Түүх соёл, байгаль экологийн “Ганга нуурын чуулган” хэмээх төслийн нээлт, аялал жуулчлалын өдрүүдийг анх удаагаа Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 9-р сарын 21-23-нд амжилттай зохион байгуулсан байна.
Байгалийн өвөрмөц тогтоц бүхий баянбүрд болох Дарьганганүүдэлчний соёл, зан заншил, ахуй амьдралыг харуулсан “Дарьганга нүүдэлчний өв” сэдэвт угсаатны зүйн гэр-музейг Дарьгангын 6 сум дор бүрнээ сайн бэлдсэн байв. Мөн Дарьганга, Онгон, Наран, Халзан, Асгат, Баяндэлгэр сумдын ардын авъяастануудын тоглолт, аман билгийн үзүүлбэрүүд нь олны анхаарлыг ихэд татсан арга хэмжээнүүд байв. Ийн Дарьгангын сумд нүүдэлчний өв соёл, авъяас билиг, адууны соёлоо үзүүлсэн ньард иргэдийнхээ уугуул соёл руугаа хандах хандлага хийгээд урам зоригыг сэргээсэн үйл явдал боллоо. Сумдаар байр эзлүүлэхэд Дарьганга сум тэргүүлж, Онгон сум удаалав. Энэхүү арга хэмжээ нь цаашид өөрсдийн соёлын өв, нүүдлийн ахуйгаа хайрлах хамгаалах, үр хойчдоо дамжуулах сэдэл санааг өгч, цаг хугацаатай уралдан уусан алга болох аюулаас аврах боломжтой гэж зохион байгуулагчид үзэж байна.
Нүүдлийн шувуудын диваажин болсон газрын нүдэн Ганга нуурыг хамгаалах зорилгоор нэгдсэн нутгийн ард иргэд, эрдэмтэд нийлэн “Ганга нуураа аврах” хөдөлгөөн өрнүүлж, нуурын эхэнд ойн зурвас байгуулж эхний удаа үрэл,бургас, улиас зэрэг 500 мод тарьж, Ганга нуураа аргадан дуу хуур, шүлэг найраг өргөж, шашны ёс гүйцэтгэв. Ийн аргадахад Ганга нуурын дээрх тэнгэр онгойн цэлмийж дугираг шар наран нуурын уснаа тунаран ойж, ер бусын байдлыг үзүүлэн олныг гайхашруулсан үйл явдал болов.
Чуулганы сүүлийн өдөр Дарьганга сумын нутаг Өргөний голд “Дарьганга нүүдлийн соёл” хэмээх арга хэмжээ болов. Нар ээсэн намрын дулаан өдөр Нүүдэл тосох үйл явдлаар эхэлж, шинэ нутагт гэрээ барих, Дарьганга шавар зуух барих, шинэ цай чанан, тогоо нэрж ирсэн зочид гийчдэд нэрмэлээ амсуулан, гэрийн ерөөл айлдан улмаар “бэр гуйх ёс”, “малын уриа дуудлага, даалууны гуншин дуудах, эсгий хийх зэрэг ардын билиг соёлын үзүүлбэр үзүүлэв.
Мөн Сүхбаатар аймгийн хөгжимт драмын театрын хамт олон байгалийн тайзнаа Дарьганга ардын “Жаахан шарга” дууны түүхээр сэдэвлэсэн тоглолт хийв.
Ийнхүү түүх соёл, байгаль экологийн “Ганга нуурын чуулган – 2014” төсөл амжилттай болж өндөрлөсөн бөгөөд уг үйл ажиллагааг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, "Нью Жуулчин Турс" компани, Соёл яруу найргийн академи нар хамтран зохион байгуулж, хэвлэлийн түншээр "Монгол HD", ЕТВ, BBS телевиз болон "Өнөөдөр", "Өдрийн сонин" ажиллаа.