Европын хамгийн чанаргүй замтай орны нэг гэгддэг Литва улс энэ намрын борооноор шалбаагтаа “живж” буй тухай иргэд нь гомдоллож байна. Харин хэсэг залуус зүгээр ч нэг гомдоллож, эрх баригчдаа шүүмжилж суулгүй фэйсбүүк хуудаснаа Z999 нэртэй групп нээж, “цоорхой” зам дээр үүссэн тогтоол усанд “загасчилж”, “сэлж шумбан” байгаа гэрэл зургуудаа нийтэлж эхэлжээ. “Эрх баригчдыг ичтэл элэглэнэ” уриатай тэдний олонх нь Литвын хоёр дахь том хот Каунасын оршин суугчид гэнэ.
Литва улс замын аюулгүй байдлаараа Европын холбооны гишүүн орнуудаас хамгийн муу үзүүлэлттэй нь юм. Европын бусад улсад жилд дунджаар сая хүн тутмын 55 нь автомашины осолд өртдөг бол тус улсад энэ тоо 100 хүрдэг байна.