“Miss world” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний шилдэг гоо бүсгүйг тодруулах “Miss world Mongolia-2014” тэмцээний финалын шалгаруулалт УДЭТ-т боллоо.
Тэмцээний Үндэсний ялагч буюу эх орноо төлөөлөн дэлхийн мисст оролцох шагналын эзнээр Азийн супер модел Т.Батцэцэг тодорч, “Miss world”-д явах эрх болон дэлхийн алдарт брэнд “Шерл Химл”-ийн даашинзны эзэн болсон юм. Харин удаах байрыг “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Ж.Энэрэл хүртсэн юм. Ж.Энэрэлийг Төрийн шагналт дуучин Д.Болдын Рокит Бэйтэй хамтран дуулсан “Үүлэн домог” дууны клипэнд тоглосноор уншигчид сайн мэдэх байх. Харин гуравдугаар байрыг Д.Долгион эзэллээ.
Улс бүр эх орноо төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулах тэмцээнийг реалити хэлбэрээр зохион байгуулдаг аж. Манай улсын хувьд өмнөх жилүүдэд нэг өдрийн үйл ажиллагаанаас дэлхийн миссд явах бүсгүйг сонгодог байсан нь учир дутагдалтай байсан байна. Харин энэ удаагийн тэмцээн дэлхийн жишгээр гурван сарын хугацаанд реалити шоу хэлбэрээр үргэлжилсэн юм. Энэ нь олон нийтэд ил, урт хугацаанд явуулснаар гоо бүсгүйчүүдийг илүү сайн мэдэж, мэдээллийн хэрэгслээр цацсанаар илүү бодитой шударга дүн гарсан гэдгийн шүүгчид онцолсон юм.