Монгол үндэстний соёлын биет бус өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд бизнесийн болон олон нийтийн байгууллагууд хувь нэмрээ оруулж байгаа юм. Уг ажлыг дэмжин АПУ хувьцаат компани 90 жилийнхээ ойн хүрээнд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн “Хамаг Монгол” наадмыг санаачлан Монголын урлагийн зөвлөл ТББ-тай хамтран эхний удаад ажилтан, ажиллагсдынхаа дунд энэ сарын 24-нд зохион байгуулах гэж байна. “Хамаг Монгол” наадам нь мартагдаж буй зан үйл, тоглоом наадгай, угсаатны хэл соёлыг дэлгэрүүлэх, соёлоо өвлөн уламжлахын ач холбогдлын талаар олон нийтэд ойлгуулах. Цаашид уламжлалт соёл, ёс заншлыг хойч үед өвлүүлэх, сурталчлах чиглэлээр бизнесийн ба олон нийтийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжих зорилготой юм.
Уг наадамд 500 гаруй хүн оролцож, Баяд, Буриад, Дархад, Дөрвөд, Захчин, Казак, Торгууд, Урианхай, Халх, Хотгойд, Хотон гэсэн нийт 11 угсаатны хэл соёл, ёс заншил зан үйл, язгуур урлагийн олон төрөл зүйлийг тайзны үзүүлбэр хэлбэрээр олон нийтэд нээлттэй сонирхуулах юм. Мөн таван төрлөөр хоорондоо өрсөлдөн шилдгээ тодруулна. Наадмыг угсаатны зүйн судлаач, уламжлалт ба язгуур соёл, урлаг судлаачид шүүн явуулна.