Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулгантай ярилцлаа.
-Үнэндээ Уул уурхайн дэд сайд гэхээс өөр мэдээлэлгүйгээр би таныг зочноор урилаа. Таны талаар өнгөц хайхад мэдээлэл хомс юм. Та тийм нууцлагдмал хүн үү?
-Уг нь би өөрийгөө харьцангуй нээлттэй хүн гэж боддог. Гэхдээ “Би нээлттэй хүн” гээд зарлаад явах нь хаашаа юм. Ямар ч байсан ажил, амьдралын бүхий л асуудлаар хэнтэй ч нээлттэй ярилцаж, ойлголцож чаддаг гэж гэж боддог шүү. Манай найзууд намайг “Байгаагаараа л байдаг” гэдэг. Оюутан байхдаа, бизнес эрхэлж явахдаа, одоо дэд сайд болсон ч миний зан өөрчлөгдөөгүйг мэдэх хүмүүс нь мэднэ. Сошиал ертөнцөд ч би зангаараа байдаг. Ер нь хүн байгаагаараа л байх ёстой. Албан тушаал мөнх биш шүү дээ. Харин хүний мөн чанар, нөхөрлөл үүрд мөнх байх ёстой. Харин ийм чөлөөтэй, энгийн сэдвээр төдийлөн ярьж байгаагүй юм байна. Өөрийгөө товч танилцуулахад, Улаанбаатарт төрж, Сүхбаатар аймагт бага насаа өнгөрүүлсэн. Манай аав, ээж хоёр Увсынх. Социализмын үед томилолтоор Сүхбаатар аймагт ажиллаж амьдарсан юм. Манай аав Оюун Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан юм. Хамгийн сайхан дурсамжтай үе маань Сүхбаатар аймагтай холбоотой. Одоогийн ШУТИС-ийг элетроникийн инженер мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд МҮХАҮТ-д ажиллаж байгаад Италид Засгийн газрынх нь тэтгэлгээр бизнесийн удирдлагын магистрийн зэргээр суралцахаар явсан. Төгсөөд тэндээ жил хэртэй ажилласан. Монголдоо 2002 онд ирээд “Эм Си Эс”, “Анод” зэрэг хувийн хэвшлийн байгууллагад 2010 он хүртэл хүчин зүтгэсэн. 2005 оноос хойш АНын ҮЗХ-ны гишүүнээр сонгогдсон. 2010 онд Төрийн өмчийн хороонд ажиллах боломж гарсан юм. Ингэснээр төрийн байгууллагад сүүлийн дөрвөн жил ажиллаж байна.
-Их сургуулиа төгсөөд л МҮХАҮТ-д ажилласан юм уу?
-Үгүй. АНУ явсан.
-Яах гэж?
-Англи хэл сурах гэж.
-Тухайн үед АНУ-ыг зорино гэдэг ямар амаргүй байсныг хүмүүс хэлдэг. Яаж явсан юм бэ?
-Манай аавын эгчийн хүүхэд Энхсайхан гэж ах НҮБ-д ажиладаг байсан юм. Тэр ах маань “Тэг, ингэ, англи хэл сур” гэж их зөвлөдөг байсан. Тэгээд л Америк явж, хоёр жил сурсан.
-Уул уурхайтай дэд сайд болсноор холбогдсон гэж ойлгож болох уу?
-Аав маань Уралын политехникийн дээд сургуулийг дүүргэсэн металлургийн инженер хүн. Төмрийн заводын ерөнхий инженер, дарга хийж явсан. Би Италид сургуулиа төгсөөд уул уурхайн компанид ажиллаж байсан. Тэнд харсан, үзсэнээ ашиглаж ахтайгаа хамт уул уурхайн чиглэлээр бизнес эрхэлж байсан. Тэгэхээр би өөрийгөө үе дамжсан уурхайчин гээд хэлчихэд тэгтлээ буруудахгүй байх.
-Дэд сайд болсноор таны амьдралын хэв маягт ямар өөрчлөлт гарсан бэ?
-Хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл болгон минь хариуцлагатай байх ёстой. Энэ утгаараа хүлээх үүрэг, хариуцлага өндөрссөн. Түүнээс биш ажлын ачаалалд өмнөхөөс нэг их ялгаа гараагүй. Хувийн хэвшилд өдөр, шөнөгүй ажилладаг байсан. Төрийн байгууллага ч цаг наргүй ажилтай байдаг.
-Ямар ч их ажилтай байсан өдөр тутам заавал хийдэг зүйл танд байдаг уу?
