Орчин цагийн загварын ертөнцөд Коко Шанелийг загалмайлсан эх, Кристиан Диорыг загалмайлсан эцэг хэмээвээс тэдний “угсаа залгамжлагч” нь гарцаагүй, тэдэнтэй нутаг нэгт Ив Сен-Лоран юм. 21-хэн настайдаа Диорын загварын ордны ахлах загвар зохион бүтээгч болсон цагаасаа тэрбээр Шанель, Диор нарын түүчээлсэн загварын хувьсгалыг үргэлжлүүлж, хожим тэднээс тасалсан галаа хэдэнтээ ноцоон, олон газар түгээж, манасан түүхтэй. Сен-Лораныг шүтэн бишрэгчдийн дунд Катрин Денёв, Паламо Пикассо, Грейс гүнж нарын цаг үеийнхээ хамгийн үзэсгэлэнтэй, цуутай бүсг үйч үүд байлаа. Гэхдээ тэднээс илүү эгэл жирийн сая сая эмэгтэйн хувцас, өнгө төрхийг тэрбээр өөрчилжээ. Өнөө цагийн бүсгүйчүүд нэгэн зэрэг ажил хэрэгч, ихэмсэг, дур булаам харагдаж байгаа нь гагцхүү Ив Сен-Лораны ач юм. Эмэгтэйчүүдэд тэр л эрчүүдийнхтэй төстэй, гэхдээ энгэр, бэлхүүсийг нь тодотгосон хүрэм өмсгөж, түүнтэй нь ижилсэх бошинз, даашинз анхлан урласан гэдэг. Мөн эр, эмгүй өмсөж болох олон загвар бүтээснээс гадна загвар өмсөгч гэх туслагч төдий байсан ажлыг нарийн мэргэжил болтол нь хөгжүүлсэн байна.
Өрнийн хувцас, зүүсгэл сэлтэд дорнын хэв маяг оруулж, загварын тайзнаа өнгөт арьст болон ази гаралтай загвар өмсөгчдийг цагаан арьстануудтай мөр зэрэгцүүлэн алхуулсан анхны загвар зохион бүтээгч ч гэсэн Сен-Лоран юм. 1936 онд Алжирт мэндэлж, 18 настайгаасаа Парист амьдарч, 1960-аад оноос насан эцэслэтлээ загварын хааны сэнтийгээс буугаагүй тэрбээр 2008 онд 71 настайдаа хорвоог орхижээ. Амжилт, алдар нэрээс ангид байсан удаагүй ч гуньж гутарсан, ганцаардмал амьдрал туулсныг нь бэлгийн чиг хандлагатай нь холбож тайлбарлах нь бий. “Interview” сэтгүүлд 1973 оны нэгд үгээр сард өгсөн түүний нэгэн ярилцлагыг энэ удаагийн “Ховор яриа” онцолж байна.
-Та яг одоо юу бодож байна?
-Их л олон зүйл бодож байна.
-Сайхан зүйлс үү?
-Тийм гэж хэлж чадахгүй нь.
-Эмэгтэй хүн онгод хөглөдөг гэдэг. Тэдэнд ямар онцгой шинж байна. Бүсгүйчүүд урмыг тань хугалсан удаа бий юү?
-Нэг ч байхгүй, тийм явдал огт болж байгаагүй.
-Та бусдад өгье гэсэн бүхнээ өгч чаддаг уу?
-Эмэгтэйчүүдэд үү?
-Мэдээж хэрэг. Таны төсөөлөлд багтдаггүй эмэгтэй хүн бий гэж үү?
-Тэгж хэлэх арай өрөөсгөл байх. Би хувьдаа зөвхөн төгс эмэгтэйг хайдаггүй. Эмэгтэй хүний олон шинжийг эрдэг.
-Өв тэгш байх хэд хэдэн эмэгтэйг эрдэг гэсэн үг үү?
-Хэд хэд ч бас биш юм. Цөөхөн гэвэл тохирох байх. Миний уран бүтээлд нөлөө үзүүлсэн зургаан эмэгтэй л бий.
-Зургаа гэдэг бага тоо байна шүү. Хэрэв загвар зохион бүтээгч байгаагүй бол юу хийх байсан бэ?
-Зүгээр л амьдрах байсан.
-Таны загварт эмэгтэй хүн шиг нөлөө үзүүлсэн эр хүн бий юү?
-Байхгүй ээ, нэг ч байхгүй.
-Тэгэхээр зөвхөн эмэгтэй хүн л таныг хөглөдөг байх нь, тийм үү?
-Загварын талаарх бодлыг минь орвонгоор нь өөрчилж, намайг өнөөдрийн амжилтад хүргэсэн хүмүүс гэвэл эмэгтэйчүүд л байна даа.
-Зүс царай, бие галбир муутай эмэгтэй хүнд хувцас урлах хэрэг гарвал яах вэ?
-Тийм хүнд байдалд орохгүйг, хүлээн зөвшөөрөгдөх нөхцөл байдалд л байхыг хичээнэ дээ.
