Хүүхэд насанд хүргэж өгдөг гал тэргэнд гавьяат жүжигчин Ц.Үенч, гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, дэлхийн мисст эх орноо төлөөлөн оролцох Б.Батцэцэг нарыг суулгаад 1950, 1970, 1990-ээд оноор аяллаа.
БАГАДАА ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛ АВСАН ЭМЭЭГИЙН ОХИН
Ардын дууг сэтгэлд хоногштол амьдруулдаг гэгддэг гавьяат жүжигчин Ц.Үенч эмээгийнхээ авч өгсөн хүүхэлдэйгээр тоглодог, хийж өгсөн дээлийг нь өмсдөг, үсээ хоёр сүлжүүлдэг байсан гээд бага насны дурдатгалтай нь хамгийн их холбоотой хүн бол тэр буурал. Түүний эмээ их сайхан дуулдаг, олон дуу зааж өгсөн нь урлагтай холбогдоход их нөлөөлсөн гэнэ. Анх Улаанбаатарт 18 дугаар сургуульд элсэж, дөрөвдүгээр ангидаа Булган руу шилжсэн юм билээ. Хотын цэмцгэр охин хувцсаа индүүдэж, дүрэмт хувцасныхаа загварыг өөрчл өөд чимэглэдэг, бүчнийхээ ирмэгийг нэхмэл утсаар гоёчихдог байсан нь хөдөөний хүүхдүүдэд содон санагдаж, үлгэр дуурайл болдог байжээ. Үйлд уран Үенч охин ээжээсээ нуун оёдлын машиныг нь авч гараад элдвийг оёно. Тэрбээр багаасаа л дуучин болохыг мөрөөдөж, радиогоор Түмэндэмбэрэл, Дорждэрэм нарын дуу эшиглэхэд дагаж дуулаад, цээжилчихдэг байсан гэнэ. “Манай охид хичээлийн дараа ангиа цэвэрлэнэ гэж үлдээд нэг нэгээрээ ээлжилж самбарын өмнө гараад дуулдаг байлаа. Би бусдаасаа арай гайгүй дуулчихдаг байсан юм болов уу, миний ээлж ирэхэд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын гавьяат жүжигчин гэж зарладаг байсан. Хүүхдүүд их зөнтэй, сайхныг бэлгэдэж тоглодог байж дээ гэж одоо боддог юм” гэж Үенч дурсамжаа хуваалцсан.
Сургуулийн шинэ жил, төрөл бүрийн арга хэмжээнээс хоцролгүй оролцдог, үргэлж л амандаа дуу аялдаг түүнд үеийнхэн нь зөгий гэж хоч өгчээ. Цагаан сар түүний хамгийн дуртай баяр. Эмээ нь долоон бурхандаа идээ өргөөд, битүүний орой бэлэг өгдөг байсан бөгөөд тэр үеийг Үенч тэсэж ядан хүлээнэ. Өдгөө сар шинэ болохоор тэр үеийг, эмээгээ нэхэн санадаг юм билээ. Дуучин бүсгүй багадаа хөдөлгөөнтэй, дүрсгүй охин байж. Нэг удаа эмээ нь тогоон дээр юм буцалгаад нэг сууж, нэг босоод байж. Дүрсгүйтмээр санагдсан охин эмээгээ суух гэхэд сандлыг нь татаж унагаажээ. Бууралдаа зэмлүүлж байхдаа л сүйд хийх шахсанаа ойлгож, ихэд гэмшсэн байна. Хөвгүүдээс ганц, хоёр удаа хайрын захидал авч байсан тэрбээр хүмүүсийн захидал зөөдөг шууданч байсан гэнэ.