-Би сошиал ертөнцөд өдөр бүр тодорхой хугацаа зориулдаг. Үүнийг ажлынхаа хажуугаар амжуулахыг хичээдэг. Твиттер, фэйсбүүкт анхаарал татаж байгаа асуудлаар байр сууриа илэрхийлж, аливаа асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэж болох гарц хайхыг эрэлхийлдэг гэх үү дээ. Мөн дэлхийн эдийн засаг, ялангуяа хөрөнгийн зах зээлд болж буй хөдөлгөөн, үйл явц, манай салбартай холбогдох мэдээллүүдтэй зайлшгүй танилцдаг. Үүнээс гадна фитнессээр хичээллэдэг. Ер нь ажлын цагаа зөв зохицуулж сурахгүй бол ажлын мал, цагийн боол болж байгаа юм. Ямар ч байсан юуны түрүүнд гэр бүлдээ заавал цаг гаргах ёстой. хоёрдугаарт, эрүүл мэнд, гуравдугаарт, найз нөхдөдөө цаг гаргах ёстой.
-Таныг сошиал ертөнцөд хүмүүс анддаггүй нь аргагүй юм байна.
-Энэ талбар их гоё. Тэнд ямар нэгэн ялгаа үйлчилдэггүй. Өөрөөр хэлбэл, тэнд үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт орон зай байгаа нь надад таалагдсан. Иргэн хэн ч бай тэнд олон нийтийн санаа бодлыг мэдрэх боломжтой. Уг нь анх би тийм идэвхтэй байгаагүй л дээ. Харин орсон чинь донтох шинжтэй юм билээ. Ер нь аливаа зүйлийг хэмжээнд нь байлгахгүй бол хэт улайрах дэмий.
-Та өөр зүйлд донтож байв уу?
-Ууланд алхах үнэхээр сайхан. Донтсон гэх нь ч хаашаа юм, гэхдээ зав зай л гарвал, ялангуяа амралтын өдөр өглөө эртлэн заавал алхдаг.
-Хүн энэ насандаа ном бичих, хүүхэд төрүүлэх, мод тарих гурван үйлийг хийх ёстой юм гэнэ лээ. Хэдийгээр та залуу хүн ч гэлээ “Эдгээрийг хийсэн үү” гэж асууя.
-Манайх дөрвөн хүүхэдтэй. Ер нь “Монголын үрс маш олон болтугай” гэж ерөөж явдаг хүмүүсийн нэг. Цөөхөн монголчууд бид олон хүүхэдтэй болох бодлогыг зайлшгүй дэмжих ёстой. Эхнэр маань багыгаа нэг нас хүрэхээр “Алдарт эх”-ийн одонгоо авна. Том хүү маань 15 настай. Манай хүүхдүүдийн нэр сонин санагдаж магадгүй. Тэднийг маань Ананд, Индра, Максимус, Азура гэдэг. Хүүхдүүдээ би өөрийн гэсэн тод зам мөртэй, гэгээлэг, ухаалаг хүмүүс байгаасай гэсэндээ ийм нэр өгсөн. Модны тухайд нэлээдийг тарьсан. Би ротари клуын гишүүн. Клуб болон ажлын хамт олонтойгоо мод тарьж байсан. Манай орны хувьд цаашид ч мод тарих л шаардлагатай. Харин ном бичихэд маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр шаарддаг. Цаг нь болохоор бичих байх аа.
-Сүхбаатарт багагүй хугацааг үдсэн болохоор тань моринд дуртай гэж таамаглах гээд үзье.
-Харин эсрэгээрээ. Ер нь би морь уях, ан ав, загасчлах гээд “эрчүүдийн” гэх тодотоголтой зүйлсээс хол хөндий байдаг хүн. Сонирхдог ч үгүй.
-Тэгвэл хүүхэд байхаасаа загас тэжээсэн гэдэг үнэн үү. Бас таныг их шартай хүүхэд байсан гэсэн?
-Тийм шүү, үнэн. Ер нь тэр үеийн хүүхдүүдийн дунд загас тэжээх моод дэлгэрч байсан юм. Одоо болтол тэжээж байгаа. Багадаа хүсэж, мөрөөдөж байсан шиг минь маш том аквариум манайд бий. Би бас их шартай хүүхэд байсан. Гэхдээ тэр нь зөв байсан. Миний бодож чадаагүй тоог нэг хүүхэд чадсан байвал маргааш тэрнээс яаж илүү байх вэ гэж л боддог байсан. Ур ухаан, мэдлэг чадвараараа л өрсөлддөг байсан. Манай үеийнхэн ч намайг “хамгийн шартай нь” гэдэг байсан. Бүр “Сэнтэг” гэдэг хочтой байлаа шүү дээ.
-Таныг их өвөрмөц зүйл цуглуулдаг гэж сонссон юм байна.
-Очсон газар болгоноосоо заавал таваг худалдаж авдгийг хэлж байгаа юм болов уу.
-Эрэгтэй хүн таваг худалдаж аваад байдаг гэхээр сонин байна л даа.
