Охид бүсгүйчүүдийн хамгийн сайн найз өндөр өсгийт нь эртний Грекийн үеэс үүдэлтэй. Тэр үед жүжигчид тайзнаа өндөр болон харагдахын тулд котурн гэдэг нэртэй мод ба үйсэн өндөр ултай шаахай өмсдөг байжээ. Дундад зууны үеийн Европын хотууд нь шавар шавхай, хог новшинд дарагдсан байсан учраас суран бүстэй өндөр модон гутлууд хэрэгтэй болсноор анхны өндөр өсгийтүүд бий болсон байдаг. Өдөр тутмын гутал дээрээ давхарлан өмсдөг ийм өндөр өсгийтийг сабо гэж нэрлэдэг байсан аж. Дорно зүгт ийм гутлыг кабкаб гэж нэрлэх бөгөөд халуун шаланд нь хөлөө түлэхгүйн тулд халуун усны газар өмсдөг байжээ. XV зуунаас эхлэн Венецийн дэгжин эмэгтэйчүүд 20 см хүртэл өндөр ултай цокколи гэх гутал өмсдөг болсон байна.
Хожим өсгийтэй гутал тархахад явган цэрэг онцгой үүрэг гүйцэтгэжээ. Холын замд явахад цэргийнхний гутлын улыг зузаалж, тохиромжтой өсгийтэй болгожээ. Орост өсгийтэй гутал XVI зууны эхээр бий болсон гэдэг. Археологичдын олдвороос харвал өсгийг нь модоор зорж уланд наасны дараа арьсаар хучин оёдог байж. Тийм гуталтай явахад хүнд байсан нь мэдээж. Тэгээд л өсгийг гулгуулахгүйн тулд улны хэл зэрэг туслах деталиудыг гаргаж ирсэн ажээ. Мөн энэ үеэр олон давхар ширийг метал хадаасаар хадаж тахалсан гутал хийдэг болсон аж. Оросоор “каблук” гэж нэрлэх өсгийн нэрийг туркуудаас авсан гэдэг. Энэ нь “өсгий” гэсэн утгатай. Өндөр өсгийтэй гутлыг эхэндээ зөвхөн эрчүүд өмсдөг байгаад хожим XVII зуунаас эмэгтэйчүүд өмсөх болсон байна. Цэвэр гоо зүйн талаас нь эмэгтэйчүүд өндөр өсгийтөд дурлах болов. Өндөр өсгийтэй гуталтай эмэгтэйчүүдийн нуруу эгц, сүртэй бөгөөд цэмцгэр харагддаг гэх яриа үүссэн байлаа.
Өсгийний өндөр нь заримдаа 20 см хүрдэг байсан нь гуталын үзүүрийг газарт хатгуулаад явахад нэн хүнд байсан гэнэ. Гутал, шаахайн өсгийг янз бүрийн өнгөөр буддаг байсан ба улаан өнгө гэхэд л Европт язгууртны гарлыг нь илэрхийлдэг чухал тэмдэг байжээ. XVII зуунаас гутлын өсгийг хар өнгөөр будаж эхэлсэн. Гэхдээ шаахайны өсгий улаан өнгөтэй хэвээр. XIV Людовик хааны үеийн ганган бүсгүйчүүдийг “ноён улаан өсгий” гэж дууддаг байсан гэх. Францад хаант засаглал унахын өмнө улаан өсгийтэй гутлыг зөвхөн ордонд л өмсдөг уламжлал тогтсон байлаа. Өсгийний түүх үргэлж шинэ зохион бүтээлтээр нэмэгдэж байв. Тухайлбал, XVIII зууны сүүлчээр дотор тал руу нь живүүлсэн, гутлын үзүүр ба өсгий хоёрын зайг багасгаж харагдуулах “Франц” буюу “тагтаан савруу” гэх өсгийг бүтээжээ. ХХ зуунд шпильк гэж нэрлэгдсэн нарийхөн өсгийг бүтээв. Хэн түүнийг зохиосныг бид мэдэхгүй ч харин үүнд төмөр хамгаалалт хийсэн хүнийг мэднэ. Түүнийг гуталчин Сальваторе Феррагамо гэдэг. Энэ хүний нэрээр Флоренц хотын Гутлын музейг нэрлэжээ.
