Хотын нэг өдөр, сүлжилдэх машинууд, ийш тийш яарсан янз бүрийн “өнгөтэй” хүмүүс, цэлгэр цонхтой бялууны мухлаг, анхилам кофе, хайр дурлалын биш, онолын бол бүр ч биш, сэтгэл гижигдсэн ном, хаанаас ч юм хөнгөн хөглөж, аз жаргалын амин дэм чихээр дамжуулан сэтгэл рүү тарих хөгжим... Хэчнээн ч цаг сонссон намайг лав ядраахгүй тэр бол жааз. 1940-өөд онд циркийн урлагаар дамжин манай ард түмний чихийг анх мялаасан хөгжмийн энэ урсгалыг “Баян Монгол” чуулга, “Соёл-Эрдэнэ” хамтлаг 1960-аад оноос хөгжүүлэх суурь тавьсан гэдэг. Эрх чөлөөний бэлгэдэл жааз дэлхийд үүсээд 100 жил, Монголд хөгжөөд олон арван оныг үдсэн хэрнээ энэ чиглэлийн мэргэжлийн түвшний сургалт манайд одоо болтол үгүй.Хөгжим бүжгийн коллеж, гадаадад мэргэжлийн сургууль төгсөгчид өөрсдөө тусгайлан судалж, эсвэл “Баян Монгол” чуулгаар дамжуулан жаазыг амь бөхтэй байлгадаг юм билээ.
“Их талын жааз” ТББ, ХБК-той хамтран гаднаас мэргэжилтнүүд авчран хэд хэдэн удаа богино хугацааны сургалт зохион байгуулж, жааз хөгжмийн наадам хийж байсан бол энэ удаа Монголд энэ урлагийг мэргэжлийн түвшинд хүргэх дорвитой төсөл хэрэгжүүлэх болжээ. Монгол, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд “Гёте” институтийн санаачилгаар Хөгжим бүжгийн коллеж, “Их талын жааз” төрийн бус байгууллага хамтран энэ оны есдүгээр сарын 8-наас ирэх зургадугаар сарын 30 хүртэл мэргэжлийн 30 гаруй хөгжимчинд жааз сургалт зохион байгуулах аж. 62 мянган еврогийн өртөгтэй төслийн хүрээнд тус коллежийн хоёр танхимыг жааз хөгжмийн онол, дадлагын анги болгон тохижуулж, хөгжмийн олон зэмсэг авчирчээ. “Гёте” институтийнхэн эхлэлийг нь тавилаа. Харин бид чулуу болгоно” хэмээн ХБК-ийн захирал Г.Эрдэнэбат хэлсэн. Тус коллежийн хэд хэдэн багш сургалтад суух бөгөөд, цаашдаа жааз хөгжмийн тэнхимтэй болох зорилт тавьжээ.
Монгол дахь “Гёте” институтийн суурин төлөөлөгчийн газрын захирал Себастъян Войчтой цөөн хором ярилцлаа.
-Төслийг ажил хэрэг болгох явцад ямар бэрхшээл тулгарсан бэ?
-2013 оны дөрөвдүгээр сард төслөө санаачлан, энэ оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэхээр хэлэлцсэн. Анги тохижуулах л хамгийн хүндрэлтэй байлаа. Учир нь сурах бичиг, хөгжийн зэмсэг зэрэг 800 кг ачааг Германаас авчирсан.
-Долоо хоногт хэдэн удаа хичээл ордог вэ?
-Бид оюутнуудаа блюз, латин, жааз гурван төрлөөр хамтлагт хуваасан. Мягмар, пүрэвт онолын хичээл ордог. Даваагаас баасан гаригт хуваагдсан хамтлагаараа хөгжмийн дасгал хийдэг. Матрин Ценкэр багш жилийн хугацаанд Монголд амьдарч сургалт удирдах бол олон улсын 10 орчим багш, хөгжимчин ирж хичээл заана. Сургалтаас олсон мэдлэгийг туршлага болгох зорилгоор хичээлийн жилийн эхний улирлын баасан гариг бүрт танилцуулах тоглолт хийнэ. Мөн профессор Мартин Ценкэр, зочин багш саксофонч Михайл Луцайр нарын удирдлагаар манай сургалтын дэргэдэх “Big band” хамтлаг арванхо ёрдугаар сарын 5-нд ХБК-ийн урлагийн танхимд тоглолт хийнэ.
-Сургалт удирдах багшийн тухай танилцуулна уу?
-Мартин Цинкер Мюнхенд Рихард Штрауссын нэрэмжит хөгжмийн дээд сургуулийн ахмад хийлийн анги төгссөн. Жааз хөгжмийн алдартнууд болох Жимм Кобб, Херб Геллер, Билли Харт тэргүүтэй хөжимчинтэй хамтран тоглож байсан. Лондон, Шанхай, Бээжин зэрэг олон хотод наадамд оролцож, жилд 300 орчим удаа тоглодог. 2008 оноос эхлэн дөрв өн жилийн хугацаанд Сөүлийн урлагийн сургуульд профессороор ажилласан.
Б.ДӨЛ