Эртний түүхт Израилийн нутгаас хавирган сар шиг хэлбэртэй, юу байсан нь үл мэдэгдэх аварга том чулуун байгууламжийн туурь олсноо археологичид зарлалаа. Галилейн тэнгисээс баруун хойд зүгт ойролцоогоор 13 км зайд сүндэрлэж асан тэрхүү байгууламж 14 мянгаад шоо метр талбай эзэлж, 150 гаруй метр урт сунаж тогтсон байжээ. Энэ нь хөлбөмбөгийн талбайн дайтай гэсэн үг. Харин өндөр нь 7-10 метр байсан бололтой. Хагас саран байгууламжийг МЭӨ 3050-2650 оны хооронд барьсан гэж судлаачид үзэж байна. Хэрэв баттай бол энэ нь Египетийн их сац суваргууд болон Английн алдарт Стоунхенжээс ч өмнө баригдсан болж таарна.