Лондон хотын захад орших “XploreAir” хэмээх компанийн зохион бүтээгч Жон Фоден, Янник Рид нар харахад унадаг дугуй шиг хэрнээ нисдэг тэрэгнийх шиг мини хөдөлгүүртэй, мөн “далавч”-тай хөсөг зохион бүтээжээ. “Паравело” хэмээн тэдний нэрийдсэн энэхүү өвөрмөц унаа нь шүхэртэй моторт дугуй бөгөөд цахилгаан болон био түлшээр ажилладаг тул байгаль орчинд ээлтэй гэнэ. Хөдөлгүүр нь 22 морины хүчтэй бол их биеийг нь цэвэр ган, хөнгөн цагаанаар хийж, зарим хэсгийг нь цэвэр мөнгөөр бүржээ. Жин нь 50 кг-аас илүүгүй болохоор 500 гаруй метр өндөрт ч саадгүй нисдэг байна. Урт, шулуун зам дээр 50 орчим км/цаг давхиж байгаад шүхрийг нь дэлгэнэ. Газраас гэнэтхэн тэнгэрт хөөрөх ийм эрх чөлөө тийм ч хямдхан олдохгүй. “XploreAir”-ийнхэн унадаг дугуй, нисдэг тэрэгний “эрлийз” болох шүхэртэй дугуйгаа 10 мянган фунт стерлинг буюу 16 мянга гаруй ам.доллараар үнэлж байна.
Г.ЛХАГВА