирсэн үзэгчид, ая дуугаа өргөсөн хамтлаг, дуучдын ачаар есөн дуутай “Чадна” цомгоо БНСУ-д хэвлүүлэхээр болсон. Ирэх арванхоёрдугаар сардаа багтаж үзэгчдэд хүргэх төлөвлөгөөтэй байна. Цомгоо GV студид бичүүлсэн, мастер, миксийг нь БНСУ-д хийлгэнэ. Манай цомог шинэлэг дуугаралттай, аливааг өөр өнцгөөс харуулсан дуунуудтай.
-“Үзэгчдэд өөрийг, чанартайг хүргэе гэж үнэхээр хичээж байгаа нэгэн байхад дуу хийх чин хүслээс өөр юмгүй хамтлаг дуучид байна” гэж нэгэн алдартай хөгжмийн зохиолч Монголын рок попыг дүгнэсэн. Танай хамтлагийн цаашдын зорилго юу вэ?
Н.Б:-Бид нэгэнт л дуу хийнэ гэж шийдвэр гаргасан учир ар гэрийн амьдралаа зохицуулдаг. Хамтлаг, дуу гээд хамаг амьдралаа хаялгүй, аль аль талын тэнцвэрээ барихыг хичээдэг гэх үү дээ. Монгол гурав хүрэхгүй сая хүн амтай, гаднынхан шиг урлагаар мөнгө олохгүй учир дуу хөгжим хөөдөг биднээс золиос шаарддаг ч үнэхээр хөгжимд хайртай, түүнийхээ төлөө зүтгэдэг залуу олон байдаг юм шүү. Бид зүгээр ч нэг дуу биш, хүмүүст өгөөжтэйг хийхийг хүсдэг. Цаашид олон сайхан дуу зохионо гэдэгтээ итгэж байна.
-Амьд хөгжимтэй амьдралаа холбосноор та нарт юу өгөв, бас юу золиосолсон бэ?
Н.Б:- Гэр бүлдээ гаргах цаг заваас хумсалж, мөнгө их шаарддаг ч сэтгэлийн тэнхээ, эрч хүч, таашаал өгдөг.
Н.Т:-Хөгжмөөр дамжуулж бусдад нөлөөлөх боломжтой. Манай дуунууд гунигийн, уянгын гэхээсээ илүү сонсогчдыг баясгаж, хөгжөөдөг. Магадгүй манай хамтлагийн тоглолтыг үзсэн хүмүүс маргааш нь өөр үзэл бодолтой, өөдрөг болж ч мэдэх юм.
А.Ж:-“Чадна” цомгийн дуунуудаа найман сарын өмнө бичүүлсэн ч хэвлүүлэх мөнгөгүй өдий хүрсэн. Бэлэн аян дээр дуулдаг уран бүтээлчид хоолойгоо бичүүлж мастер миксээ хийлгээд л болдог бол амьд хөгжимтэй хамтлаг, дуучдаас гарах зардал өндөр. Гитар, бөмбөрийн аязаа тус бүрт нь бичүүлж хөгжмөө найруулан, хоолойгоо бичүүлж, мастер, миксээ хийлгэдэг. Бас хөгжмийн зэмсгүүдээ худалдаж авна, бэлтгэл хийх байр хэрэг болно. Энэ зэргийн бэрхшээл байгаа ч тусалж дэмждэг хүн олон.
-Та нарын сонссон хамгийн сайхан магтаалын үг, хамгийн бодит шүүмж юу байв?
Н.Т:-Магтаал гэхээсээ илүү үзэгчдийн сэтгэл хөдлөлөөс урам авдаг. 2013 оны “Плэй тайм” наадмын үзэгч ихтэй, оргил цагаар бид дуулахад хүмүүсийн сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрсэн. Манай гитарчид даруу төлөв зантай ч тухайн үед сэтгэл нь их хөдөлсөн. Би тэднийг яаж бүжиглээд байгааг ч ойлгоогүй. Гаднын үзэгчид бидэнд ёслоод л, тайзнаас буухад Билгүүнийг охид үнсэх гэж дайрсан.
Н.Б:-“Нисванис”-ын Амгаа ах манай хамтлагийн хуучин стильд дуртай. “Эхлээд урьдын дуунуудаа олонд хүргээд, дараа нь шинэ бүтээлд орохгүй дээ” гэж хэлж байсан. Бид удахгүй дараагийн цомгийн дуунуудаа бичүүлнэ.
А.Ж:-“Sir Alex” хамтлагийнхан тусалж, хамтарч ажилладаг. “Нисванис”, “Лемонс”, “Колорс”, “Компасс”, “Оршихуй” зэрэг хамтлагийнхантай ойр дотно нөхөрлөдөг. Ер нь амьд хөгжмийн уран бүтээлчид охидын хамтлагууд шиг нэгнээ доош хийдэггүй, бие биедээ тусалж, дэмждэг. Тухайлбал, “We support” хөдөлгөөний тоглолтын дараа хамтлагууд бидний алдаа оноог шүүж, дараагийн дэмжих уран бүтээлчдийн тухай ярилцсан.
-Ая, үгээ хэн нь бичиж, дууны санаагаа яаж олдог вэ?
Н.Т:-Би аяа зохиож, заримдаа Билгүүн үгээ бичдэг. Дууны ая зохиох явц янз бүр. Зүгээр л алхаж явахад санаанд буух тохиолдол байхад, тухайн нэг үйл явдлаас шалтгаалж мэдрэмж төрөх нь бий. Бас хөгжмийн шинэ содон дуугаралт сонсоод ая зохионо.
-Танайх дуугаа хүмүүст таалагдах байдлаар хийхийг хичээдэг үү, эсвэл өөрсдийн таашаалд нийцүүлэхийг илүүд үздэг үү?
Н.Б:-Өөрсдөдөө таалагдсан дуу хийхийг хүсдэг. Надад таалагдсан дуу бусдын сэтгэлд хүрэх ч юм бил үү. Хүмүүст таалагдах гэж хэтэрхий хичээсэн комершиал чиглэлийн дуу хийвэл бидэнд таашаалгүй.
Б.ДӨЛ