Өндөр өсгийт эмэгтэй хүнийг гоё сайхан харагдуулаад зогсохгүй, сэтгэл санааг хүртэл үргэлж өргөж, өөртөө итгэлтэй болгодог билээ. Гэвч өндөр өсгийт өмсөж алхахаасаа зүрхшээдэг бүсгүйчүүд маш олон байдаг. Тиймээс та бүгдэд зориулан дараах зөвлөгөөг хүргэж байна.
Нэгдүгээрт:
Өндөр өсгийтэй гутлыг хүмүүс янз бүрээр л үнэлдэг. Зарим нь эрүүл мэндэд муу, сөрөг нөлөөтэй гэж байхад зарим нэг нь тийм ч муу биш гэх нь бий. Тиймээс та бүхэндээ тодорхой мэдээлэл өгөхийг зорьлоо.
Эерэг тал:
- Эрчүүд бүсгүйчүүдийн хөлийг харахдаа хэр зэрэг урт байна гэдэгт анхаарлаа хандуулдаг гэдэг нь нууц биш. Эндээс өндөр өсгийний хамгийн чухал давуу тал харагдаж байна. Өөрөөр хэлбэл, үзэгдэх байдлыг халхлах энэхүү чадвар нь зөвхөн хөлийг урт харагдуулаад зогсохгүй, биеийн ерөнхий галбирыг бүхэлд нь цэгц шулуун болгон харагдуулж эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг тодотгож өгдөг байна.
- Хэрэв та ойр дотныхныхоо хүмүүсээс ялгагдахуйц намхан болж төрсөн бол амьдралдаа амжилт гаргахад арай илүү чармайлт гаргах хэрэгтэй болно. Тиймээс цөөнгүй тохиолдолд намхан эмэгтэйчүүдийн хувьд өндөр өсгийтэй гутал нь амжилт гаргахад дутсан цөөн хэдэн сантиметрийг нөхөх цорын ганц боломж нь болж байдаг. Дээр нь биеийн өндөр нь тухайн хүний өөртөө итгэх итгэлд шууд нөлөөлж байдгийг сэтгэл судлаачид аль дээрээс баталж байдаг. Үнэндээ ч өндөр нуруулаг хүмүүс өөртөө илүү итгэлтэй байдаг байна.
- Өндөр өсгийтэй гутал өмсөнгүүт нуруу, цээж чинь тэнийн бөхийхөө больж байдгийг та анзаарсан байх. Энэ нь тулах цэгийн талбай багассанаас шалтгаалж байгаа юм.
- Өндөр өсгий нь зөвхөн гоо сайхны хэрэгсэл болоод зогсохгүй хэрэв түүнийг хөдөлгөөний эвсэл сайтай хөл өмсөж байгаа бол чамгүй хүчтэйхэн бие хамгаалалтын зэвсэг ч болж чаддаг байна. Хэрэв та гэнэтийн халдлагад өртсөн бол түрэмгийлэгчийн эсрэг өсгийгөө ашиглах бүрэн боломжтой. Ялангуяа өвдөг, шилбэ зэрэг нь тун эмзэг хэсгүүдэд тооцогддог тул өсгийгөөрөө эдгээр хэсэг рүү чиглүүлэн өшиглөхөд багагүй хэмжээний гэмтэл учруулж болдог байна.
Сөрөг тал:
- Өсгий хэт өндөр байгаа тохиолдолд шилбэний болон тавхайн булчингууд ихээхэн сунасан байдалтай байдаг. Эвгүй гишгэх үед энэ нь эдгээр булчингуудыг багагүй хэмжээгээр гэмтэхэд хүргэж болзошгүй юм. Ингэхдээ зөөлөн эдүүдэд бичил урагдалт явагдаж ч болзошгүй.
- Өндөр өсгийт өмссөн хөл хэвийн бус хэлбэртэйгэээр, хавчигдсан байдалтай удаад ирэхээр өвдөг болон бусад үе мөчүүдэд нь ихээхэн зовиур мэдрэгдэж эхэлдэг. Энэ нь удаан хугацаагаар, эсвэл бүр байнгын үргэлжилбэл үе мөчний уян хатан байдал алдагдахад хүргэж, цаашилбал элдэв өвчин болж хүндрэх ч магадлалтай.
