Монгол үндэстэн ястны унаган соёлыг хадгалахын тулд угсаатны зүй, соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийг хамгаалах, мартагдаж буй биет бус өвийг өвлүүлэн дэлгэрүүлэх нэн шаардлагатай гэж үздэг. Ялангуяа монголчуудын оюун санаагаар нүүдэлчдийн ахуй байдалд бий болж, уламжлагдан ирсэн олон угсаатны эх хэл-аман уламжлал, наадам наргиа, ёс заншил, зан үйл, дуу хөгжим, байгаль ертөнцийн тухай ардын мэдлэг, уламжлалт гар урлал зэрэг соёлын биет бус өвүүд хотжилт, орчин үеийн техник технологийн хөгжлийн нөлөөгөөр устан, уламжлал тасрахад хүрээд байна. 2013 оны байдлаар Монгол Улсын биет бус соёлын өвийн төлөөллийн Үндэсний бүртгэлд 77, Яаралтай хамгаалах шаарлагатай биет бус өвийн үндэсний бүртгэлд 16 өвийг тус тус бүртгэсэн билээ. Эдгээр өвийг хэвлэл мэдээллээр сурталчлах, ардын авьяастнуудын тоглолт, урлагийн наадам, уулзалт ярилцлага, нөхөрсөг тэмцээн зэрэг төрөл бүрийн хэлбэрийг ашиглан, өв соёлыг хамгаалахад олон нийтийн болон бизнесийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхийг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 2014 оны шинэчилсэн найруулгад тусгасан байдаг. Уг ажлын түүчээ болгож АПУ хувьцаат компани 90 жилийнхээ ойн хүрээнд “Хамаг Монгол” язгуур урлагийн наадмыг Монголын урлагийн зөвлөлтэй хамтран энэ сарын 24-нд зохион байгуулах гэж байна. Энэхүү наадмыг эхний удаад ажилтнуудынхаа дунд зохиох боловч цаашид илүү өргөн хүрээг хамруулах гэнэ. “Хамаг Монгол” наадмын ач холбогдол, юугаараа үнэ цэнэтэй болох тухай ардын уран зохиолч Т.Галсантай ярилцлаа.
-Монгол түмний өнө эртнээс бүтээж, үр хойчдоо өвлөн уламжлуулж ирсэн баялаг өв соёлыг нандигнан хайрлахын төлөө сэтгэлээ чилээж явдаг цөөн хүний нэг нь та. Тэр л сэтгэлээрээ энэхүү наадмыг дэмжин оролцож байна уу, эсвэл өөр сэжим, шалтгаан бий юу?
-Аль аль нь гэж хэлэх байна. “Хамаг Монгол” наадам нь мартагдаж буй зан үйл, тоглоом наадгай, угсаатны хэл, соёлыг дэлгэрүүлэх, өвлөн уламжлахын ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах, сурталчлахад бизнесийн, олон нийтийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм. Тиймээс надад ямар ч хойшлуулшгүй ажил гарсан байсан хамаагүй, заавал оролцохыг бодож байна. 50 жилийн өмнө Монголын төр засаг 320 сэхээтнээ эсэргүү хэмээн гэсгээн цээрл үүлж, хөдөө мал маллуулахаар цөлсөн шүү дээ. Тэгэхэд би хөдөө тэмээ хариулж байгаад малчнаас ажилчин анги руу шилжиж, Мах комбинатад ясчинаар ажилд орсон юм. Тэр үед Мах комбинатын ажилчид дотроосоо их хулгай хийдэг байлаа. Өвөл Мах комбинатын ажил багасаад ирэхээр хүмүүсээ амраана. Тэгээд хулгай хийдэггүй хэдэн хүнээ хөнгөн хүнсний үйлдвэрүүдэд тарааж ажиллуулах болоход би АПУ-д ачигчаар хуваарилагдан ирж байсан юм л даа. Ийм нэг сонин түүх бий. Тэр үед Ерөнхийлөгч асан Н.Багабанди тэнд Эвлэлийн үүрийн дарга хийж байсан. Анх засварчнаар ороод сүүлдээ тушаал дэвшсэн нь тэр. Тэгэхээр 90 жилийн түүхтэй энэ хамт олон ерийн нэг засварчнаа Ерөнхийлөгч, ачигч муу эсэргүүгээ ардын уран зохиолч болгосон буянтай байгууллага гэж би боддог. Тухайн үед оготны соёотой архийг гараар савладаг байлаа. Бид хэдэн архиа модон хайрцагт хийгээд зөөдөг байлаа. Гэтэл одоо энэ байгууллага ямар хэмжээнд хүртэл хөгжсөнийг бид харж байна. Сайн сайхан зүйлийг үгүйсгэлгүй, аливаа юманд наанатай цаанатай ханддаг байгаасай гэж бодох юм. Дүлий, сохор төрийн харж мэдрэхгүй байгаа маш чухал юмыг тэд анзаараад, Монголын урлагийн зөвлөлтэй хамтран ийнхүү олон нийтийн анхааралд оруулж ирэх гэж байгаа нь сайхан санагдаж байгаа юм. Уг нь энэ бол төрийн бодлогын хүрээнд хийх ёстой ажил шүү дээ. Өнөөдөр манайхан урлагийн наадам зохионо гэхээр хүн бүхний мэддэг хэдхэн төрлийг л сонгож авдаг. Гэтэл Монголын олон үндэстэн ястны язгуур урлаг гэдэг чинь тэр чигээрээ шавхагдашгүй ундарга байдаг.
