“Нямын зочин”-ы хойморьт жүжигчин Төөтөө буюу Д.Түвшинтөрийг урилаа. СУИС-ийг төгсөнгүүтээ “Х ТҮЦ” хэмээх өнөр айлын гишүүн болсон тэрбээр хэсэг нөхдийн хамт хоёр жилийн өмнө “Эмоци” продакшн байгуулан, хамтлагаасаа өрх тусгаарласан юм. Хэдийгээр голдуу залуу уран бүтээлчид байдаг ч “Эмоци” өөрсдийн гэсэн үзэгчдийн хүрээлэлтэй болсон нь анзаарагддаг.
-Та энэ амралтын өдрийг хэрхэн өнгөрөөхөө төлөвлөж амжсан уу?
-Юуны өмнө “Өнөөдөр” сонины уншигчдад энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Би ойрд ёстой амралтын өдөр гэдгийг мартчихаад байна аа. Манай “Эмоци” продакшны дөрөв дэх уран бүтээл болох “Хайр бүхнээс хүчтэй” тоглолтоо энэ сарын 22-ноос толилуулах гээд тун завгүй явна. Гэртээ ч тухтай хооллох зав алга. Харин сая тоглолтын бэлтгэл ажлыг хөөцөлдөж яваад өөрт тань “баригдчихлаа” шүү дээ (инээв).
-Тэгвэл энэ зун хэрхэн амрав?
-Энэ зун харин ойрын хэдэн жил амраагүйгээрээ амарсан шүү. Манайхан шинэ оноос хойш их ачаалалтай ажилласан. Он гарангуут “Гурван найз” киноны зураг авах ажил эхэлж, дөрвөн сар шахам үргэлжилсэн. Киногоо дуусангуут шинэ тоглолтын ажилд орж, үргэлжлүүлээд хөдөө орон нутгаар аялан тоглосоор зургадугаар сарын дундуур хотод ирсэн. Тэгээд л хоёр сар орчим сайхан амарсан даа. Дундуур нь нэлээд хэдэн кинонд тоглох санал ирсэн ч бүгдийг нь буцаасан.
-Яагаад тэр вэ?
-Манай продакшн удахгүй нэг ангит кино хийхээр төлөвлөж байгаа. Тэр бүтээлдээ жүжигчдээ нөөх гэдэг утгаар Тэмка, Нарансолонго, бид гурав аль аль нь зөвшөөрөөгүй.
-Гэхдээ та нарын ажил, мэргэжил юм чинь чадахгүй гэх биш, ганц нэг кинонд тоглоход болохгүй гэж үү. Тэгээд ч залуу хүмүүст мөнг ө хэзээд хэрэгтэй л байдаг шүү дээ?
-Тийм л дээ. Гэхдээ бидэнд бас нэг бодол байна. Тухайн киноны зохиолыг уншиж үзнэ, ямар студи продакшн хийж байна вэ гэдгийг харна. Уран бүтээлийн чанар чансаа гэдэг бол хамгийн чухал.
-Залуу уран бүтээлчид шиг юм болгонд гүйж очоод байхгүй гэж үү?
-Яг ч тийм биш ээ. Биднийг “Х ТҮЦ” продакшнд байхаас л Одноо эгч, Аглуу, Онон ах хэлдэг байсан. “Урьсан кино болгонд очоод, орж, гараад байдаг жүжигчдээс өөр байх ёстой. Ядаж зохиолыг нь эхлээд сайн уншиж бай” гэдэг энэ захиасыг бид ямагт мөрдлөгө болгож явна.
-Танайхны тоглосон “Гурван найз” кино монголчуудыг оройжин зурагтын өмнө уядаг Солонгосын савангийн дууриас хэсэгтээ л холдуулж чадсан. Үүнээс харахад манайхан цаг үеэ мэдэрсэн, сайн зохиолоор кино хийвэл шимтэх үзэгчид байгаа юм байна гэж бодсон шүү.