ГЕОЛОГИЧ БОЛОХЫГ ХҮСДЭГ БАЙСАН УУЛЧИН
Дэлхийн зулайд эх орныхоо тугийг мандуулсан Г.Өсөхбаяр Өмнөговийн төвд өссөн ч зуны амралтаараа Сэврэй суманд өвөөгийндөө очих хамгаас дуртай байж. Өвөө нь гаднаас ирсэн жуулчдыг хариуцан ан хийлгэдэг учир юм ховор цагт бохь, шоколадаар тасрахгүй. Анд явсан гаднынхныг хурдан ирээсэй гэж хүлээнэ. Тэд олз омог ихтэй ирвэл амттан чихэр тарааж, хоосон гуяа ганзагалахаараа гэрт нь орсон ч юм хялайлгадаггүй байсан гэнэ. Тэр үед тоглоом ховор учир хөвгүүд унадаг дугуйны хамерыг авч төмрийг нь түрж гүйдэг байжээ. Аав, ээжээрээ хүссэнээ авахуулчихдаг байсан тэрбээр 340 төгрөгийн унадаг дугуйтай болоод хагартлаа баярлажээ. Дугуйгаа аваад удалгүй гудамж тойрохдоо бэртээд цээжиндээ сорвитой болсон гэнэ. Нэг удаа усанд явж байхдаа найзтайгаа чулуугаар байлдаж, автобусны цонх хагалчихаж. Жолооч түүний араас хөөхөд Өсөхбаяр хар хурдаараа гэр лүүгээ гүйсээр хөргөгчийнхөө ард нуугдаж байснаа ер мартдаггүй гэнэ.
Жолооч тэдний гэрийг олж ирсэн ч аз болоход аавынх нь найз байжээ. Машины сэлбэг ховор үе байсан тул их ажил ундрааж байж жолоочийг төлбөрт унагалгүй өнгөрсөн байна. Цонхны шил хагарахад будаа шиг үйрдгийг тэр үед хараад ихэд сониучирхсан аж. Говийн уул толгод хангай нутгийнхаас намхан ч Сэврэйн уулс бусад сумынхаас өндөр. Өвөөгөө даган өдөр бүр шахам уул хадаар явдаг тэрбээр геологич болохыг хүсдэг байжээ. Нэг удаа аавынх нь найз Эверестийн зурагт хуудас бэлэглэснээр мөрөөдөл нь өөрчлөгдөж. Өсөхбаяр уг зурагт хуудсан дээрх Эверестийн орой хэсэгт нь төрийнхөө далбааг наачихаад хэзээ нэгэн цагт энэ уулын оройд гарна гэсэн зорилго тавьсан нь 2007 онд биелсэн билээ. 1990-ээд онд Монголд уулын спорт хөгжөөгүй үед гурван итали уулчин иржээ. Тэд Өмнөговийн уулчидтай Цамбагарав ууланд авирахад долдугаар ангид байсан хүү аавыгаа даган явсан байна. Тэр үед манай уулчид хөвөнтэй хувцас, бакалтай байсан нь тэр италчуудын нүдээр их л өрөвдмөөр харагджээ. Гаднын уулчид гэртээ харихдаа бүх багаж хэрэгсэл, майхнаа манай уулчдад бэлэглээд, өмссөн хувцастайгаа буцсан түүхтэй гэнэ. Юм ховор цагт сонирхлынхоо дагуу багажтай болсон нь Өсөхбаярын авч байсан хамгийн том бэлэг аж. Тэрбээр италичуудаас авсан зүйлсийг өдгөө хүртэл нандигнан хадгалдаг гэсэн.
Залуу техникчдийн ордны аймгийн салбар дугуйланд явдаг Өсөхөө усан онгоц хийх улсын тэмцээнд олон оролцсон ч нэг ч удаа байр эзэлж байгаагүй юм билээ. Хичээлдээ алтан дунджийг баримталдаг байсан Өсөхөө тэр үед орос хэлийг тийм чанартай зааж байхад сурч чадаагүйдээ одоо харамсдаг гэсэн. Дунд сургуульд түүний ард онц сурлагатан суудаг байсан учир түүнээс хуулна. Олон хавар нэгэндээ гэгчээр тооны шалгалтад хүйтэн будаа идээд баригдаж, самбарт гарахаар болжээ. Багшийн өгсөн бодлогыг гүйцэтгэж дөнгөлгүй олны өмнө баларсан гэнэ. Тэр охидод сайн болсон ч найруулан бичихдээ маруухан тул ганц ч удаа захиа бичиж үзээгүй аж. Түүний ангийнхан хоорондоо их дотно байж. “Бид нэгнийхээ гэрийн гадаа очоод шөнөжин яриад суучихна. Говьд их дулаахан. Тэгж их ярилцсан хэрнээ яг юу ярьснаа одоо санахгүй юм” хэмээн тэрбээр хүүхэд насаа дурссан.
