Автомашины дугуйн хаягдал хаймраар урласан хандгайн баримал Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо зургаан буудал орчимд сүндэрлэжээ. Урлагаар дамжуулан нийслэлийн иргэдийг хог хаягдлаа ил задгай хаяхгүй байхыг уриалж, хогийг хэрхэн бүтээлчээр дахин ашиглах боломжтойг харуулах зорилготойгоор М.Эрдэнэбаяр энэ бүтээлийг урлажээ. Энэ нь бидний хог гэж хардаг зүйлсийг дахин боловсруулж ашигтай байдлаар ашиглаж болохыг нотолсон юм. “Урлаг хөгжлийн төлөө” төслийн хүрээнд зураач Ё:Далх-Очир, М.Эрдэнэбаяр нар Шувуун фабрикт хогоор бүтээл урласан аж. АНУ-ын Азийн сангийн дэмжлэгтэйгээр Монголын урлагийн зөвлөлийн хэрэгжүүлж буй “Урлаг хөгжлийн төлөө” төсөл энэ оны тавдугаар сард эхэлжээ. Төслийн хүрээнд Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргийн гурван хороонд дахивар хог хаягдлаар урласан баримал бүхий “Манай хороо-Хоггүй орчин” цуврал өртөөг байгуулж байгаа. Эл өртөөг хүлээлгэн өгөх ёслол маргааш Шувуун фабрик болон Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт болох юм.