-“Боловсрол” суваг телевизийнхэн энэ киноны эрхийг албан ёсоор худалдаж авсан шүү дээ. Киногоо монгол хөрсөн дээр яаж буулгах вэ гэдгээ бидэнтэй ярилцаад уг бүтээлийг хийсэн. Үзэгчдэд ямар ч гэсэн хүрсэн юм шиг байна лээ. Гурван найзын алдаатай, оноотой амьдрал, архидалтын үр дүнд юу болдог вэ гэдэг нь манай залууст сургамж болоосой гэж хүссэн. Харамсалтай нь зарим хүн “Энэ кинонд архидалт ихэдчихэж, дандаа л архи, пиво ууж байх юм” гэж шүүмжилж байсан. Уг нь “Гурван найз” кино архидан согтуурахыг сурталчлах бус, харин ч хор хөнөөлийг нь харуулах зорилготой юм шүү дээ. Жирийн үед үй зайгүй сайхан найзууд байсан хэрнээ архи уухаараа л хоорондоо хэрэлдэж зодолдохоос эхлээд олон зүйлд бүтэлгүйтэж, сүүлдээ арчаагүй байдалд ордог. Өнөөдөр Монгол орон хөгжиж байна, залуус маань соёлтой боловсон болж байна гэдэг ч энэ нийгмийн нөгөө талд архидалт маш их байгаа гэдгийг бүгд мэднэ. Тиймээс хүмүүс аливаа зүйлд өнгөцхөн хандах бус, нэг уран бүтээл байлаа гэхэд цаад далд санаа нь юу вэ гэдгийг ухаж ойлгодог байгаасай гэж боддог.
-Магадгүй хошин шог үзэж, хөнгөн инээсээр байгаад хүмүүс урлагийг ч бас тэр хэрээр ойлгодог болчихсон юм болов уу. Мөн дээрээс нь хошин урлагийн жүжигчид тоглосон учраас тэгж нөлөөлөв үү?
-Хүмүүс өнөөдрийн нийгмийн уур бухимдал, алжаал ядаргаагаа тайлах гэж хошин урлагийн тоглолтыг зорин ирдэг гэж би боддог. Юу ч бодохгүйгээр сайхан инээхийг хүсээд, зориод ирсэн хүмүүсийн оюуны бяр, чадлыг заавал шавхах албагүй биз дээ. Гэхдээ бас хошин шогийг зүгээр л нэг хөнгөн хийсвэр инээд гэж хэлж болохгүй. Яагаад гэвэл тэр инээдний цаана хүнд хэрэгтэй далд санаанууд агуулсан үзүүлбэр олон байдаг. Гагцхүү тэр санааг олж хардаг ч хүн байгаа, харахгүй нь ч бас бий.
-Урлагийнхан нийгмээсээ түр үүлж алхах ёстой гэдэг шүү дээ. Танай продакшныхан ирээдүйд “Х ТҮЦ”-ийн ах, эгч нар шигээ тайз, дэлгэцийн томоохон хэмжээний бүтээл “барьж” авахаар төлөвлөсөн зүйл байна уу?
-Уран бүтээлчид үзэгчдийнхээ юу хүсэж, сонирхож байгааг мэдрэх нь чухал. Эдийн засгийн хямрал, замын түгжрэл гэхчилэн гудамжаар дүүрэн бухимдалтай яваа хүмүүсийг эхлээд инээлгэе л дээ. Бухимдлаа тайлах гэсэн хүмүүст нэг бол үзвэр үйлчилгээ үзэх, эсвэл баар, цэнгээний газарт очих гэсэн хоёр сонголт л байдаг юм биш үү. Өчигдөрхөн би Б.Батзаяа ахтай уулзлаа. Тэгсэн манай хүн “Сүүлийн үеийн кинонуудыг үзсэн чинь баахан бухимдаад, дарамтад орчихлоо. Харин дараа нь “Шарга даага” гэдэг кино үзээд арай тайвширлаа” гэсэн. Үнэн шүү дээ. Одоогийн хийж байгаа ихэнх кинонд цус нөж, алаан хядаан, атаа жөтөө, мөнгөний төлөөх тэмцлийг үзүүлж байна. Урлаг бол нийгмийн толь гэдэг учраас манай продакшнынхан ч уран бүтээлээрээ дамжуулан хүмүүсийг зөв тийш нь залж чиглүүлэхийг зорьдог. Нийгэмд зөв хандлагатай мессеж хүргэхийн тулд хоёр дахь тоглолтоо “Амьдралд стресс хэрэггүй” гэж нэрлэснийг хүмүүс мэдэж байгаа болов уу. Ер нь бол амьдралд стресс хэрэггүй ш дээ.
-Та хамгийн сүүлд хэзээ маш их бухимдсанаа санаж байна уу?
-Санахгүй байна. Болж өгвөл уурлаж бухимдахгүй байхыг хичээдэг болсон. Тэртээ тэргүй надаас шалтгаалахгүйгээр нийгэм, орчин тойрон, улс эх орны эдийн засгийн хямрал гээд олон зүйл биднийг тал талаас бүчиж аваад байхад түүнийг дагаж бухимдах хэрэгг үй гэдгийг ойлгосон. Тэгж насаа богиносгохын оронд арай өөр зүйл бодож амьдармаар байна шүү дээ.
