АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтонд хийхийг хүсдэг хэдхэн зүйл үлдсэний нэг нь Монголын тал нутагт мориор давхиж, Чингис хааны үед ямар байсныг мэдрэх гэнэ. Тэрбээр лхагва гаригт ABC телевизэд өгсөн ярилцлагадаа уур амьсгалын өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийлж байгаад ийн ярьжээ. “Би одоо хүртэл Монголд очиж үзээгүй. Тэндхийн зах хязгааргүй талаар мориор давхиулж, их эзэнт гүрний үед ямар байсныг мэдэрмээр байна. Бас мөнх цас нь хайлж, үгүй болохоос өмнө Килиманжаро уул өөд авирч үзмээр байна” гэж тэрбээр хэлсэн байна.
Өдгөө 68 настай Клинтон өөрийн санаачилсан “Global Initiative” нэртэй, дэлхий нийтэд тулгарсан саад бэрхшээлийн талаар хэлэлцдэг олон улсын чуулганыг тохиолдуулан ярилцлага өгсөн аж.