“Улаанбаатар” олон улсын хоёрдугаар кино наадмын нээлт аравдугаар сарын 8-нд “Тэнгис” кино театрт болно. Монгол, АНУ болон Ази, Европын 10 гаруй найруулагч, продюсерийн уран бүтээлийг танилцуулах энэ наадмын нээлтийг монгол киногоор хийдэг уламжлалтай. Өнгөрсөн жил Ч.Хоролдоржийн “Шарга даага” киног “Улаанбаатар” кино наадмын эхний өдөр толилуулж байсан. Тэгвэл энэ жил дөрвөн киног сонгон Монгол Улсыг төлөөлүүлэн гаргахаар шийдвэрлэж, нэг уран бүтээл нь үзэгчдийн хүртээл болж, нээлт хийгээгүй байх шалгуур тавьсан юм.
Сонгон шалгаруулалтын дүнг Монголын урлагийн зөвлөл болон ССАЖЯ, Монголын кино урлагийн зөвлөл албан ёсоор мэдээлээгүй байгаа ч найруулагч Л.Таванбаяр “Хүдэн” уран сайхны кино нь “Улаанбаатар” кино наадмыг нээх болсон тухай өчигдөр фэйсбүүк хуудсаараа мэдээлсэн юм. “Жаалхүү” фильм, “Хишигтэн” нэгдлийн хамтын бүтээл “Хүдэн” уран сайхны кинонд Ч.Болд, Н.Ялалт, А.Цэгмэд, Б.Алтжин, Б.Эмүжин, Н.Төмөрбат, Б.Пүрэвбат нар тогложээ.