- Та тэнцвэр авахын тулд мөрөө хойш нь гэдийлгэх үед өөрийн эрхгүй нурууны үеүүдэд бүсэлхийний хэсгээр нэмэлт ачаалал ирж байдаг. Нурууны булчин хөгжил муутай хүний хувьд энэ нь багагүй сөрөг үр дагавар авчирч болзошгүй. Хэрэв асуудал хүндэрвэл зөвхөн бүсэлхий хавиар нэмэлт ачаалал өгөөд зогсохгүй түүнээсээ гүнзгийрэн нөхөн үржихүйн эрхтнүүдэд нөлөөлөх магадлалтай юм.
- Хөлийн уланд тууш шугам ба хөндлөн шугам гэсэн хоёр төрлийн тэнцвэрийн шугам байдаг. Эдгээр шугамууд нь пүрш адилаар биднийг явж, гүйж, үсэрч байхад доргилтыг зөөлрүүлж байдаг. Харин өндөр өсгийтэй гутал өмссөнөөр бид тууш шугамыг “ажлаас нь халж” байдаг юм. Ингэснээр хөндлөн шугамд хоёр магадгүй гурав дахин их ачаалал ирж байдаг байна. Энэ байдал нь удаан үргэлжилбэл хөлийн улны хэлбэр алдагдах сөрөг үр дагаварт хүргэдэг.
Хоёрдугаарт:
Өндөр өсгийт авахдаа анхаарах зүйлс
Хэт бариу
Эмэгтэй хүн гадаад төрхөндөө хэзээ ч сэтгэл хангалуун байж чаддаггүй аж. Ямар ч бүсгүй загвар зохион бүтээгчдийг ердийнхөөс арай илүү өндөртэй туфль гаргахыг битүүхэн хүлээж байдаг. Гэвч ширэн, матрын арьсан ер нь ямар ч гутал байлаа гэсэн хэт бариу бол та үдэшлэг дээр чөлөөтэй ч алхаж чадахгүй хөлд орж буй хүүхэд шиг харагдах болно. Хамгийн аюултай нь хөлийн булчин шөрмөс боогдсоноор хөлийн хуруунуудаа мэдрэхээ болино. Харин ийм явдлын дараа та өөртөө ахин хэзээ ч өндөр өсгийт өмсөхгүй гэж хэлэх байх. Тиймээс сонирхож буй өндөр өсгийт чинь нурууны чинь хэмжээтэй тохирсон өсгийтэй, размертай биш л бол худалдаж авах хэрэггүй.
Хэт томдсон
Мэдээж бариу гутлыг томдсон гутлаар солих нь тэнэг хэрэг болно. Томдсон туфль багадсанаас ялгаагүй хөлөнд аюултай. Хөл чинь гутал дотроо холхиж, цэврүү үүсгэж, бүр явахын эцэсгүй болгож ч мэднэ. Гутал хөлд эвтэйхэн бага зэрэг чөлөөтэй байвал сайн ч дахин нэг хөл орохоор зайтай бол ямар ч хэрэггүй. Тиймээс тохирох размер байхгүй л бол өөр газраас хайх нь зүйтэй.
Цаг үргэлж өндөр өсгийт өмсөх аюултай
Өндөр өсгийтийн номер нэг дүрэм бол хааяа өмсч байх. Хэрэв та үдэшлэгт явах гэж байгаа бол бүтэн оройжин хадаасан дээр зогсоно гэсэн үг. Тиймээс хөлөө хайрлаж, бужигнасан хүмүүс дундуур явж орохоосоо өмнө туфлиэ гаргаж өмссөн нь дээр. Хөлд эвтэйхэн гутал зохион бүтээдгээрээ алдартай загвар зохион бүтээгчид байдаг шүү дээ. Өмсөхөд эвтэйхэн арай энгийн нэгийг олж ав. Үнэхээр хэрэг болно шүү. Эцэст нь хэлэхэд хамгийн дэгжин, ганган хүүхнүүд гэртээ хөл нүцгэн орж ирдгийг сануулъя.
Гуравдугаарт:
ӨНДӨР ӨСГИЙТЭЙ ГУТЛАН ДЭЭР ХЭРХЭН ЯВЖ СУРАХ ВЭ?
1. Эхлээд өсгийт дээр зөв зүгээр л зогсож сурах хэрэгтэй
Өсгийтэй гутлаа өмсөөд өндөр тольны өмнө цэх зогсоод, өөрийгөө ажигла. Та бөгтийж, эсвэл хөлөө нугалж байна уу? Ямар нэг онцгүй зүйл харагдвал засахад тань энэ тусална. Урдаасаа харсныхаа дараагаар хоёр хажуунаасаа харж үзээрэй.
