Гурван мянга гаруй уран бүтээлээсээ дээжлэн тоглолтоо хийсэн “Ахмадын золбоо” хамтлаг сонсогч олны сонорыг мялааж, сэтгэлийг хөглөсөн "Нойргүй хоносон зургаан нот” хэмээх тоглолтоо үзэгчдийн хүсэлтээр ирэх аравдугаар сарын 4 нд "River sounds" клубт зохион байгуулахаар болжээ.
“Инээмсэглэл” хамтлагийн бөмбөрчин, UBS телевизийн Ерөнхий захирал, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, МУУГЗ Л.Балхжав, “Өргөө” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, МУСГЗ И.Болоож, “Хөх тэнгэр” хамтлагийн даралтат хөгжимчин, Хилийн цэргийн дэд хурандаа, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, МУУГЗ Г.Энхбаяр, “Хөх тэнгэр”, “Инээмсэглэл”, “Black & White” хамтлагийн даралтат хөгжимчин, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, МУУГЗ Г.Пүрэвдорж, Рок попын Пентатоник Академийн ерөнхийлөгч, “Инээмсэглэл” хамтлагийн гишүүн, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, МУСГЗ Б.Долгион, “Соёл Эрдэнэ” хамтлагийн ахлагч, аргил гитарчин, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, МУСГЗ Г.Жаргалсайхан гэсэн рок поп урлагийн “акулууд” гэгддэг нэгэн үеийн төлөөлөл болсон алдартай хөгжмийн зохиолчид “Ахмадын золбоо” хамтлагийг байгуулсан байдаг.
Дуучид нь дуулж, сонсогчид нь чимээгүй сонсоод суудаг хэвшмэл байдлыг өөрчлөн, үзэгч сонсогчидтойгоо хамтран дуулж, хамтран дурсан, хамтран уярч, тэрч бүү хэл хөгжилтэй яриа өрнүүлэн зритель тэр чигтээ инээлдэх халуухан үдэш зөвхөн “Нойргүй хоносон зургаан нот” тоглолтын үдэш тохиодог онцлогтой билээ.