“Шилмэл загвар” компанийн загвар зохион бүтээгч И.Урангоо Италид болсон наадмаас тэргүүн байрын шагнал хүртжээ. Орчин үеийн чиг хандлагыг үндэснийхээ онцлогтой хослуулсан бүтээлүүдэд нь байгалийн өнгө зонхилсон нь дэлхийн уур амьсгал өөрчлөгдөж байгаа үед цагаа олсон гэж гаднынхан ам сайтай байсан юм билээ. Энэ талаар түүнээс тодруулснаа хүргэе.
-Танд баяр хүргэе. Оролцсон загварын шоуныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Загварын өлгий нутаг гэгддэг Италид Газар дундын тэнгисийн орнуудын дунд жил бүр зохион байгуулдаг шоунд захиралынхаа зөвлөснөөр оролцлоо. Италийн таван хот дамжиж долоо хоногийн турш үргэлжилсэн шоунд загварын бүх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжилтнүүд буюу үсчин, гоо сайханч, загвар өмсөгчид тус тусдаа баг болж оролцсон. Би “Make up” студийн нүүр будагч Отгонцэцэг, “Матрикс” салоны үсчин Гэрлээтэй хамтарч түрүүлсэн юм. Монгол, Итали, Казахстан, Узбек зэрэг долоон орны 30 гаруй уран бүтээлч оролцсоноос Итали хоёрдугаарт, ОХУ-ын баг гуравдугаар байранд орсон.
-Та ямар загвараараа оролцсон бэ. Мэргэжлийнхэн таны бүтээлийг юу гэж дүгнэсэн бол?
-Монгол хэв маяг шингээсэн, 2015 оны хавар, намрын өдөр тутмын загвараа танилцууллаа. Энэ шоунд оролцсоноор үзэл бодолдоо бат зогсоход нөлөөллөө. Бас суралцах зүйл их байгааг ойлгосон. Бидэнд сайхан түүх, бусдаас ялгарах онцлог, давуу тал бүхий ёс заншил, соёл өвлүүлсэн өвөг дээдэстээ талархаж байна. “Монгол загвар хоцрогдсон гэж бодож байлаа. Ийм сайн хөгжиж, бараг загварын ертөнцөд тэргүүлэхээр болсон гэж бодсонгүй” гэж мэргэжилтнүүд үнэлсэн нь урам их хайрласан.