2. Эхлээд хатуу гадаргуу дээр алхаж үз
Хэрэв та анх удаа өсгийтэй гутал өмсөх гэж байгаа бол аль болох хатуу гадаргуун дээр сургуулилсан нь дээр. Эхлээд жижиг жижгээр, аажуухан алхаад үзээрэй. Алхаж байгаагаа өндөр толиндоо харвал бүр зүгээр. Өвдгөө нугалж, эсвэл чичирч алхаж байгаа эсэхээ хараарай. Эхлээд өсгийгөө, дараа нь өлмийгөө газар тавьж алха. Хоёуланг нь зэрэг тавих юм уу, өлмийгөө түрүүлж тавих гэсний хэрэггүй. Анх өмсөж байгаа хүний хувьд ингэж алхах нь цэгцгүй харагдахад нөлөөлдөг.
3. Сургуулилт хий
Бага зэрэг алхасны дараа та өлмийгөө эхэлж тавьж алхаж чаддаг болно. Хоёр хөлөө сайн нийлүүлж алхахаа мартуузай. Загвар өмсөгчид нэг хөлөө нөгөө хөлийнхөө урдуур үл ялиг зөрүүлснээр ташаагаа хаяж алхдаг. Хүсвэл та тэгж алхаж болно. Гэхдээ ингэхэд бага зэрэг сургуулилт хэрэгтэй.
4. Гадаргуугаа өөрчил
Одоо та хатуу гадаргуун дээр алхаж чаддаг болсон юм чинь зөөлөн шороо, эсвэл чулуулагтай газраар явж үзэх хэрэгтэй. Гэхдээ түүнээс өмнө алхаж байгаад, гэнэт чиглэлээ солихх, хурдан хурдан алхах, бага зэрэг гүйх зэргээр дасгал хийж үзээрэй. Мөн үл ялиг гулгамтгай шалан дээгүүр ч бас яв. Та яг намхан гутлаа өмсөөд хэрхэн алхдаг билээ түүн шигээ л харагдах ёстой шүү.
5. Бүжиглэж үз
Хэрэв та өсгийтэй гутлаа өмсөөд үдэшлэг юм уу шөнийн клубт орох гэж байгаа бол гэртээ цоглог хэмнэлтэй хөгжим тавьж байгаад бүжиглэж үзээрэй. Бүжиглэнгээ толиндоо ч бас хар. Өсгийтэй гуталтай бүжиглэхэд өвдөг нугарч, эв хавгүй харагдах гээд байдаг талтай учраас. Шатаар бууж өгсөж үзэхээ ч бас мартуузай.
6. Хөлөө амраахдаа…
Таны хөл өвдөж эхлэвэл бага зэрэг сууж амар. Анх удаа өмсөж байгаа бол 20 минут тутамд сууж байвал зүгээр. Ингэхдээ гутлаа тайлж хэрэггүй. Тэгвэл дараа нь өмсөхөд өмнөхөөсөө ч илүү өвдөх болно.
7. Шууд хамгийн өндрийг нь сонгох хэрэггүй
6 инч бол өсгийтэй гутлын хувьд максимум өндөрт тооцогддог. (Гэвч сүүлийн жилүүдэд үүнээс ч өндөр платформ гутлууд гарсаар байгаа) Тиймээс гутлынхаа өсгийг хэмжиж үзээд багаас нь эхлэх хэрэгтэй. Эхлээд 2 дараа нь 4 инч дээр торохгүй явж чаддаг болсон хойноо стиллетог сонгож болно шүү дээ. Мөн хэрэв та өмнө нь 2 инчийг өмсдөг байж байгаад, 4 инч туфль өмсөх гэж байгаа бол эхний хэдэн алхамд ямар ч өөрчлөлт мэдэгдэхгүй байж болно. Гэхдээ удаан алхаад ирэхэд илүү хэцүү болох нь мэдрэгдэх учраас бас л дасгал хийх хэрэгтэй шүү.
8. Өмсөхөөсөө өмнө гимнастикийн дасгал хий
Ялангуяа өлмийгөө жийж хийдэг сунгалтын дасгал хийгээрэй. Энэ нь таны булчинг халааж, мөн амрааснаар өсгийтэй гутал өмсөхөд өвдөх нь бага байх болно.
Харин одоо та бүхэн өөртөө итгэлтэй болж, өндөр өсгийт дээр өөрийгөө тунхаглах л үлдлээ.
Г. Оюука