“ХУАНЖУ ГЭГ”-ИЙГ ДУУРАЙДАГ БАРБИ
“Энэ жилийн дэлхийн миссийн тэмцээнд хөөрхөн охин оролцохоор тодорчээ” гэж хүмүүс ам сайтай байгаа. 2007 оноос загварын ертөнцтэй амьдралаа холбосон Б.Батцэцэг 1991 оны наймдугаар сарын 19-нд төржээ. Дарханы унаган охин их сургуульд орохдоо Улаанбаатарт ирсэн юм билээ. Ангидаа өндрөөрөө дээрээсээ гуравт жагсдаг тэрбээр зургадугаар ангиасаа суга өсөж, хамгийн эхэнд зогсдог болжээ. Түүнийг дунд сургуульд байхад үеийнхэн нь барби гэж хочилдог байж. Барби багадаа барбигаар тоглож, хүүхэлдэйнүүддээ хувцас оёдог байж. Жаахандаа гал тогооны тавилга мэт тоглоомнуудын иж бүрдэл сэтгүүлээс хараад авахыг хүсдэг байсан гэсэн. Айлын бага охин тэрбээр “Би эрх, гэхдээ тэнэг эрх байгаагүй” хэмээсэн. Нэгдүгээр ангид байхдаа Лаки нэртэй цагаан хавтай болж, орой унтсан ч, өглөө сэрсэн ч үргэлж хамт. Заримдаа өдөр унтах болвол өнөөхийгөө татаж чангаан хүчээр авч унтдаг байсан гэнэ.
2000-гаад онд монголчуудыг байлдан дагуулсан “Хуанжу гэг” киног үзсэн тэр үеийн хүүхдүүд гол дүрүүд шиг нисэж, мундаг зодолдож сурахыг хүсэж, янз бүрээр сүлжсэн, гоёл ихтэй үс засалтыг дуурайхыг оролддог байсан гэдэг. Батцэцэгийн байрныхан ч ийм дурсамжтай. Батцэцэг байрныхантайгаа хамтран тус киноны хатдын толгойн гоёлыг дуурайлгахаар бичгийн цаасны хавтсан дээр цэцэг нааж, тууз зүүгээд, мод ашиглаж гутлыг нь хийн хөлдлөө углаж тоглодог байсан аж. Харин хожим БНСУ-ын “Миний байшин” кино дэлгэцнээ гарахад гол дүрийн жүжигчин, дуучин Рэйнийг шүтэх болжээ. Гарааш руу авирч, айлын хонх дараад зугатаж, мессежний найзтай болдог байсан 1990-ээд оныхны нандин дурсамж ч түүнд бас бий. Батцэцэг багадаа онгоцны үйлчлэгч болохыг мөрөөдөж байсан ч том болоод эдийн засагч болохыг хүсжээ. Бүх хичээлдээ сайн, арван жилээ алтан медалтай төгссөн тэрбээр математикийн сонгонд суралцаж, хими, физикийн олимпиадад оролцдог байж. Харин дунд ангид ороод сагсан бөмбөг, гарбөмбөг, латин бүжгээр хичээллэх болж. Ямар ч бүжиг хурдан сурдаг тэрбээр бүжгийн тэмцээнд оролцож шагнал авч байсан удаатай. Бүрэг, даруухан учир хөвгүүд захиа өгвөл зугтчихдаг байж.
Анх 16 насандаа нэгэн хөвгүүнд сайн болж, шохоорхон хардаг байсан ч сэтгэлээ нээж зүрхлээгүй. Тэрбээр 21 настайдаа анх найз залуутай болсон гэсэн.
Б.ДӨЛ