-Хүйсийн талаар танд тогтсон ойлголт байдаг уу. Эсвэл аль алинд нь хөрвөх чадвар бий гэж боддог уу. Жишээ нь, эмэгтэй хүнд?
-Яагаад зөвхөн эмэгтэй хүний талаар асуугаад байгаа юм бэ. Загвар зохион бүтээгч болохоор л ингэж байна уу?
-Үгүй дээ. Ганц эмэгтэйчүүдийн талаар ярих гэсэн юм биш. Та олон хүнд хүрдэг, хүмүүсийг тодорхойлох, илэрхийлэх зүйл бүтээдэг шүү дээ.
-Тийм биш ээ.
-Тийм биш гэж үү?
-Тийм биш. Миний хувьд хүн л бол хүн. Бие хаа, оюун санаа нь сэтгэлийг минь татаж л байвал хаанахын хэн гээч байх нь надад сонин биш.
-Гэхдээ та хүмүүсийг сорих дуртай байх?
-Мэдээж.
-Загварын талаар ам уралдан ярих хүмүүст харин яаж ханддаг вэ?
-Тийм зүйлд дургүй. Ер нь би сайхан хувцсанд дуртай ч загварыг үзэн яддаг.
-Бас загварын талаар ярих дургүй байх нь. Тэгвэл өөр зүйлийн тухай ярья. Та их эмзэг, мэдрэмтгий хүн шиг санагддаг.
-Эмзэг нь ч эмзэг шүү.
-Гоё сайхан зүйлд дурладгийг тань бас мэдэх юм.
-Би хэзээний л гоо сайхныг таашааж, бүх зүйлийг төгс байлгах гэж хичээж ирсэн.
-Та юунд хамгийн их урам хугардаг вэ?
-Хүмүүст л лав биш. Бусдыг би нэг их хайхардаггүй юм.
-Гэхдээ тэднээс сайн сайхан зүйл олж хардаг биз дээ?
-Их зүйл хүлээхгүйг хичээдэг. Хүмүүс ямар байх нь биш, тэд надад ямар санагдах нь чухал. Хэрэв надад хэн нэгэн юм уу, ямар нэгэн зүйл таалагдахгүй байвал тэр нь миний л хэрэг.
-Хэнийг ч үнэлж чаддаг нь таны давуу тал байх.
-Холбоо сүлбээтэй хүн бүртээ л би шударга хандахыг хичээдэг.
-Хэн нэгнийг урьдаас таамаглаж, таньж мэдэх аргагүй, хэн ч хаашаа ч эргэж мэдэх загварын ертөнцөд энэ их онцгой чанар шүү.
-Харин та намайг сайн мэдэж байгаа юм биш үү?
-Би их олон жил таныг ажиглалаа. Материаллаг биш, төсөөллийн ертөнцөд та амьдардаг шиг санагддаг.
-Магадгүй л юм. Уг нь бодит амьдралтай арай ойр байхсан гэж боддог. Хаа яваа газраа өөрийгөө бусдаас тусгаарлаад сурчихаж.
-Эмэгтэй хүнд үнэн сэтгэлээсээ дурлаж байв уу?
-Дурлаж байсаан. Нэг, хоёр удаа л.
-Тэд танд ямар нөлөө үзүүлсэн бэ. Ямар сэтгэгдэл төрүүлж байв?
-Зөвхөн гоо сайхны илэрхийлэл байгаагүй гэдгийг хэлье. Тэд надад ямар нэг бүтээлийн санаа өгч, хөглөсөн ч удаа байхгүй. Зүгээр л шинэ, содон мэдрэмж төрүүлж байсан. Тэр нь хувцас загвартай огт холбоогүй мэдрэмж.
-Бүтээлч сэдэл төрүүлээгүй хэрэг үү?
-Хэн нэгнийг зөвхөн уран бүтээлд хамаатуулж хайрлаж болохгүй. Хэрэв зөвхөн тийм сэдлээр дурласан бол тухайн хүнээс юу ч юм хулгайлснаас өөрцгүй болно.
-Америк орон хэр санагдаж байна?
-Сайхан л улс юм. Гэхдээ би хаа ч байсан ганцаараа байх дуртай болохоор гадуур их явахгүй байгаа.
-Олон эмэгтэй хүнтэй ажиллах заримдаа яршигтай байдаг уу?
-Үгүй ээ, харин ч сайхан байдаг.
-Карьерийнхаа оргилд хүрсэн болохоор тэгж санагддаг болов уу?
-Магадгүй. Уг нь өөр олон зүйл сурч, мэдсэн бол сайнсан.
-Загвараас холдвол юу хийе гэж боддог вэ?
-Ном л бичих байх даа. Хайртай, дуртай бүхнийхээ тухай их гоё, гэгээлэг ном бичнэ. Амьдрал, гоо сайхан, эр, эм хүмүүсийн тухай гээд, ер нь дурсамжийн ном байх болов уу. Яг одоо бол ном бичих тэвчээр алга. Цаг нь ирэхээр болно биз.
Г.ЛХАГВА