-Өөр зүйл гэхээрээ тухайлбал, юу бодож байна вэ?
-Олон зүйл байна аа (инээв). Гэр бүл, үр хүүхдийнхээ тухай, гоё уран бүтээлийн сэдэв, санаа бодох хүртэл сайхан шүү дээ. Анзаараад харвал амьдралд гэрэл гэгээтэй зүйл маш олон.
-Муу амлаж байна гэж бүү бодоорой. Эдийн засгийн хямрал яван явсаар ард түмний амьдрал тартагтаа тулж, хүссэн тоглолтоо хүртэл үзэж чадахгүйд хүрлээ гэж бодъё. Тэгсэн ч гэсэн сэтгэлээсээ инээхийг хүссэн 200 хүн цуглаад танай тоглолтыг үнэгүй үзье гэвэл “Эмоци” тэдэнд зориулж тоглох уу?
-Яалаа гэж дээ. Та дэлгүүрт ороод үнэгүй талх авдаггүй биз дээ. Түүнтэй л адилхан. Үзвэр үзэх гээд ирж байгаа бол мөнгөө төлөх л ёстой. “Би өнөөдөр мөнгөгүй байна, тиймээс үнэгүй тоглолт үзье” гээд ирнэ гэж байх уу. Би гайхаж байна. “Би өлсөөд байна, үнэгүй талх өгөөч” гэхээр нь май гээд өгчихдөг худалдагч байхгүй шүү дээ. Тэгээд ч талх авч идэх гэж байгаа бол мөнгөө төлөх л ёстой гэдэг ухамсар тэр хүмүүсийн толгойд байгаа байх.
-Талхны худалдагчаас урлагийнхан арай илүү зөөлөн сэтгэлтэй байх болов уу л гэж бодсон юм.
-Үгүй л дээ. Арга хэлбэр нь л өөр болохоос бид ялгаагүй амьдралаа залгуулах гэж байгаа бизнесийн байгууллага. Гэхдээ яаж ч дордлоо гээд улс орон, ард түмэн маань арай тиймдээ тулахгүй байлгүй дээ.
-Ямар нэг баг зүүлгүй үнэнээр нь хариулсанд баярлалаа.
-Үнэн хариулт авах гэж асуугаагүй юм уу?
-Тийм л дээ. Таныг хүүхдийн төлөөх янз бүрийн арга хэмжээ, хандив, сайн үйлсийн аянд идэвхтэй оролцдог болохоор л ингэж асуусан юм. Хамгийн сүүлд гэхэд л “Мөстэй усны дуэль”-д оролцсон байсан.
-Дээрх асуултын тухайд бол арай өөр л дөө. Хүнд, тэр тусмаа хүүхдэд туслах сайхан шүү дээ. “Хүүхэд, нохой хооллох сайн” гэж монголчууд ярьдаг. Хоёр жилийн өмнө би Цусны төв, нэгэн ТББ-тай хамтарч цусаа хандивлах аяныг орон даяар эхлүүлж, биеэрээ оролцсон юм. Энэхүү аян маш амжилттай хэрэгжиж, сүүлдээ Ерөнхийлөгчийн ивээлд орсон нь их сайхан санагдаж байгаа. Сая есдүгээр сарын 1-нд гэхэд л манай продакшны уран бүтээлчид “Нэгүн” студийнхэнтэй хамтран алслагдсан дүүргийн олон хүүхдэд хичээлийн хэрэгсэл, цүнх бэлэглэлээ. Хоёр, гурван хүүхэд нь сургуульд сурдаг, амьдралын боломжгүй айлууд өнөөдөр олон байна. Дэвтэр, номоо шар гялгар торонд хийгээд хичээлдээ явж байгаа тэдгээр хүүхдийг өнгөрсөн жил хараад сэтгэл их шимширсэн. Тэгээд энэ жил тусалсандаа баяртай байгаа.
-“Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр” гэсэн үг бий. Тусыг та ер нь юу гэж боддог вэ. Хүнд тус хүргэхийн тулд заавал тэвдэж явахыг нь хүлээх ёстой юм уу?
