Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн судалгааны төвийнхөн Солонгосын Одон орон сансар судлалын хүрээлэнтэй хамтран ажиглалтын шинэ дуранг Тавантолгойд ашиглалтад оруулахаар боллоо. Солонгос улсад үйлдвэрлэсэн “Owl” нэртэй эл дуранг Тавантолгой дахь Газар хөдлөлтийн станцын дэргэд байрлуулсан бөгөөдөр өнөөдөр 09.00 цагт албан ёсный нээлт нь болох юм. Өмнө нь ООГФСТ-ийнхөн Хүрэл тогоотоос л ажиглалт хийдэг байсан бол Тавантолгойд шинэ ажиглалтын байр, дурантай болсноор аливаа биет, хог хаягдлыг хоёр талаас нь ажиглах боломжтой болж буй. Түүнчлэн ажиглалтын хоёр төвийн хооронд 80 орчим км-ийн зайтай учраас нэг байрлалд үүлэрхэг байхад нөгөөд нь цэлмэг байх боломж бий. Тиймээс ажиглалтаа илүү олон цагаар, нарийвчлалтай хийх боломж бүрдэх юм. Түүнчлэн Солонгосын талтай харилцан мэдээлэл солилцох ч боломжтой. Олон төрлийн зориулалттай 15 орчим хиймэл дагуултай Солонгосын Одон орон сансар судлалын хүрээлэнгийнхэн эдгээр хиймэл дагуулуудаа дагаж мөрдөх, тэр орчмын сансрын хог хаягдлыг ажиглан, мөргөлдөөнөөс үүсэх аюулыг тооцоолох судалгаа хийдэг юм.