Анхны цастай өглөө ажлаа зорин явахдаа зуны дугуйтай энэ олон машинаас зайгаа барих нь зүй гэж бодож явлаа. Зуны дугуйгаа сольж амжаагүй энэ үед цас орж, оройн сэрүүнд зайрмагтвал хальтиргаа үүсэж, аваар нэмэгдэх магадлалтай. Гэхдээ намрын налгар өдрүүд цаашлах арай болоогүй учраас цас амархан хайлж байгаад баярлана. Зам тээврийн ослын тоо эрс нэмэгддэг энэ сард цас орж эхэлсэн болохоор жолооч нартаа хурдаа хасаж, анхаарал болгоомжтой явахыг зөвлөе.
- Та бүхэн хөдөлгөөнд оролцохоосоо өмнө аль замаар явбал бартаа саад багатай, хурдан, аюулгүй хүрж болохыг урьдчилан тооцоорой.
- Машинаа асаагаад халах хүртэл нь хэсэг хүлээгээрэй. Хүйтний улиралд гардаг ихэнх осол техникийн бэлэн бус байдлаас болдог. Тиймээс хөдөлгүүрийг зохих түвшин хүртэл халаан салоны дулааныг бий болгон, халаагуурын температурыг тохируулсаны дараа хөдөлгөөнд оролцох нь зүй.
- Дугуйны хийг улиралдаа зохицуулан сонгоорой. Жолоочийн хаалгатай залгаатай багнын доод хэсэгт машины дугуйн хийн хэмжээг заасан байдаг.
- Гэрэл болон урд шилээ хөдөлгөөнд оролцохын өмнө бүрэн цэвэрлээрэй.
- Хальтиргаатай болон бороотой үед өмнөх машинаасаа энгийн үеийнхээ гурав дахин хол зай барьж яваарай.
- Хальтирахаас сэргийлэхдээ зөөлөн тоормосло. Огцом тоормос гишгэвэл шарвах аюултай.
- Цас, бороо орж манан татсан үед гэрлээ асааж яваарай.
- Өгсүүр болон уруу замд араагаа хүндрүүлэхээ мартав аа.