Бид бүхний амьдралд өдөр тутам тохиолдлоор, санамсаргүй, тавилангаар ч юм шиг олон хүмүүс ирж буцаж байдаг. Насан туршийн хань, хайраас аваад жирийн нэг удаа танилцаад өнгөрөх эсвэл бүр биднийг байж болшгүйгээр гомдоож цөхрөнгөө бардаг хүмүүс ч таарч л байдаг.
Заримдаа тэдгээр хүмүүсээс болж шаналж, зовож, гутарч, харамсаж, үзэн ядаж өөрсдийгөө болоод бусдыг зовоох тохиолдол нэлээдгүй гардаг. Мэдээжийн хэрэг энэ нөхцөлд тэрхүү хүмүүс өөрсдөө л хамгийн ихээр шаналдаг нь тодорхой. Эсвэл бүр хэнэггүй ч хүмүүс байдаг биз ээ.
Энэ тохиолдолд тухайн хүний мэдрэмжээс ихээхэн зүйлс шалтгаалдаг. Мэдрэмж өндөр хүмүүс бусдыг сайн мэдэрдэг хэдий ч өөртөө төвөгтэй байдлыг зарим талаараа үүсгэж байдаг.
Яагаад би гэж, надад яахаараа ийм зүйл тохиолдож, ийм хүмүүс тааралддаг байнаа, тэгэх минь яалаа, ингэх минь ч яалаа гэх мэтээр олон олон яагаад гэж асуух үе ч байдаг. Ингэлээ гээд хариулт нь олдохгүй.
Бид дээрх нөхцөл байдал, асуудлыг өөр нэг өнцгөөс харж болох юм. Ингэж бодож, дүгнэж, үнэлэх нь маш ухаалаг бөгөөд сэтгэлд хөнгөн байдаг. Учир нь БИДНИЙ АМЬДРАЛД ТААРАЛДАЖ, УЧИРЧ, ТОХИОЛДДОГ ХҮМҮҮС БҮГД ХЭРЭГТЭЙ ХҮМҮҮС. Нэг ч хэрэггүй, таарах ёсгүй хүн гэж байдаггүй. Таарах ёстой, учрах ёстой байсан болоод л учирч, таарч байгаа хэрэг.
Гагцхүү тэр хүмүүс бидэнд маш олон дурсамж, сургамж, ухаарал, мэдлэг, хайр, тэвчээр, зориг, шалгуур, тусламжийг үзүүлж, мэдрүүлж, ойлгуулж, бэлэглэж байдаг. Тэдгээр хүмүүст талархах хэрэгтэй. Тэр хүмүүс амьдралд орж ирдэг бөгөөд шалгуураараа амьдралаас холдож, мартагдаж эсвэл дахин таарахгүй, бүр насан туршдаа ч хамт байж болно. Та өөрийн сэтгэл дотроо байгаа хүмүүсийн дурсамжийг эргэн нэг санаарай. Таны үзэл хандлага, бодол, үнэлэгээ, дүгнэлт тодорхой хэмжээнд өөрчлөгдөж сэтгэл чинь өд мэт хөнгөн болж гомдол гуниг чинь салхинд хийсэх мэт алга болж дотор чинь уужирна гэж итгэж байна. Хүний зүрх сэтгэлээс харамгүй ихээр оргилж байх ёстой хэрнээ хамгийн ихээр дутагдаж байдаг зүйлс бол хайр, талархал, уучлал юм.