-Тусыг би эргээд хариу нэхдэг, нэхдэггүй гэдгээрээ ялгаатай гэж боддог. Хариу нэхдэггүй тус л хамгийн сайхан нь. Бид ажил, амьдралын шаардлагаар хүн болгонд байнга тус хүргээд байж чадахгүй. Гэхдээ үнэхээр тусламж хэрэгтэй байгаа хүүхдүүдэд бол заавал сэтгэл гаргах ёстой юм. Өнгөрсөн жил бид “Модны 2”-т байдаг нэгэн асрамжийн газарт өдрийг өнгөрүүлсэн. Эцэг, эх нь орхиод явчихсан хөгжлийн бэрхшээлтэй тэр хүүхдүүдийг өөрийн төрсөн үр мэт 24 цагийн турш асарч сувилдаг багш нарыг хараад үнэхээр биширсэн. Зүгээр нэг бэлэг өгөөд явах бус, тэндхийн хүүхдүүдийг эмнэлэгт аваачиж үзүүлээд, орой нь багш нарыг нь тоглолтдоо урьсан. Тэр бүхний хариуд “Баярлалаа” гэсэн үг сонсоод, сайхан энерги авах амьдралын бас нэг утга учир юм даа.
-Таны амьдралд мартагдахааргүй тусыг хэн хүргэж байсан бэ?
-Яг тэр гээд хэлэх гэхээр одоо шууд санаанд орж ирэхгүй байна. Гэхдээ надад их тус хүргэж байсан сайхан ах, эгч олон бий. Сандарч тэвдэж явахад минь гараа сунган тусалсан тэр хүмүүсийг хэзээ ч мартах учиргүй л дээ. Хүн ирээдүйд хэн ч болсон бай хамаагүй, урьд нь ямар байснаа мартаж болохгүй гэж боддог. -Та их мартамхай хүн байх аа? -Гайгүй шүү. Яаж байна.
-“Боловсрол” суваг телевизийн “Та тавдугаар ангийн хүүхдээс ухаантай юу” нэвтрүүлэгт ороход тэгж бодогдсон юм.
-Аан. Тэр чинь их олон жилийн дараах хичээлийг надаас асууж байгаа юм чинь мэдэхгүй байх нь аргагүй шүү дээ (инээв). Хожсон мөнгө нь хүүхдүүдийн төлөөх сайн үйлсэд зориулагддаг гэхээр нь яваад оччихсон чинь намайг тавдугаар ангийн хүүхдээс “ухаан муутай” болгоод балласан. Би гэдэг хүн угаас хүүхдийнхээ хичээлийг давтуулах гэхээр чаддаггүй байхгүй юу. Яагаад гэхээр бидний үеийнхний сургалтын хөтөлбөр, одоогийнхоос тэс өөр. Тоглодог тоглоом, хүсэл сонирхол нь хүртэл өдөр, шөнө шиг ялгаатай юм байна шүү дээ.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Би гурван хүүтэй. Том маань одоо арваннэгдүгээр анги. Хүүтэйгээ ч уулзалдаж тухтай ярилцах зав алга. Хоёулаа завгүй хүн хоёр тийш гараад явдаг.
-Таныг урлагийн замд анх оруулсан хүн хэн бэ?
-Би өөрөө. Манайхан дотор урлагийн хүн ганц ч байхгүй. Аав маань багш, ээж эмч учраас урлагаас хол. Харин би багаасаа урлагийн хүн болохыг мөр өөдсөөр сургуулиа төгсөөд, СУИС-д шалгалт өгөөд, тэнцэж байлаа.
-Ингэхэд таныг хөхний олон даруулганы цуглуулгатай гэж дуулсан.
-Байгаа байгаа. Өнгөрсөн хавар манайхныг Ховд аймагт тоглолтоор явж байхад тайзны арын өрөөнд хулгайч орсон юм. Тэмкагийн гоё пүүз, Баатархүү ахын десант хувцас гэхчилэн олон хүн хувцсаа алдсан байхад миний цүнхэнд гар хүрээгүй байсан. Яагаад гэхээр дотор нь дандаа л эмэгтэй хүний хувцас байгаа юм чинь. Авгай стилийн цамц, өмд, юбка, эмээ парик, хөхний даруулга байхаар хэн тоож хүрэх вэ дээ.
-Та тэгээд тэр хувцаснуудаа хаана хадгалдаг вэ. Эхнэр, нөхөр хоёрын хөхний даруулга солигдож, холигдоод хөглөх үе байв уу?
-Үгүй үгүй. Ажлын хувцас бол ажлынх. Гэрийнх бол гэртээ.
Л.ГАНЧИМЭГ