-Сувенирин таваг шүү дээ. Оюутны амралтаар ганзагын наймаанд явж байхдаа хамгийн анх Туркийн Истанбулаас таваг авч байсан. Истанбул ямар гоё хот санагдсан гээч. Гайхаж, бишрээд явж байсан чинь аягүй гоё тавагнууд өлгөөтэй байсан. Тэгээд л авчихсан. Тэрнээс хойш л цуглуулсан гэх үү дээ. Одоо 80 орчим тавагтай.
-Та бас ганзагын наймаанд явж байжээ?
-1990-ээд оны үед бараг бүгд л явсан шүү дээ. Оюутнууд амралтаараа зах дээр зогсдог байсан. “Levy’s” жинсийг Дэнжийн мянгын зах дээр 6500 төгрөгөөр зардаг байлаа. Гэхдээ бидний дээд үеийнхэн ганзагын наймааг сонгодог утгаар нь хийдэг байсан.
-“Амьдралын хором бүр хоёр дахь боломж” гэдэгтэй та санал нийлэх үү?
-Хүний амьдралын нэг хаалга хаагдахад нөгөө нь нээгддэг гэсэн санаа юм уу даа. Амьдрал боломжоор дүүрэн гэсэн үг гэж ойлгож байна. Санал нэг байна. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Гэхдээ боломж үргэлж дэргэд байдаг. Битгий шантраарай, залуучууд аа.
-Тэгвэл та хүнд хоёр дахь боломжийг олгож чаддаг уу?
-Чаддаг. Хүн бүр алддаг. Алдаж ч болно. Алдаанаасаа суралцдаг юм. Гол нь алдаагаа давтахгүй л байх хэрэгтэй. Алдаагаа давтаж байгаа хүн бол тэнэг. Өнөөдөр амжилттай яваа бүх хүн алдаж байж л ололтод хүрсэн байдаг юм билээ. Би ч гэсэн бизнест зөндөө алдсан. Тэр болгон дээр суралцсан гэж боддог.
-Амьдралдаа үлгэрлэн дуурайдаг хүн гэвэл?
-Хүн болгон өөрөө өөрийгөө бүтээж амьдардаг. Үлгэр дуурайл авах олон сайхан хүн бий. Онцолж хэлбэл, би аав, өвөөгийнхөө үргэлжлэл. Өвөө маань дархан хүн байсан. Тэд маань хэзээ ч, хаана ч, хэний ч өмнө зарчимч байхыг л илүүд үздэг хүмүүс байсан. Үүнийг нь би бардам хэлж, бахархан дуурайхыг хичээдэг.
-Өвөөгийн дарханы ур, эв дүй өвлөгдсөн болов уу?
-Байхгүй ээ.
-Та тамхи татдаг уу?
-Би 20 жил татсан. Гурван жилийн өмнө гурав дахь хүүхдээ гарахад тамхийг хаясан.
-Ахынхаа дэмжлэгээр АНУ, харь улсын Засгийн газрын тэтгэлгээр Италид сураад л. Анхнаасаа л дажгүй ажил хийгээд л. Бас Засаг даргын хүүхэд. Яагаад ч юм та азтай хүн шиг санагдах юм. Та бүх зүйл бурхны зурснаар явдаг гэдэгт итгэдэг үү?
-Тийм ээ, би азтай хүн . Сайхан гэр бүл , хөөрхөн хүүхдүүд, сайн ханьтай, бас намайг гэдэг олон найзтай, аав ээжйнхээ хайртай хүү болохоор би азтай хүн. Үүнээс гадна надад зорилго бий. Түүнийхээ төлөө зүтгэж чадах зориг ч бий. Түүнээс биш элдэв шашин, бурхны зураг, заяа төөрөгт итгэдэггүй. Гэхдээ Далай ламын сургааль амьдралын энгийн мөртлөө агуу мөрдлөг шиг санагддаг. Далдын ямар нэг зүйлд итгэж залбирдаггүй. Хувь тавиланг хүн өөрөө л бүтээдэг. “Ядуу төрсөнд чи буруугүй, ядуу амьдарч байгаа нь чиний буруу” гэсэн үг байдаг байх аа. Амьдралын боломж зэрэг нь давуу тал л болохоос бүхэл бүтэн амьдрал мэтээр ойлгож болохгүй.
-Таны сул тал юу вэ?
-Жаахан адгуу, яаруу, ааш муутай байж магадгүй.
-Ааш муутай гэснээс та юунд хамгийн их бухимдаж адгадаг вэ?
-Худлаа ярьж байгаа хүнийг үздэггүй. Худалч хүмүүсээс аль болох зайгаа барихыг хичээдэг. Хүн хэзээд үнэнд гүйцэгддэг. Үнэн мөнөөр явбал бүх зүйл аяндаа л бүтнэ гэж бодож, итгэдэг.
Б.НОМИН