Сүүлийн үед уран уншлагын тэмцээн хүртэл зохиохоо больсноос болоод залуусын оюун ухаан зэвэрсэн хүрз шиг болох нь. Хар багаасаа уран яруу шүлэг найраглал цээжилсэн хүн ядаж л хэл ярианы баялагтай болдог юм. Гэтэл монгол хэлийг устгах, мөхөөх гэсэн хүмүүс болохоор юм цээжлэхийг шашинтай холбоод, мунхрал гээд байдаг. Ийм хэцүү үед энэ бүхний эсрэг нэг хувийн байгууллага ингэж санаачилга гаргаж байгаад талархаж, цаашид олон газар үүнээс санаачилга авах хэрэгтэй гэж бодож байна. Монголчуудын бүтээн цогцлоосон өв соёлынхоо мартагдсан болгоныг нь сэргээн сануулж, тасарсан эд эс бүрийг нь залгая гэж байна шүү дээ.
-Нийтдээ 11 үндэстэн, угсаатны зан үйл, тоглоом наадгайгаар багууд нь өрсөлдөнө гэсэн байх аа?
-Тийм бололтой юм билээ. “Хамаг Монгол”- ыг би албан байгууллага, үйлдвэр гэдэг нийгмийн жижгэвтэр төлөөллөөр дамжуулан бүхэн бүтэн ард түмний авьяасыг нээж харуулах гэж буй үйл явдал хэмээн ойлгож байгаа. Баяд, буриад, торгууд, захчин, дархад, дөрвөд, казак, урианхай, халх, хотгойд, хотон гэсэн энэ үндэстэн ястнууд цөм өөр өөрсдийн онцлогийг харуулсан тоглоом наадгай, зан үйлтэй. Жишээ нь, урианхайчуудын саранпай харвах зан үйл гэж юу болохыг чи мэдэх үү.
-Ёстой мэдэхгүй юм байна.
-Үхсэн малын муу тарзыг норгож тэнийлгээд, тал талаас нь модонд тэлж уяад, хажуугаар нь морьтой давхиж өнгөрөхдөө нум сумаар харвадаг зан үйлийг саранпай харвах гэдэг юм. Энэ мэтээр залууст хэлж өгөх хүнгүй болохоор ингээд өв соёлоосоо холдоод байгаа хэрэг.
-Монголын урлагийн зөвлөлийнхнөөс өгсөн мэдээллээс харж байхад бидний мэдэхгүй маш олон зан үйл, тоглоом наадгайг “Хамаг Монгол”-оор тодруулан гаргаж ирэх юм шиг байсан.
-Тийм ээ. Торгууд ястны бөмбөг намнах гэхэд л саранпай харвахаас арай өөр. Элдэж зүссэн сурыг бөөрөнхийлөн зангидаж байгаад харвадаг. Сээр чичих, буриадын бэлзэг нуухаас эхлээд хотгойдын үүшүүр хорол гээд ярихаар мэдэхгүй хүн өчнөөн байна. Бух ноолдооныг нэгэн төрлийн бөх барилдах зан үйл гэдгийг л мэдэхгүй байна шүү дээ. Гэтэл бидний мэдэхгүй байгаа энэ бүх өв соёлыг гаднынхан хамгийн ихээр сонирхож байна. Жуулчид манайд ирэхдээ хятадуудаар бариулсан байшин барилгыг харах гэж ирдэг гэж бодож байна уу. Үгүй. Энэ үндэстэнд өрөөл бусдад байхгүй ямар өв соёл байна вэ гэдгийг л харах гэж ирдэг. Тэгээд манай уран нугаралтыг үзэхээрээ алга таших ч сөхөөгүй болтлоо алмайрч сааталд ороод, шөнө нь зүүдэлдэг гэдэг. Нэгэн хэвийн орчинд, гудамжнаас гудамжны хооронд хөлхдөг тэр хүмүүс уртын дуу сонсохоороо огторгуй сансрын уудамд аялаад эх дэлхийдээ ирж байгаа юм шиг болдог гэдэг. Гүн ухааны хэмжээнд сэтгэж, яруу найрагчийн түвшинд өгүүлснийг сансрын аялгуугаар илэрхийлснийг уртын дуу гэдэг юм байна гэдгийг тэд тэндээс ойлгодог. Хөөмийчдийг гэхэд л гаднынхан хоолойдоо хэд хэдэн хөгжимтэй юм уу гэж гайхаад барьж үзсэн гэдэг. Энэ мэтээр бидний гадарладаг соёлын өвүүдээс гадна мэдэхгүй, цаана нь байгаа өчнөөн зүйлүүдийг “Хамаг Монгол” наадамд оролцох гэж байгаа 1000-аад хүн ядаж эхний ээлжинд мэдээд аваг дээ. Энэ бол бага юм биш.
-Энэ наадмын бас нэг онцлог нь Монголын олон үндэстнүүдийн хэл ярианы онцлогоор мэндчилэх ёстой юм билээ. Одоогоор бид казак, буриад зэрэг цөөхөн үндэстэн ястны хэлийг л халхаас ялгадаг шүү дээ. Тэгэхээр энэ нэлээд өвөрмөц байх болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Бүх нийтээрээ ойлголцоход халх аялгуугаар ярих нь чухал л даа. Гэхдээ ганц эвэр бүрээ эгшиглэж байснаас дунд нь олон янзын хөг аялгуутай төрөл бүрийн хөгжмийг хамтад нь дуугаргавал илүү найрсалтай сонсогдоно. Заримдаа ч гудамжинд тааралдсан хүнтэйгээ “Сайн байна уу” гэхээр “Сайн” гэчихээд шудраад явчих тохиолдол бишгүй. Гэтэл хааяа буриад хүний “Мэнд амуур” гэсэн мэндчилгээг сонсохоор аятайхан санагдах жишээтэй. Нэрт зохиолч, эрдэмтэн Дондогийн Цэвэгмид гуай НҮБ-ийн гишүүнээр Монгол Улсыг элсэх тэр агшинд буриад аялгаараа “Нэгдсэн үндэстнээ байгууллагайн Ерөнкэй нарийн бичгээн дарга танаа” гээд эхлэхэд хүмүүс монгол хэлний хөг аялууг гайхан биширч байсан удаатай. Энэ мэтээр олон янзын аялгуутай хэл яриагаар үгийн сангаа баяжуулахад ч тустай. Манай өөлдүүд “халиана” гэдэг нэг үгтэй. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр эргэн тойрон, дээш доош нь, дөрвөн зүг найман зовхист харна гэж олон үг донгосохын оронд халиана гэчихвэл уг нь хамгийн тохиромжтой. Үзнэ гэвэл алган дээрээ тавиад, харна гэвэл “Богд хайрхны дээгүүр богширго нисэж байна уу, үгүй юу” гээд харуулдахыг хэлнэ. Харин халиана гэвэл бүргэд элин халин нисэхийн дайтай бүх зүйлийг харна гэсэн үг.
-Өнгөрсөн хавар “Жангар” туулийн олон улсын их хурал Шиньжанд болсон. Тэнд оролцохоор манай ШУА-аас явсан төлөөлөгчид “Жангар” туулийнхаа талаар төдийлэн мэдлэггүй хүмүүс байсан тухай яриа гарсан. Тэр хурал үндсэндээ “Жангар”- ыг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртг үүлэх гол зорилготой байсан гэдэг. Олон жилийн хүч хөдөлмөрөө зориулан байж “Монгол Жангар”-ыг бүтээн туурвисан хүний хувьд та юу хэлэх вэ?
-Манайх ингээд л “Жангар”-аа алдаж байгаа юм даа. Ер нь л агуу их соёлын өвийн цаана үргэлж улс төрийн зорилго нуугдаж байдаг. Сталин ухаан гаргаж, мундаг орчуулагч, эрдэмтдээ цуглуулан хайгуулд гаргаж “Халимаг Жангарыг” бүтээлгэсэн. Гэхдээ тэр нь 13 бүлэг л байдаг юм. Хамгийн сүүлийн үеийн байдлаар “Жангар”-ын 26 бүлгийг бид эмхтгээд байна. Дараа нь Хятадын агуу удирдагч Мао өвөрлөгчдийг цуглуулаад “Жангар”-ыг хэвл үүлэн гарга гэснээр тэд олон жилийн турш энэ ажлыг хөөцөлдөж байгаа. Энэ хоёрын аль аль нь дутагдалтай учраас “Монгол Жангарыг яагаад ч гүйцэхгүй. Ийм том өвөө хамгаалах ухаан дутсаар олон жилийг үдэж байна даа. Гэхдээ яах вэ, цаг хугацаа өнгөрөх тусам аль нь жинхэнэ вэ гэдгийг шүүгээд өгнө. Тэгээд ч соёлын яамтай болсон учраас энэ мэт асуудлыг шийдэх байх гэж найдаж сууна. Гол нь шинэ тутам байгуулагдсан энэ яамыг минь ургацаа хураах насан дээрээ ирэхээс нь өмнө амжуулах гэсэн хүмүүс бас байна аа.
Л.ГАНЧИМЭГ